Search

1072 хувьцааг одоогоор өвлүүлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1466

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

1072 хувьцаа болон түүний ногдол ашгийг  хууль ёсны өв залгамжлагч авч болно гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа хоёрдогч зах зээлд нээлттэй болоогүй учир одоогоор зарах, бэлэглэх, өвлүүлэх боломжгүй юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 06 дугаар сарын 02-нд Цаг үеийн мэдээ мэдээлэл (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Нас барсан хүний эзэмшиж байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон түүний ногдол ашиг (мөнгөн ашиг)-ийг тэр хүний хууль ёсны өв залгамжлагчид шүүхээр нэхэмжлэх эрхтэй буюу авч болно” гэх мэдээллийг түгээжээ. Тус постыг нийт 221 реакц, 68 сэтгэгдлээр идэвхжүүлж, 64 удаа цааш түгээжээ.

Бид 1072 хувьцааны мэдээллийн төвөөс хувьцааг өвлүүлэх, шилжүүлэх боломжтой эсэхийг лавлахад “Иргэд өвлөх, өвлүүлэх талаар сүүлийн үед асуух болсон. Хувьцаа хөрөнгийн зах зээлд гараагүй. Өвлөж авах, зарах, бэлэглэх эрх зүйн үндэслэл үүсээгүй байна” гэх мэдээллийг өгсөн.

2012 оны Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолын гуравдугаар зүйлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хувьцааг саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжид худалдах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй” гэж тогтоосон байдаг. Тус тогтоолыг Улсын Их Хурлын 2010 оны 39 болон 2011 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гаргажээ.

Баримт нэн тэргүүнд сүлжээний гишүүн iToim, GoGo мэдээллийн сайтад 1072 хувьцаа дотоодын зах зээлд нээлттэй болсон тохиолдолд зарах, шилжүүлэх, өвлүүлэх эрх үүсэх тухай мэдээлж байжээ. Тухайлбал, iToim сайтын мэдээлэлд хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж “ЭТТ ХК нь хөрөнгийн зах зээл дээр хаалттай компани. 1072 хувьцаа дотоодын зах зээл дээр нээлттэй болсон тохиолдолд зарах, шилжүүлэх, бэлэглэх,өвлүүлэх эрх үүснэ. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 1-ээс хойш нас барсан иргэдийн хувьцааг эрх бүхий хүн нь өвлөж авах эрхтэй болно…” гэж хэлжээ.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн сайтад 2022 оны 01 дүгээр сарын 18-нд тус компани Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан тухай мэдээллийг хүргэжээ. Тус мэдээлэлд санамж бичгийн хүрээнд 1072 хувьцааг эзэмшиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хувьцааны бүртгэл, тоо ширхгийг баталгаажуулах, ногдол ашгийг олгох, нэмж хувьцаа эзэмшүүлэх, өвлүүлэх эрхийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах тухай мэдээлсэн. Гэвч үүнээс хойш Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа хөрөнгийн биржид нээлттэй болсон эсэх, хувьцааг өвлүүлж болох тухай албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг албан ёсоор хоёрдогч зах зээлд гаргаагүй учир одоогоор бусдад зарах, шилжүүлэх, бэлэглэх, өвлүүлэх боломжгүй юм. Зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдаалах боломжтой. Харин 1072 хувьцаа хоёрдогч зах зээлд нээлттэй болсны дараа Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэх юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

1072 хувьцаа болон түүний ногдол ашгийг  хууль ёсны өв залгамжлагч авч болно гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document