Search

“Иргэн бүрд тэтгэлэг олгоно” гэх залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1467

Ерөнхий агуулга

Гэр бүлийн тэтгэлэг, санхүүжилт олгоно гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Саяхан нээгдсэн, гадаад улсаас удирдаж буй хаягаас бусдын зургийг ашиглан тэтгэлэг өгнө гэж залилж, хувийн мэдээлэл авч байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 05 дугаар сарын 12-нд Хурдан санхүүжилт (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “2025 оны 3-р сарын 11-ээс 2025 оны 7-р сарын 28-ны хооронд Монгол Улсын иргэн бүр манай дэлхийн байгууллагаас Төв банканд үзүүлэх дэмжлэгийн хөтөлбөрт хамрагдах боломжтой. Гэр бүлийнхээ тэтгэлэгт хамрагдахын тулд {OK} дээр дарна уу” гэх мэдээлэл түгээжээ. Тус постыг нийт 483 реакц, 2200 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж 21 удаа цааш түгээсэн байна.

Хаягийг шалгаж, зургаар хайх

Хурдан санхүүжилт хуудас нь 2025 оны 03 дугаар сарын 14-нд нээгдсэн, нийт 28 дагагчтай ба танилцуулга хэсэгтээ бизнесийн төв гэх ангилал сонгосон байна. Хуудаст танилцуулга бүхий ерөнхий мэдээлэл огт оруулаагүй. Пэйжийн админы мэдээллийг шалгахад Бенин улсаас хоёр админ удирдаж байгааг доорх зурагт харууллаа.

Мөн Хурдан санхүүжилт хуудаст оруулсан зургийг Google Lens хайлтын системээр хайхад Пүрвээгийн Цэцэгмаа гэх хаягт нийтэлсэн зураг илэрцээр гарч ирлээ. Үүнээс харахад бусдын зургийг ашиглаж, саяхан нээгдсэн, гадаад улсаас удирдаж буй хуудаснаас санхүүжилт олгоно гэх мэдээлэл түгээж буй нь залилангийн шинжтэйг харуулж байна.   

Агуулгыг нягтлах

Шалгасан мэдээлэлд “Монгол Улсын иргэн бүрд манай дэлхийн байгууллагаас төв банканд үзүүлэх дэмжлэгийн хөтөлбөрт хамрагдаж болно” гэж дурдсан. Энэ нь бидний өмнө баримтаар шалгасан залилангийн посттой яг ижил тексттэй байна. “Манай дэлхийн байгууллага” гэж оруулсан боловч уг хуудаст байгууллагын нэр, холбогдох дугаар, санхүүжилт олгож буй хөтөлбөрийн нэр зэрэг ерөнхий мэдээлэл огт оруулаагүй байна. Аль байгууллагаас санхүүжилт өгөх нь тодорхойгүй, санхүүжилт, тэтгэлгийн шалгуур үзүүлэлт зэрэг зүйлсийг огт дурдаагүй. Нээлттэй мэдээлэл оруулаагүйгээс гадна зөвхөн чатаар холбогдохыг уриалж байгаа албан ёсны байгууллага биш гэдгийг харуулж байна. 

Бид дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор тус хуудас руу чат бичихэд овог нэр, иргэний үнэмлэхийн зураг, дансны дугаар, оршин суух хаяг гэх мэт хувийн мэдээллээ бөглөж явуулахыг хүссэн. Аливаа залилангийн шинжтэй мэдээлэл нь “хүн бүр хамрагдах боломжтой, мөнгө авахын тулд чат бичээрэй, мөнгө шилжүүлээд өсгөж аваарай” гэх мэт агуулгатай түгдэг. Иймд их хэмжээний мөнгө амласан постод итгэж, хувийн мэдээллээ өгч болохгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Гэр бүлийн тэтгэлэг, санхүүжилт олгоно гэх мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document