Search

Хүүхдийн баярыг тохиолдуулан “бэлэг тараана” гэх хуурамч мэдээллээр хандалтаа өсгөж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1455

Ерөнхий агуулга

“Дори shop” нэртэй Facebook пэйж “Эх үрсийн баяраар 1000 ээж хүүхдийг баярлуулна. Хэдэн хүүхэдтэй вэ? Бичээд бэлэгээ аваарай” гэх тайлбартай ууттай бэлэгний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хүүхдийн баярыг тохиолдуулан “бэлэг өгнө” гэх агуулгатай хандалтаа өсгөх хуурамч мэдээлэл түгээж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны тавдугаар сарын 30-нд “Дори shop” нэртэй Facebook пэйж “Эх үрсийн баяраар 1000 ээж хүүхдийг баярлуулна. Хэдэн хүүхэдтэй вэ? Бичээд бэлэгээ аваарай” гэх тайлбартай ууттай бэлэгний бичлэг түгээжээ. Тус бичлэг 765 реакц, 1,300 гаруй сэтгэгдэл авч, 2,500 гаруй удаа цааш түгээгджээ.

Хаяг шалгах

Дори shop хуудас нийт 13 мянган дагагчтай, 2024 оны арванхоёрдугаар сард нээгдсэн, маш хямд үнэтэй гэх гэр ахуйн барааны бичлэг ихэвчлэн нийтэлдэг хуудас байна. Гэхдээ “Фоллов дараад хүргэлт үнэгүй” гэдгээс өөр холбогдох дугаар, хаяг зэргийг пэйжийнхээ танилцуулга хэсэгт оруулаагүй. Түүнчлэн хуудастаа ижил төрлийн богино хэмжээний бичлэг нийтэлдэг. Бичлэг бүр нь “Фоллов шэйр” гэсэн тайлбартай, зарах барааны үнийн мэдээлэл байдаг ч хаанаас, хэрхэн худалдаж авах, ямар дугаараар холбогдох зэрэг мэдээллийг огт бөглөөгүй.

Үүнээс харахад бичлэгт гарсан барааг зарах зорилготой бус тайлбар хэсэгт дурсан хуудсыг дагуулж хандалтыг нь өсгөх зорилготой байна. Хүмүүсийн хэрэглээнд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг маш хямд үнээр зарж буй мэт бичлэг оруулж, хандалт их авдаг байна.

Агуулгыг нягтлах

Харин тавдугаар сарын 30-нд хүүхдийн баяр ойртож буйг холбогдуулан “Хэдэн хүүхэдтэй вэ? Бичээд бэлгээ аваарай, 5 группт шэйр хийгээд хайрцаг дүүрэн бэлгээ аваарай” зэрэг уриалгыг ашиглаж, олон нийтийн анхаарлыг татах замаар Facebook хуудасныхаа хандалтыг өсгөх арга хэрэглэжээ. Энэ нь ямар ч бодит бэлэг, шагналгүй бөгөөд хүмүүсийн итгэл, сэтгэл зүйг ашиглан хуурамч амлалт өгч хандалт цуглуулж буй нэг жишээ юм.

Тухайлбал, бичлэг дээр харагдаж буй бэлгийн уутнуудыг сайтар ажиглавал, тус бүрийн гадна талд жижиг цаас наасан бөгөөд тэдгээр дээр “Pranjal & Muskan” гэх Энэтхэг нэрс бичигдсэн байна. Энэ нь тухайн бэлгийг тодорхой хүмүүсийн нэрээр зориулан бэлдсэн болохыг илтгэнэ. Мөн бичлэгийн арын хэсэгт гар гараа барин сууж буй эрэгтэй, эмэгтэй хоёр хүний зураг байгааг харж болно. Ийм төрлийн зураг, бэлэгний загвар нь хуримын арга хэмжээнд зориулсан бэлэгний багцыг илэрхийлэх нь түгээмэл байдаг тул, уг бичлэг нь энэтхэг хуримын бэлгийн бичлэгийг ашигласан байх магадлалтай юм.

Яг адил бичлэгийг (энд бас энд) яг адил тайлбартай түгээжээ.

Дүгнэхэд, аливаа хандалтаа өсгөх зорилготой хуудаснууд ихэвчлэн “хүн бүрд үнэгүй бэлэг өгнө, мөнгө шилжүүлнэ, үнэгүй бараа тараана” гэх агуулгатай пост оруулдаг. Үүнийгээ олон давтамжтай түгээдэг байна. Бэлэг өгнө гэж бичдэг ч бэлгээ гардуулсан эсэх, азтанаа тодруулсан тухай мэдээллийг огт оруулдаггүй. Мөн зөвхөн лайк дарж, цааш түгээх гэсэн хялбар үйлдэлд уриалан олны анхаарлыг татаж хандалтаа өсгөдөг. Иймээс аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө хаягийг шалгаж, агуулгыг нягталж хэвшээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Дори shop” нэртэй Facebook пэйж “Эх үрсийн баяраар 1000 ээж хүүхдийг баярлуулна. Хэдэн хүүхэдтэй вэ? Бичээд бэлэгээ аваарай” гэх тайлбартай ууттай бэлэгний бичлэг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document