2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр Milk Taste нэртэй хуудаснаас “…Зөгийн үүрний 10 гайхамшигийн нэг бол Прополис буюу Зөгийн жилий юм. Зөгий жилий нь 100 гаруй төрлийн өвчин үүсгэгч нян (бактери, вирус, мөөгөнцөр)-ийн өсөлт, үржлийг дарангуйлах үйлчилгээтэй…” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг пост 670 гаруй реакц, 323 сэтгэгдэл авч, 642 удаа цааш түгээгджээ.
Тухайлбал, “…Зөгий хус, улиас, улиангар, хар мод, гацуур, нарс, жодоо зэрэг модны ялгаруулах давирхайлаг бодисыг цуглуулан, шүүрэлтэйгээ хольж зөгийн жилийгээ боловсруулдаг. Зөгий жилийгээрээ үүрээ чигжиж тоос шороо, ус чийг орохоос хамгаалахаас гадна үүрээ халдваргүйжүүлэн, зөгийн бүлээ өвчлөхөөс сэргийлдэг байна…” гэжээ. Мөн доорх эрүүл мэндийн ач холбогдлуудыг жагсаасан байна.
- Дархлаа сэргээж, чөлөөт радикал эсийг гэмтэхээс хамгаална. Иймд хорт хавдрын эсийн өсөлт, үржлийг дарангуйлна.
- Зөгийн жилий нь аливаа үрэвсэл, улайлт, (ходоодны шарх) шархны эсрэг хүчтэй үйлчилгээтэй.
- Хоол, эм, архины хордлого тайлна.
- Өвчин намдаах, тайтгаруулах, загтнаа намдаах үйлчилгээтэй.
- Арьс, салстыг нөхөн сэргээх гайхалтай үйлчилгээтэй.
- Зөгийн жилий нь бие махбодийн хүрээлэн буй орчны таагүй хүчин зүйл (хөрс, ус, агаарын бохирдол, стресс, ачаалал гэх мэт) физиологийн тогтворжилтыг нэмэгдүүлнэ гэжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Зөгийн жилий буюу прополис гэж юу вэ?
Прополис буюу зөгийн жилий нь зөгийнүүд модны давирхай, лав, эфирийн тос, цэцгийн тоос зэрэг байгалийн гаралтай бодисуудыг холин бүтээдэг наалдамхай, давирхайлаг бүтэцтэй нэгдэл юм. Зөгийнүүд үүнийг үүрнийхээ ан цавыг бөглөх, гаднын халдвар, дайснаас хамгаалах зориулалтаар ашигладаг бөгөөд зарим тохиолдолд “зөгийн цавуу” гэж нэрлэдэг.
Химийн найрлагын хувьд түүхий прополис нь ойролцоогоор 50% давирхай, 30% лав, 10% эфирийн тос, 5% цэцгийн тоос, 5% органик нэгдлээс бүрддэг бөгөөд дэлхий даяарх төрөл бүрийн зөгийн жилийн дээжээс 300 гаруй химийн бүрэлдэхүүн илрүүлжээ. Энэ харьцаа нь цуглуулсан ургамал, улирал, газар нутгийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг байна.
Шинжлэх ухаанаар судлагдсан прополисын хэрэглээ
Cleveland Clinic-ийн албан ёсны сайтад дараах гурван чиглэлд прополисыг хэрэглэх боломжтой ч илүү нарийвчилсан судалгаа шаардлагатай гэжээ.
- Чихрийн шижингийн зохицуулалт
- Вирусийн гаралтай шархны эдгэрэлт
- Хими эмчилгээний үед амны хөндийн салстын үрэвслийн нөлөөг бууруулах
Чихрийн шижин: 2019 оны мета-анализийн үр дүнд, прополис нь цөөн тооны судалгаанд чихрийн шижинтэй хүмүүст гемоглобин (A1C) болон өлөн үеийн цусан дахь сахарын түвшинг бага хэмжээгээр бууруулж байжээ. Гэвч энэ үр дүн нь бага хэмжээний сорьц дээр тулгуурласан бөгөөд илүү баталгаатай аргууд (хоолны дэглэм, дасгал, эмчилгээ) байдаг учир прополис заавал хэрэгтэй зүйл биш гэж үзжээ.
Хомхой: Зарим жижиг хэмжээний судалгаагаар прополис агуулсан тос түрхлэг нь хомхой, херпестэй холбоотой амны шархыг хурдан эдгээж болзошгүйг харуулсан ч, илүү үр дүнтэй, эмнэл зүйн практикт баталгаажсан вирусийн эсрэг тосон эмүүд илүү найдвартай гэсэн байна.
Хими эмчилгээний зарим сөрөг нөлөөг бууруулах: Хорт хавдрын үед үүсдэг амны салстын үрэвслийг намжаах зорилгоор прополисыг эмчийн хяналттай хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Амны салстын үрэвсэл гэдэг нь амны хөндийн салст бүрхүүл үрэвсэж, амны дотор тал улаан, гялалзсан, хавдсан, эмзэг болж, шарх, эсвэл идээт цагаан толбо гарахыг хэлдэг.
Харин ханиад, хоолойн өвдөлт, батга, харшил зэрэгт сайн гэсэн шинжлэх ухааны нотолгоо одоогоор хангалтгүй, мөн харшлын эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Прополис нь зөгийн гаралтай тул зөгийнд харшилтай хүн хэрэглэхэд амь насанд аюултай урвал үүсгэх магадлалтай. Мөн цэцгийн тоосны харшил, астма, экземтэй хүмүүст харшлын урвал өгч, шинж тэмдгийг дордуулдаг гэсэн байна.
Шалгасан мэдээлэлд дурдсан эрүүл мэндийн ач холбогдлуудын зарим нь шинжлжх ухааны судалгаа дутмаг
Прополис нь полифенол, флавоноид зэрэг антиоксидант нэгдлүүдийг агуулдаг тул эсийн исэлдлийн гэмтэл, үрэвслийг бууруулах нөлөөтэй байж болзошгүй талаар “Зөгийн жилий: шинж чанар, хэрэглээ, боломж” судалгаанд дурджээ. Гэсэн хэдий ч энэхүү үр нөлөөг хүний биед бүрэн баталгаажуулахын тулд цаашдын нарийвчилсан, клиник судалгаа шаардлагатай байна.
Харин шалгасан мэдээлэлд дурдсан “Хоол, эм, архины хордлого тайлна, өвчин намдаах, тайтгаруулах, загтнаа намдаах үйлчилгээтэй” зэрэг талаарх шинжлэх ухааны судалгаа, нотолгоо одоогоор байхгүй байна. Үүнээс гадна прополис нь цусны бүлэгнэлтийг удаашруулдаг тул цус шингэлэх эм, сармис зэрэг нэмэлт бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэхэд цус алдалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн “зарим эмийн бодисын элгэнд задарч, гадагшлах процессыг удаашруулж, эмийн үйлчлэлийг бууруулж болзошгүй” гэжээ.
Дүгнэхэд, прополис нь олон төрлийн антиоксидант, нянгийн эсрэг, вирусийн эсрэг, үрэвслийн эсрэг нэгдлүүдийг агуулдаг байгалийн давирхайлаг бүтээгдэхүүн бөгөөд арьсны шарх, амны хөндийн халдвар, хомхой зэрэгт эерэг нөлөөтэй болохыг (энд, энд бас энд) судалгаандуудад дурдсан. Гэвч хүний биед үзүүлэх бодит үр нөлөө, аюулгүй тун, урт хугацааны нөлөөллийн талаар илүү нарийвчилсан судалгаа цаашид шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.