2025 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Eco Car Mongolia” нэртэй Facebook пэйж “Эко чип 25к боллоо. Бензин систем зөв горимд оруулж, их идэхээс сэргийлж, багасгана. Бензин идэлт хэвийн горимд оруулна “ гэх агуулгатай бичлэг түгээжээ. Тус бичлэг 1,200 гаруй реакц, 1,100 гаруй сэтгэгдэл авч, 672 удаа цааш түгээжээ.
Тус эко чипийг “Hybrid батарей цэнэг авалт тогтворжуулж нурахаас сэргийлнэ, догол, эвдрэл гэмтлээс сэргийлж мотор хамгаална, машины компьютер, цэвэрлэж чек асахаас сэргийлнэ” зэрэг ач тустай гэжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Effuel ECO OBD2 нь автомашины шатахуун зарцуулалтыг бууруулах, түлшний хэрэглээг илүү хэмнэлттэй болгоход зориулагдсан гүйцэтгэлийн чип бөгөөд автомашинд суурилуулахад хялбар” хэмээн сурталчилдаг
“Effuel” ECO OBD2 төхөөрөмжийг анх 2020 онд зах зээлд танилцуулсан бөгөөд 2021 оны эхээр олон улсын хэрэглэгчдэд өргөнөөр худалдаалагдаж эхэлсэн байна.
GlobeNewswire мэдээллийн платформд дурдсанаар “ECO OBD2 төхөөрөмжийг иргэдийн шатахууны зардлыг бууруулах хэрэгцээ шаардлагад тулгуурлан бүтээсэн бөгөөд төхөөрөмжийг суулгахад маш энгийн. Төхөөрөмжийг OBD2 портод залгаж, автомашины ECU (цахим удирдлагын систем)-д нөлөөлөн, шатахуун зарцуулалтыг оновчтой болгоход чиглэсэн” гэжээ.
Мөн Walmart-ийн албан ёсны вэбсайт дээр тус төхөөрөмжийг 19.99 ам.долларын үнээр худалдаалж байгаа бөгөөд дараах үр нөлөөг үзүүлнэ хэмээн сурталчилжээ. Үүнд: түлшний хэрэглээг 15% хүртэл бууруулах, ингэснээр шатахууны зардлыг хэмнэх, мөн хөдөлгүүрийн хүчин чадлыг 35% хүртэл нэмэгдүүлэх боломжтой хэмээн онцолсон байна. Мөн уг төхөөрөмжийг автомашины OBD2 залгуураас салгаснаар анхны үйлдвэрийн тохиргоонд нь хялбархан буцаах боломжтой гэжээ.

Эх сурвалж: walmart.com
Тэгвэл “Түлш хэмнэнэ” хэмээн сурталчилдаг ECO OBD2 эко чип нь луйвар болохыг тайлбарласан хэд хэдэн бичлэг YouTube платформ дээр нийтлэгдсэн байна
2019 онд YouTube платформд нийтлэгдсэн “EEVblog #1181 – Car ECO OBD2 Fuel Saver SCAM!” хэмээх бичлэгт электрон инженер Дэйв Жоунс ECO OBD2 нэртэй автомашины түлш хэмнэгч төхөөрөмжийг задлан шинжилж, уг төхөөрөмж нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, залилангийн шинжтэй бүтээгдэхүүн болохыг тайлбарласан байна.

Тухайлбал, ECO OBD2 төхөөрөмжийн дотоод бүтцийг задалж, автомашины ECU буюу хөдөлгүүрийн хяналтын нэгжтэй холбогдох CAN bus системтэй харилцан үйлчлэл үзүүлдэггүй болохыг тогтоосон байна. Мөн тус төхөөрөмжийн дотоод бүтэц нь LED гэрэл, энгийн босоо байрлалтай хэвлэмэл хэлхээний плат (PCB) болон хямд өртөгтэй цахилгаан эд ангиудаас бүрдсэн бөгөөд эдгээр нь техникийн хувьд автомашины түлшний зарцуулалтад нөлөөлөхгүйг бичлэгт тайлбарлажээ.
Энэ бичлэгнээс гадна YouTube платформд (энд, энд бас энд) түлш хэмнэх ECO OBD2 төхөөрөмжийг ямар ч үр дүнгүй, хэрэглэгчийг хууран мэхлэх залилангийн шинжтэйг онцолж, туршилтаар харуулсан байна. Мөн Reddit, Trustpilot зэрэг платформ дээр Effuel бол залилан гэсэн сэтгэгдэл олон байлаа.
2021 онд АНУ-ын баримт шалгах Lead Stories байгууллага “Effuel” компанийн ECO OBD2 төхөөрөмжийг түлш хэмнэх чадваргүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн болохыг мэдээлжээ
Тухайлбал, “ECO OBD2 төхөөрөмжний үйлдвэрлэгч “Effuel” компанийн талаар интернетээр мэдээлэл хайхад, ихэнх үр дүн нь компанийн зүгээс өөрсдөө бэлтгэсэн сурталчилгааны шинжтэй нийтлэлүүд байв. Эдгээр нийтлэлийн гарчиг нь “Луйвар уу?”, “Үнэхээр үр дүнтэй юу?” гэх мэт утгатай асуулт хэлбэртэй, хэрэглэгчийн анхаарлыг татах зорилготой. Ингэснээр шүүмжлэлтэй байр суурь бүхий жинхэнэ үнэлгээ, баримт шалгалтууд интернэт хайлтын үр дүнд дарагдах, олдоц багасах нөхцөл бүрдэж байна” гэж тус баримт шалгалтад дурджээ.
Мөн “АНУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага болох Better Business Bureau-ийн вэбсайтад 2021 оны 4-р сарын 19-нд “Effuel” компанитай холбоотой шинэ гомдол бүртгэгджээ. Тухайлбал, хэрэглэгчид түлшний хэрэглээг 35 хувь бууруулах төхөөрөмж захиалан төлбөрөө хийсэн ч бараагаа хүлээж аваагүй, хуурамч хяналтын дугаар илгээжээ” гэсэн байна.
Дүгнэхэд, ECO OBD2 төрлийн бензин хэмнэх төхөөрөмж нь автомашины түлш хэмнэхэд ямар ч бодит үр дүн үзүүлдэггүй, хэрэглэгчдийг хуурсан бүтээгдэхүүн юм.


