Search

NMN нэмэлт бүтээгдэхүүний үр нөлөөг баталгаажуулахын тулд илүү урт хугацааны судалгаа хийх шаардлагатай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1454

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

NMN нэмэлт бүтээгдэхүүнийг “Үс цагаарах, үрчлээ огцом ихсэх шинж тэмдэг эрчимтэй явагдаж байгаа бол NMN уугаарай” гэх сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

NMN (никотинамид мононуклеотид) нэгдлийг нэмэлтээр хэрэглэх нь хөгшрөлтийн зарим үйл явцыг удаашруулах магадлалтай гэж үздэг ч үүний  үр дүнг бүрэн баталсан өргөн хүрээтэй, урт хугацааны клиник судалгаанууд хомс байна. Түүнчлэн хорт хавдартай хүмүүс NMN нэмэлтийг хэрэглэхэд аюулгүй, гаж нөлөөгүй эсэхийг бүрэн тодорхойлсон судалгааны материал байхгүй бөгөөд уг бүтээгдэхүүний үр нөлөөг ихэвчлэн амьтан дээр туршиж дүгнэлт гаргасан байдаг. Тиймээс хүний бие махбодод үйлчлэх нөлөөллийг нь илүү нарийн судлахын тулд урт хугацааны, өргөн цар хүрээтэй туршилтууд шаардлагатай байгааг энэ чиглэлийн судалгаануудад онцолсон байна.

2025 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Дугархүү эмч гэх хуудаснаас “Үс цагаарах, Үрчлээ огцом ихсэх шинж тэмдэг эрчимтэй явагдаж байгаа бол NMN уугаарай” гэсэн тайлбартай сурталчилсан бичлэг нийтэлжээ.  Уг пост 2600 гаруй реакц, 532 сэтгэгдэл авч, 665 удаа цааш түгээгджээ. 

Уг мэдээллийг шалгахын тулд баримт шалгах анхан шатны алхмын дагуу хаягийг нягтлах аргыг ашиглалаа.

NMN-ы бүтээгдэхүүнийг Монголд борлуулж буй Purovitalis Mongolia гэх хаягийн нээлттэй байдлыг шалгахад, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Skyline Wellness (Скайлайн Велнес) нэртэй нээгдэж байжээ.

Уг хаягийн тайлбарт буй “Скайлайн Велнес” ХХК-ийн талаарх мэдээллийг Нээлттэй мэдээллийн сангийн (www.opendatalab.mn) цахим хуудаснаас шүүхэд эзэмшигч нь Баярсайхан Дугархүү байна. Тухайн компанийг 2023 оны наймдугаар сарын 8-нд үүсгэн байгуулж, эзэмшлийн мэдээллээ оруулсан ч 2024 оны дөрөвдүгээр сарын 26-нд дахин шинэчлэн Дугархүү ганцаар эзэмших болжээ.

Харин уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компани болох Purovitalis нь Нидерландын Харлем хотод төвтэй, 2020 онд байгуулагдсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар байна.

NMN буюу никотинамид мононуклеотидын нэмэлт бүтээгдэхүүний талаарх судалгаа

NMN нь сүүлийн жилүүдэд хөгшрөлтийг удаашруулж, урт насжилтыг дэмжих үйлчилгээтэй нэмэлт хэмээн олон судалгааны сэдэв болж, судлагдсаар байна. NMN буюу никотинамид мононуклеотид нь хүний эд, эсэд энерги дамжуулах, эсийн хөгшрөлт болон насжилтын процессуудыг хянах зэрэг үүрэгтэй NAD⁺ (никотинамид аденин динуклеотид) коэнзимийг үүсгэж, нэмэгдүүлэхэд тусалдаг бодис юм. Уг бодисын хэмжээг нэмснээр хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах магадлалтай гэж үздэг байна. Гэвч энэ төрлийн бүтээгдэхүүний урт хугацааны нөлөөг хүн дээр туршсан судалгааны материал хязгаарлагдмал байгаа тул илүү нарийн судалж, хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

NMN нэмэлт бүтээгдэхүүн нь хөгшрөлтийн явцад нөлөөлж, насжих үзэгдлийн зарим үзүүлэлтийг бууруулж буйг амьтан дээр туршсан хэд хэдэн төрлийн судалгаа харуулжээ. Амьтны түвшинд хийгдсэн туршилтуудад NMN нь биед буй NAD⁺ түвшнийг сэргээж, бодисын солилцоог нэмэгдүүлэх зэрэгт бага зэрэг нөлөө үзүүлж буйг илрүүлсэн. Тухайлбал, 2016 онд NMN-ы нэмэлт хөгшрөлтөд хэрхэн нөлөөлж буйг хулгана дээр туршжээ. Уг туршилтад 12 сарын турш хулгануудыг NMN-р хооллоход хөгшрөлтийн явцаас үүдсэн жингийн өсөлт, бодисын солилцооны хямралыг бууруулж, биеийн идэвхтэй байдлыг сайжруулсан үзүүлэлт ажиглагджээ.

Харин NMN-ы нэмэлт хэрэглэх нь хүний биед үр дүнтэй эсэхийг цөөн тооны богино хугацаатай клиник туршилтуудын хүрээнд судалжээ. Жишээ нь, 2024 онд Японд хийгдсэн NMN нэмэлт бэлдмэлийн хэрэглээний талаарх судалгаанд хоёр төрлийн бүлэг хүмүүсийг хамруулсан байна.

  • Эхний бүлэг хүмүүс 12 долоо хонгийн турш 250 мг NMN-ыг өдөр бүр хэрэглүүлсэн бол нөгөө бүлэгт нь уг бэлдмэлийг өгөөгүй байна. Судалгааны дүгнэлтэд NMN-ы нэмэлтийг хэрэглэсэн бүлэг хүний цусан дахь NAD⁺-ын түвшин мэдэгдэхүйц өсөж, алхалтын хурд нэмэгдэж, нойрны чанар бага зэрэг сайжирсан үр дүн гарчээ. Гэвч дээрх судалгаа нь анхны шатны судалгаа бөгөөд бүтээгдэхүүний урт хугацааны үр дүн болон насжилтыг удаашруулах бодит нөлөөллийг бүрэн батлах боломжгүй. Тиймээс уг бүтээгдэхүүний нөлөөллийг илүү өргөн хүрээтэй, удаан хугацааны судалгаагаар баталгаажуулах шаардлагатай байгааг уг судалгаанд онцолсон байна. 

Мөн NMN хэрэглэснээр бууралтсан үс буцаад харлах боломжтой эсэхийг баталсан клиник судалгаа байхгүй. NMN-ы нэмэлт бэлдмэл нь хөгшрөлтийн зарим шинж тэмдгийг удаашруулах магадлалтай гэж үзэж байгаа ч, хүний бие, үсний өнгөнд хэрхэн нөлөөлж насжилтаас үүдсэн өөрчлөлтүүдийг эргүүлэн сэргээх эсэх нь бүрэн нотлогдоогүй. Тиймээс бүрэн батлагдаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Түүнчлэн NMN-ы нэмэлт бүтээгдэхүүн нь хавдрын эсүүдэд хэрхэн нөлөөлдгийг тусгайлан авч үзсэн судалгааны материалууд хангалтгүй байгаа бөгөөд уг бүтээгдэхүүн хавдрын эсийн өсөлтөд нөлөөлдөг эсэх нь тодорхойгүй, зөрчилдөөнтэй хэвээр байгаа юм.

Иймд хорт хавдартай, хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй эсвэл хавдрын эрсдэлтэй хүмүүс NMN болон түүнтэй төстэй NAD+ нэмэлтүүдийг хэрэглэхээс өмнө эмч, эмчилгээ хариуцаж буй мэргэжилтэнтэй заавал зөвлөлдөх хэрэгтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document