2025 оны 04 дүгээр сарын 22-нд Дэнс.мн Шинэбаяр хаягаас “Энэ бол уранд хордсон гэм зэмгүй хүүхдүүд” гэх тайлбартай толгой нь томорсон хүүхдийн бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 3,100 гаруй реакц, 303 сэтгэгдлээр идэвхжүүлж, 3,400 гаруй удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн бичлэгийн хэсгийг Google Lens хайлтын системээр хайхад Mickey Mouse хочтой Чибао гэх 3 настай хүүхдийн тухай мэдээлэл гарч ирлээ. Чибао хүү төрөхдөө дух хэсэгтээ төрөлхийн меланоцит невус (congenital melanocytic nevus) буюу том хар мэнгэтэй төрсөн ба үүнийг авахын тулд Шанхайд эмчилгээ хийлгэсэн тухай Daily Mail, Mirror мэдээллийн сайтад дурджээ.
Үргэлжлүүлэн уг агуулгатай холбоотой түлхүүр үгээр хайхад Чибао хүүгийн эмчилгээний тухай хятадын хэд хэдэн сайтад мэдээлсэн байна (энд, энд, энд бас энд) . Тодруулбал, 3 настай хүүхдийн дух хэсэгт байх том мэнгийг авахад эхлээд толгойн арьсыг сунгах шаардлагатай байсан тул толгойн хоёр талд тэлэгч буюу усны уут байрлуулах мэс ажилбар хийж ус шахан бага багаар тэлж байжээ. Хүүхдийн ээж хятадын Douyin платформд бичлэг оруулснаар интернэт орчинд шуугиан тарьж, түүнийг Мики Маус гэж хочлох болсон байна.
Үүний дараа тэлэгч болон дух хэсгийн невусыг авах мэс ажилбар хийсэн ба амжилттай болсон тухай мэдээлсэн. Douyin платформд хэрэглэгчид Чибао хүүхдийн тухай олон бичлэг, мэдээлэл нийтлэгдэж, мэс ажилбарын дараах зургийг мөн оруулжээ.

Бээжингийн радио телевизийн станц Beijing Time-ийн албан ёсны Douyin хаягт 05 дугаар сарын 18 -нд Чибао хүүгийн ээж эмчилгээний явцыг тайлбарласан бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийн тайлбар хэсэгт толгойд тэлэгч суулгаж, шахаж өргөжүүлсний дараа мэнгэ ургасан хэсгийг нөхсөн тухай бичсэн. Мөн тус хаягт Чибао хүүгийн эмчилгээний дараах төрхийг харуулсан бичлэг оруулжээ.
Төрөлхийн невус нь төрөх үед эсвэл 1 нас хүртэлх хугацаанд гарч ирдэг арьсны өнгө, пигмент үүсгэдэг эсийн хэвийн бус өсөлтөөс үүдэлтэй бараан өнгөтэй, ихэвчлэн үстэй, арьсны толбо юм. Невус нь мэнгэний эмнэл зүйн нэршил бөгөөд том хэмжээтэй төрөлхийн невус хүн амын 1-2 хувьд тохиолддог ховор тохиолдол юм. Ихэнх төрөлхийн невус нь эрүүл мэндийн асуудал үүсгэдэггүй боловч багахан хувь нь арьсны хорт хавдар (меланома) болж хувирдаг. Меланома үүсэх эрсдэл нь невусийн хэмжээгээр нэмэгддэг аж.
Дүгнэвэл төрөлхийн невус буюу том мэнгэтэй хүүгийн мэнгийг авах эмчилгээний үеийн бичлэгийг уранаас хордсон гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.




