2025 оны зургаадугаар сарын 2-ны өдөр ChagNews нэртэй хуудаснаас “Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 63 хувь нь: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа үргэлжлүүлэн хийж, Үндэсний баялгийн сантай холбоотой бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ” гэсэн гарчигтай “Монгол Улс түүхэндээ анх удаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай УИХ-ын санал хураалтын өмнөхөн явагдсан шинэ судалгаагаар олон нийт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүчтэй дэмжиж, ерөнхийлөгчийн засаглал руу шилжихийн эсрэг байгааг харуулжээ” гэх агуулгаар пост нийтэлжээ. Мөн уг мэдээлэлдээ Sancrox Political Advisory судалгааны хэсгээс эшилсэн тоон үзүүлэлтүүдийг хавсаргасан байна. Уг пост 208 реакц, 45 сэтгэгдэл авч, 271 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу тухайн мэдээллийн агуулгыг нягталлаа. Шалгаж буй мэдээлэл дурдсан Sancrox Political Advisory нь улс төрийн нам, байгууллага, удирдагчдыг кампанит ажил, сонгууль зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөгөө өгдөг байгууллага байна. Тодруулбал, Sancrox Political Advisory нь:
- Олон нийтийн санал бодлын судалгаа,
- Сонгогчдын сегментийг тодорхойлох,
- Сонгуулийн стратеги боловсруулах,
- Мессеж боловсруулах зөвлөмж,
- Сонгуулийн кампанит ажлын төлөвлөгөө ба хэрэгжилтийн чиглэлээр улс төрийн намууд, нэр дэвшигчид, болон бусад байгууллагуудад үйлчилдэг.

Өөрөөр хэлбэл Sancrox Political Advisory нь мэргэшсэн судалгааны байгууллага гэдэг нь тодорхой бус ба улс төрийн нам, нэр дэвшигч, байгууллагад компанит ажил, пиар (PR), сонгуулийн сурталчилгаа хийхэд зөвлөмж өгөх зорилготой байгууллага болохыг танилцуулгаас харж болохоор байна.
Түүнчлэн уг байгууллагаас гаргасан гэх судалгааг 2025 оны тавдугаар сарын 28–30 хооронд 1,140 хүнийг хамарсан асуулгын хүрээнд явуулж, зургаадугаар сарын 1-нд PR Newswire сайтад байршуулжээ. Ингэхдээ судалгааны түүвэрлэлт, арга зүй, мэдээлэл цуглуулалтын аргачлал, боловсруулалт зэрэг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийг тодорхой дурдаагүй, зөвхөн асуулгыг л мэдээлсэн байна. Түүнчлэн графикт англи, монгол хэлээр хольж бичсэн нь мэргэжлийн судалгааны байгууллагын үр дүн гэхэд эргэлзэх сэжим болжээ.

Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн сан-д 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн 2,121,100 хүн, саналаа өгсөн 1,463,800 хүн бүртгэгдсэн байна. Sancrox Political Advisory-аас гаргасан энэхүү судалгааны асуулгад 1140 хүн хамрагдсан гэсэн нь 1.4 сая сонгогчийг төлөөлөх боломжтой. (Зөвшөөрөгдөх алдааны хэмжээ /Margin of Error/ ±3%, Итгэлцлийн түвшин /Confidence Level/ 95%)
Хамгийн гол нь уг судалгааны арга зүйг дэлгэрэнгүй мэдээлээгүй, цаашлаад бүс нутаг, нас, хүйс зэргийг оновчтой тусгаж санамсаргүй түүврийг авсан эсэх, мөн судалгааны асуултууд төвийг сахисан гэхээсээ илүүтэй хөтөлсөн хувилбарууд байна. Жишээлбэл, “Дараах хувилбаруудын алийг нь илүүд үзэх вэ” гэсэн асуултын хариултад “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай хамтарсан Засгийн газар”, “Ерөнхийлөгчөөс томилдог Ерөнхий сайдын байгуулах МАН-ын Засгийн газар” гэх үндсэн хоёр хувилбарыг “аль нь ч биш”, “мэдэхгүй” гэсэн сонголттойгоор өгжээ. Энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрыг Ерөнхийлөгчөөс томилох тухай заалт байхгүй тул үлдсэн нэг хувилбарыг сонгох нөхцөл үүсгэх боломжтой юм.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.




