2025 оны 06 дугаар сарын 12-нд Batlish Dawaahvv нэртэй Facebook хэрэглэгч “АНХААР!! Монгол руу орж ирнэ комментуудыг нь орчуулж үзлээ. Асар их хохирол амсжээ хэнд ч хэрэггүй болохоос нь өмнө мулзал, шалзал Монгол руу гарга өөр гарцгүй гэж бичжээ. Тог тасарч агааргүй болж асар олон тахиа нь үхжээ Хятад” гэх гарчигтай бичлэг түгээжээ. Уг бичлэгийг 5900 гаруй реакц, 449 сэтгэгдлээр идэвхжүүлж, 25 мянга гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2023 оны 01 дүгээр сард Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсад (ӨАБНУ) цахилгаан тасарсны улмаас хүнсний салбарт ихээхэн хохирол учирчээ. Үүний нэг нь шувууны аж ахуй бөгөөд агааржуулагч ажиллахгүй болсны улмаас тахиа үй олноороо үрэгджээ. Шувууны аж ахуй эрхэлдэг Herman du Preez “Дор хаяж 40 мянга гаруй тахиа маань үрэгдсэн” гэжээ. Харин ӨАБНУ-ын хэмжээнд цахилгаан тасарснаас болж үрэгдсэн 10 сая гаруй тахиаг устгалд оруулсан байна.
Тэгвэл ӨАБНУ-д цахилгаан тасарсны улмаас 10 сая гаруй тахиа үрэгдэж, устгалд орсон үеийн бичлэгийн дууг нь устгаад, хоолой нэмж уншин, “Тог тасарснаас болоод үрэгдсэн энэ тахиануудыг Монгол руу гаргах гэж байна. Тахиа идэхдээ болгоомжтой байгаарай” гэх агуулгатайгаар түгээн төөрөгдүүлжээ. Иймд та аливаа зураг, бичлэг агуулсан мэдээнд хэрсүү хандаж, цахим орчинд зургаар хайх аргад суралцаарай.
Мөн энэ бичлэгийг гаднын нийгмийн сүлжээнд эх хувилбараар нь түгээснийг энд, энд, эндээс үзээрэй.