2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Barimt.com нэртэй Facebook пэйж “Манай 2-ын зодоон дэлхийд шуугиан тарьж байна шүү” гэх гарчигтай бичлэгийг түгээжээ. Уг бичлэгийг 505 реакц, 87 сэтгэгдлээр идэвхжүүлж, 97 удаа цааш түгээжээ.
2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Францын ерөнхийлөгч Emmanuel Macron, гэргий Brigitte Macron-ийн хамт Вьетнам улсад айлчилсан. Онгоцноос буухын өмнө Brigitte Macron нь Францын ерөнхийлөгч Emmanuel Macron-ийг “мангасдаж буй” бичлэг цахим орчинд нэлээн түгжээ. Харин үүнийг “Бид хоёр зүгээр тоглож байсан юм” хэмээн Францын ерөнхийлөгч тайлбарласан бол энэ бичлэгийг хиймэл оюун ухаанаар засварлаж, шатаар бууж байхдаа бие биеэ түлхэж буй мэт болгож, түгээжээ.
Олны анхаарлыг татсан үйл явдлыг үргэлжлүүлэн, хиймэл оюунаар бүтээж, хандалт цуглуулах үзэгдэл түгээмэл тул анхааралтай ажиглаж, нягталж байгаарай.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид уг бичлэгийн эх хувилбарыг олж, түгээсэн бичлэгтэй харьцуулж үзлээ. Ингэхэд түгээсэн бичлэгийн (улаанаар дугуйлсан) нэгэн хэсэгт агаарт явж буй мэт хүн гэнэт гарч ирсэн, мөн Францын ерөнхийлөгч Макрон гэргийн хамт шатаар бууж байхад, араас нь нэг хүн шатаар бууж байгаа гэх мэт зөрүүтэй зүйлс харагдлаа.

Дүгнээд хэлбэл, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан хурдтай хөгжиж буй эрин үед аливаа зураг, бичлэгт завсар хийж хандалт авах явдал түгээмэл болоод байна. Иймд та аливаа сэжигтэй зураг, бичлэг агуулсан мэдээлэлд хандахдаа үргэлж эх хувилбартай нь харьцуулж байгаарай. Уг бичлэгийн эх хувилбарыг Францын AFP болон ITVNews-ийн Youtube бичлэгээс бүрэн эхээр нь үзээрэй.




