Search

2023 онд БНСУ-д саатуулагдсан аав, хүүгийн тухай мэдээллийг төөрөгдүүлсэн агуулгатайгаар дахин түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1465

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

БНСУ-д аав, хүү хоригдсон хүнд нөхцөлд байгаа тухай мэдээллийг түгжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тус үйл явдлыг 2023 оны зургаадугаар сарын 14-нд БНСУ-д мэдээлж байсан ба ГХЯ-наас энэ үйл явдлыг 2023 онд болж байсан тухай дахин мэдээлсэн.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны зургаадугаар сарын 04-ний өдөр Facebook-т Бүгд Найрамдах Солонгос улсад аав, хүү хоёр хоригдсон тухай мэдээлэл түгэн өндөр хандалт аваад байна. Тус мэдээлэлд тэмдэглэснээр “БНСУ-ын хууль хяналтын байгууллага гадаад иргэдийг баривчилгаа нэрийн доор орон гэрээс баривчлах, бага насны хүүхдийг насанд хүрэгчдийн хорих ангид хорьсон Хууль Зүйн яам, Сувон иммегрэшн CCTV ( камерын бичлэг) задарчээ. Уг бичлэгт Монгол Улсын иргэн 2 настай хүүхдийн хамт 19 хоног хоригдсон” гэх агуулгатай мэдээлэл түгжээ (энд, энд бас энд).

Мэдээлэлд аав хүү хоёр шалан дээр дэвссэн дэвсгэр дээр тэврэлдэн хэвтэж буйг харуулах ба БНСУ-д хоригдсон гэх үйл явдал нь 2023 онд болсон үйл явдал болохыг бид баримт шалгалтаараа харуулсан.

Мэдээллийг эх сурвалжийг нягтлахад 2023 оны зургадугаар сарын 14-нд түгсэн мэдээлэл байна

Бид аав хүү хоёр хоригдсон тухай мэдээллийг хайж үзэхэд 2025 оны зургаадугаар сарын 04-нд “Монгол багшийн онлайн тэмдэглэл” нэртэй Facebook хуудас 2023 оны мэдээллийг дахин түгээсэн нь (архивласан хувилбар) Facebook-т хэд хэдэн мэдээллийн суваг, пэйжүүдэд нягтлагдаагүй түгээгдэхэд нөлөөлсөн байна.

Монгол багшийн онлайн тэмдэглэл хуудас нь онлайн орчин дахь пост, мэдээллийг дамжуулан түгээдэг ба Өмнөд Солонгост дахь амьдралын талаар мэдээлэл түгээдэг байна. Тус хуудаст хоригдсон аав, хүү хоёрын талаар бичихдээ “Нэгэн иргэн БНСУ-ын телевизийн мэдээг тоймлон бичжээ. Тэрбээр “Баривчилгаа үнэхээр ширүүн байна. БНСУ-ын хууль хяналтын байгууллага гадаад иргэдийг баривчилгаа нэрийн доор орон гэрээс баривчлах, бага насны хүүхдийг насанд хүрэгчдийн хорих ангид хорьсон Хууль Зүйн яам, Сувон иммигрэйшн CCTV (камерын бичлэг) задарчээ. Уг бичлэгт Монгол Улсын иргэн 2 настай хүүхдийн хамт 19 хоног хоригдсон. Тухайн хүү хүнд өвчтэй хагалгаанд орох заалттай байсан ч үл тоомсорлосон, 2-ч удаа бие нь муудахад тусламж үзүүлээгүй… Хамгийн харамсалтай нь ХҮҮГ ААВТАЙГАА хоригдох үед Монголын талаас шуурхай арга хэмжээ огт аваагүй, Монгол хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар манай улсаас БНСУ-д ямар нэг шаардлага хүргүүлээгүй бололтой” хэмээсэн байна.

Гэвч энэ үйл явдал нь 2023 оны зургаадугаар сарын 14-нд БНСУ-ын MBC News-ийн мэдээний хөтөлбөрөөр цацагдаж байсан ба тус сувгийн мэдээнд хоригдсон аав, хүү хоёрын байдлын талаар “Толгой гудайлган, хоол ч идэж чадахгүй‥ 19 хоног хоригдсон хоёр настай монгол хүүхэд” хэмээх гарчигтай мэдээ бэлтгэж байжээ. Тус мэдээнд дурдсанаар, Визний хугацаа нь дууссан нэгэн монгол залууг гадаадын иргэдийг хамгаалах байранд саатуулаад байсан бөгөөд тэрээр уушгины өвчтэй, дутуу төрсөн хоёр настай хүүхэдтэй байжээ. Танихгүй, тусгаарлагдсан орчинд орхигдсон хүүхэд хоол, хүнсгүйгээр өвдөж, улмаар тэднийг албадан нутаг буцаасан тухай мэдээлсэн байна гэжээ.

Аав, хүү хоёр хоригдсон тухай сурвалжлага, Эх сурвалж: MBC News

Тухайн үед ГХЯ болон MBC News үйл явдлын талаар мэдээлж байсан

Тухайн үед MBC News-ийн мэдээлснээр аав, хүү хоёр визний хугацаагаа хэтрүүлэн оршин сууж байхдаа БНСУ-ын хуулийн байгууллагынханд саатуулагдсан байна. Үргэлжлүүлэн тус мэдээнд “Аавын өгүүлснээр, хамгаалах байранд томчуудын хоолтой ижил, кимчи зэрэг халуун ногоотой хүнс өгдөг байсан тул хүүхэд идэж чадахгүй, улмаар хоёр өдөр хоолгүй өнгөрөөжээ” гэж мэдээлж байжээ. Саатуулагдсан аав гурван жилийн өмнө жирэмсэн эхнэрийн хамт БНСУ-д ирж дутуу төрсөн, уушгины эмгэгтэй хүүхдээ эмчлүүлэх зорилгоор эх орондоо буцах хугацаагаа хойшлуулсан гэж тайлбарласан байна. Улмаар визний хугацаа дууссан ч БНСУ-д хууль бусаар оршин суусаар байсан аавыг жолооны үнэмлэхгүйгээр автомашин жолоодож явах үед нь цагдаагийн байгууллагаас саатуулж, хүүгийн хамт гадаадын иргэдийг хамгаалах байранд байрлуулжээ.

2023 онд тухайн мэдээлэл олон нийтэд түгэх үед Гадаад Харилцааны яам тус хэрэг явдал нь 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд болсон тухай мэдээлж байжээ. Хэргийн талаар ГХЯ тодруулан мэдэгдэхдээ хүүхдийг асран хамгаалах хүн байхгүй байсан тул аавтай нь хамт байлгасныг онцлохын зэрэгцээ:

“Солонгос дахь манай Консулын алба тухайн үед нэлээд анхаарал хандуулж ажиллаж байсан. Солонгосын Цагаачлалын албанаас зөвшөөрөл авч хүүхдийг авч эмнэлэгт үзүүлж байв. Хүүхдийн эрүүл мэнд ноцтой зүйлгүй хэвийн, хагалгааны заалтгүй гэсэн мэдээлэл өгч байсан.”

Мөн өнөөдөр буюу энэ аав, хүү хоёрын тухай мэдээлэл дахин түгсэн өдөр ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа Facebook хаягаараа 2023 онд болсон үйл явдал болохыг дурдан “Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэн болон хүүхдийн эрхийг хамгаалах талаар өмгөөлөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хэргийг гадуур шалгах зэрэг хүсэлтийг тавьж шийдвэрлүүлсэн болно.” хэмээн мэдээлжээ.

Албан эх сурвалж болон БНСУ-ын хэвлэл мэдээлэлд мэдээлснээр 2023 онд саатуулагдсан хүү хагалгааны заалтгүй байсан ба ГХЯ-наас БНСУ-ын Цагаачлалын албатай холбогдон өмгөөлөл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

БНСУ-д аав, хүү хоригдсон хүнд нөхцөлд байгаа тухай мэдээллийг түгжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document