2025 оны 06 дугаар сарын 06 -нд Жүрмэд Занаа (архивласан хувилбар) хаягаас “УЛААН БУРХАНЫ ВАКЦИНТАЙ БОЛ ӨӨРӨӨ ӨВДӨХГҮЙ Ч БУСДАД ХАЛДВАР ТАРААДАГ НЬ ТУРШИЛТААР НОТЛОГДСОН ЮМ!!!” гэх мэдээллийг түгээжээ. Тус постыг нийт 138 реакцаар идэвхжүүлж, 50 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакциныг (MMR vaccine) Монгол Улсад нярайг 9 сартайд эхний тунг, 2 настайд хоёр дахь тунг хийдэг бөгөөд тухайн өвчний тархалт ихэссэн цаг үед нэмэлт тунг хийхийг зөвлөдөг. Тус вакцины эхний тунг хийлгэхэд улаанбурхан өвчнөөс 93%, гахайн хавдар өвчнөөс 78% , улаан эсэргэнэ өвчнөөс 97% сэргийлэх боломжтой бол, 2 дахь тунг хийлгэснээр улаан бурхан өвчнөөс 97%, гахайн хавдар өвчнөөс 88% сэргийлнэ гэж АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн сайтад оруулсан улаанбурхан өвчний эсрэг вакцины (MMR vaccine) тухай мэдээлэлд “Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэсэн хүн халдвар авах тохиолдол маш ховор байдаг… Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан үед өвчний шинж тэмдэг хөнгөн байх ба бусад хүмүүст тараах магадлал вакцин хийлгээгүй хүнтэй харьцуулахад бага юм“ хэмээн тайлбарласан байна.
Европын холбооны агентлаг Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс “Улаанбурхан өвчний тархалтыг хязгаарлах гол түлхүүр нь өндөр вакцинжуулалт юм...Улаанбурхан өвчин маш амархан тархдаг тул нийт хүн амны 95-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулснаар халдварын тархалтыг зогсооно” гэж зөвлөжээ.
Оксфордын Их Сургуулийн хэвлэлээс эрхлэн гаргадаг Эмнэл зүйн халдварт өвчин (Clinical Infectious Diseases) эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн “2001-2022 онд АНУ-д улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж чанар, хүндийн зэрэгт вакцинжуулалтын байдал, насны нөлөөлөл” судалгаагаар вакцин хийлгэсний дараа улаанбурханы халдвар авсан үед хөнгөн хэлбэрээр өвчилдөг ба өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өндөр вакцинжуулалтад хамрагдах нь чухал гэх дүгнэлт гаргажээ. Тус судалгаанд 2001-2022 оны хооронд АНУ-д бүртгэгдсэн улаанбурхан өвчний тохиолдлыг хамруулсан. Нийт 4056 тохиолдлоос 69% нь вакцин огт хийлгээгүй, 12 хувь нь вакцин хийлгэсэн, 19 хувь нь тодорхойгүй вакцин хийлгэсэн байна. Вакцин хийлгэсэн ч улаанбурханы халдвар авсан 93 тохиолдлыг нарийвчлан авч үзэхэд 11 нь анхдагч вакцин амжилтгүй (Primary vaccine failure-PVS), 76 нь хоёрдогч вакцин амжилтгүй болсон (Secondary vaccine failure-SVF) гэж ангилсан байна. Мөн PVF нь SVF-ээс илүү хүнд хэлбэрийн өвчлөлтэй байжээ.
- PVF(primary vaccine failure)- Вакцин хийлгэсний дараа бие махбод зохих дархлааны хариу урвалыг хөгжүүлээгүй тохиолдол.
- SVF(secondary vaccine failure)- анх үүссэн дархлааны хариу урвал цаг хугацааны явцад суларч, өвчнөөс хамгаалах чадвараа алдах тохиолдол.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс эрхлэн гаргадаг Emerging Infectious Diseases сэтгүүлд хэвлэгдсэн “Улаанбурхан өвчний хоёрдогч вакцинжуулалт амжилтгүй болсны дараа вирусийн халдвар дамжих” судалгаанд:
- SVF нь вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 6-26 жилийн дараа тохиолддог ба вакцин хийлгэсэн хүмүүсийн 2-10 хувьд,
- PVF нь 5 хувьд тохиолддог тухай оруулсан байна.
Мөн улаанбурхан өвчний эсрэг вакцины хоёр дахь тун эхний тунд биед дархлаа үүсээгүй хүмүүсийн 95 хувьд дархлаа үүсгэдэг тухай Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх хянах төвийн сайтад оруулсан улаанбурхан өвчний тухай мэдээлэлд дурджээ.
Шалгасан мэдээлэлд “Улаанбурханы вакцин хийлгэсэн хүн өөрөө өвдөхгүй ч бусдад халдвар тараадаг” гэж мэдээлсэн нь вакцин хийлгэсэн ч халдвар тараадаг гэх ойлголтыг өгчээ. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэсэн хүн халдвар авах тохиолдол ховор бөгөөд авсан тохиолдолд өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илрэх юм. Мөн бусдад халдвар тараах эрсдэл вакцин хийлгээгүй хүнээс бага байдаг.


