Search

Олон нийтэд танигдсан компанийн нэрээр хуурамч хаяг нээж, залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1471

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“NARAN Fans” гэх Фэйсбүүк хуудсаас “Сайн байцгаана уу, @Naran-ийн төрсөн өдрийг тохиолдуулан 2025 оны 6-р сарын 15-наас өмнө манай PAGE хуудсанд “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичсэн хүн бүр онцгой бэлгийн уут, бэлэн мөнгө, худалдан авалтын эрхийн бичгийг авах болно. Амжилт хүсье” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Наран Трейд” ХХК-ийн олон нийтэд танигдсан нэр хүнд, брэндийн логог ашиглан хуурамч хаяг үүсгэж, ууттай бэлэг, бэлэн мөнгө амлаж, богино хугацаанд хандалтаа өсгөх залилангийн шинжтэй пост нийтэлжээ

2025 оны зургадугаар сарын 11-нд “NARAN Fans” гэх Фэйсбүүк хуудсаас “Сайн байцгаана уу, @Naran-ийн төрсөн өдрийг тохиолдуулан 2025 оны 6-р сарын 15-наас өмнө манай PAGE хуудсанд “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичсэн хүн бүр онцгой бэлгийн уут, бэлэн мөнгө, худалдан авалтын эрхийн бичгийг авах болно. Амжилт хүсье” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Тус пост 2,000 гаруй реакц, 3,500 сэтгэгдэл авч, 12 мянга гаруй удаа цааш түгээгджээ.

Хаяг шалгах нь

“NARAN Fans” пэйжийн ил тод байдлын төлөвийг (Page transparency) үзэхэд 2025 оны зургадугаар сарын 10-нд нээгдсэн шинэ пэйж байгаагаас гадна пэйжийн танилцуулга хэсэг нь хоосон байна.

Харин “Наран Трейд” ХХК-ийн албан ёсны Facebook хуудсыг харвал байгууллагын утас, и-мэйл хаяг, вэбсайтын холбоос, байршил зэрэг мэдээллийг харж болно.

Зургаар хайх нь

Нийтэлсэн зургийг Google Lens хайлтын систем ашиглан хайж үзэхэд интернэт орчинд түгээмэл тархсан, тэр дундаа шалгасан посттой ижил “бэлэг өгнө” гэх агуулгаар гадаад хэл дээр түгжээ.

Агуулгыг нягтлах нь

Тус постын сэтгэгдэл хэсэгт “Ялагч болоход тавигдах шаардлага: Миний хуудсыг дагаарай, Нийтлэлд лайк дарна уу, Энэ постыг 5-10 фэйсбүүк групп эсвэл найзууддаа шэйрлэ. Амжилттай бол манай хамт олон танд хувийн мессеж илгээх болно. Одоо мессежээ шалгаарай” гэжээ. Үүнээс харахад шинээр нээсэн хаягийнхаа хандалтыг өсгөх зорилготой нь харагдаж байна. 

Залилан хийж буй хаягууд амар хялбар үйлдэл хийгээд бэлэг авах боломжтой мэтээр пост оруулдаг. Ингэхдээ азтан шалгаруулах бус хүн бүрд өгнө гэх агуулгыг дурддаг нь аль болох олон сэтгэгдэл бичүүлж, түгээх зорилготой. Хандалт ихтэй байх нь хэрэглэгчдэд албан ёсны хаяг мэт ойлголт өгдөг.  Цахим орчинд хууран мэхлэх энэ төрлийн арга нь дөнгөж нээсэн цахим хаягийнхаа хандалтыг өсгөж, цаашлаад зар сурталчилгаа хүргэх, хаягаа худалдах зэргээр ашиг олох зорилготой байдаг. Харин ийм хуурамч нийтлэлд сэтгэгдэл бичиж, like дарснаар Facebook-ийн алгоритм цаашид үүнтэй төстэй постыг танд олон давтамжтай харуулж, хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Иймээс хамгийн түрүүнд тухайн хаягийг албан ёсны цахим хаяг мөн эсэхийг шалгах шаардлагатай. Мөн тухайн постын агуулгыг нягталж байх хэрэгтэй юм. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document