Search

Саримсны үнэрээр эмчлэх талаар шинжлэх ухааны нотолгоо, судалгаа байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1448

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Саримс дэрэн доороо хийж унтах нь эрүүл мэндэд ач тустай гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Саримс үнэрлэх нь олон төрлийн өвчин, зовуурийг эмчилдгийг харуулсан судалгаа огт байхгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 05 дугаар сарын 22-нд Хоолонд дурлагсад (архивласан хувилбар) хуудаснаас “Хүүхдийнхээ дэрэн доор саримс нуухын 13 ач тус” гэх гарчигтай мэдээлэл оруулжээ. Тус постод “Үрэвслийн эсрэг антибиотик чанартай энэ ногоо нь хурц үнэртэй бөгөөд энэхүү анхилам хурц үнэрт нь хамаг ач тус нь оршдог аж… Хамрын ханиад, элдэв ханиад томуунаас сэргийлдэг. Ханиадыг эмчилж, халуун бууруулдаг, цэр ховхолж, хөхүүл ханиалгыг дардаг. Дархлааг сэргээж, сайжруулдаг. Элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, халдварын вирусийг устгадаг. Нүдний хараа, чихний сонсголыг сайжруулдаг.  Нүд нуухдах, чихээр хатгах, булхи гарах зэргээс сэргийлж нянг устгадаг. Толгойн өвдөлт, толгой дүүрэх зэрэг зовуурийг намдаадаг. Тархины үйл ажиллагааг сэргээж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ. Үс, хөмсөг, сормуусны ургалтыг түргэсгэдэг. Цусны даралтыг тогтворжуулж, зүрх судасны үйл ажиллагааг хэвийн барьдаг. Цус шингэлж, элгийг хоргүйжүүлнэ. Иод агуулдаг учир бамбай булчирхай томрохоос сэргийлдэг. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг” гэх 13 ашиг тусыг бичжээ.  

Түгээсэн мэдээлэлд саримсны үнэр өвчин, зовуурьт тустай гэж дурдсан учир уг баримт шалгалтаар саримс үнэрлэхтэй холбоотой судалгаа, холбогдох баримт бий эсэхийг судаллаа.

Саримсны хумс аллийн (Alliin) гэх үнэргүй хүхрийн нэгдэл, аллиназа (Alliinase) хэмээх ферментийг агуулдаг. Зүсэж, жижиглэх үед саримсны эсийн хана эвдэрч аллин болон аллиназа холилдсоноор аллицин гэх хүхэр агуулсан нэгдэл үүсдэг. Энэ нь дэгдэмхий чанартай учир агаарт уусаж, саримсны өвөрмөц, хурц үнэрийг гаргадаг байна. 

Шалгасан мэдээлэлд дурдсан саримсны үнэрээр 13 төрлийн эрүүл мэндийн асуудлыг эмчлэх тухай мэдээлэл, шинжлэх ухааны нотолгоо, судалгаа байхгүй.  Харин саримсанд агуулагдах аллициныг эмчилгээний уур хэлбэрээр ашиглахад нянгийн эсрэг үйлчилгээтэй болохыг харуулсан хэд хэдэн лабораторийн судалгаа бий. Тухайлбал,  “Саримс (Allium sativum)-ийн дэгдэмхий, нянгийн эсрэг бодис болох диалилтиосульфинат (Аллицин) нь уур хэлбэрээр хүний ​​уушгины эмгэг төрүүлэгч бактерийг, түүний дотор MDR омгуудыг устгадаг” судалгаагаар уушгины эмгэг төрүүлэгч эмнэл зүйн тусгаарласан нянгийн эсрэг үр нөлөөг туршиж, мөн хүний уушгины хучуур эд эс болон хархны уушгины эдийн нарийн зүсэлтэд үзүүлсэн шингэн болон хий төлөвт аллицины хоруу чанарыг судалжээ. Судалгааны үр дүнд аллицины уур (хий) нь эмгэг төрүүлэгч нянгийн эсрэг үйлчилгээтэйг харуулсан ч шингэн орчинд байгаа амьтны эс, бактерийн аллицинд үзүүлэх ялгаатай байдал нь аллицин дангаараа уушгины халдварыг эмчлэх уламжлалт антибиотикийг орлох тохиромжтой хувилбар биш болохыг харуулжээ. Мөн дүгнэлт хэсэгтээ аллициныг үхэлд хүргэхгүй тунгаар бусад антибиотиктой хослуулан хэрэглэх цаашдын судалгаа хийх шаардлагатай болохыг дурдсан байна.

Уушгины загвар ашиглан аллицин аэрозоль ба уурын хуримтлал бактерийн эсрэг үр нөлөөг судлах” судалгаанд гуурсан хоолойг загварчилж туршилт хийсэн бөгөөд аллицин, этанолын уур бактерийн өсөлтийг дарангуйлдгийг харуулжээ.

Аллицин нь уушгины микозыг эмчлэхэд дэгдэмхий эсвэл мананцар үүсгэгч антимикотик: Уушгины урсгалын туршилтын төхөөрөмж ашиглан хийсэн in vitro судалгаа”-нд уушгины бүтцийг загварчилсан хоолойг ашиглан лабораторийн туршилт хийжээ. Аллицин мөөгөнцрийн өсөлтийг дарангуйлдаг ба этанол нь аллицины нөлөөг сайжруулж буйг харуулсан байна.

Дээрх судалгаанууд саримсанд агуулагддаг аллицин нэгдлийг эмчилгээний уур хэлбэрээр ашиглан хийсэн лабораторийн судалгаа юм. Шалгасан мэдээлэлд саримсыг дэрэн доороо хийж унтах нь ашиг тустай гэж зааварчилсан. Саримсны аллицин нэгдэл нь дэгдэмтгий учир үнэртэх боловч агаарт ууссан үнэр нь эмчилгээний уураас ялгаатай. Мөн эдгээр туршилт нь зөвхөн лабораторийн орчинд хийгдсэн бөгөөд амьд бие организм, цаашлаад хүн дээр хийсэн клиник судалгаа одоогоор байхгүй байна. Зөвхөн аллицины нян, мөөгөнцрийн эрсэг үйлчилгээг туршилтаар харуулсан. Харин түгээсэн мэдээлэлд дурдсан олон төрлийн өвчин, зовуурийг нэг дор эмчилдэг болохыг харуулсан судалгаа огт байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Саримс дэрэн доороо хийж унтах нь эрүүл мэндэд ач тустай гэх мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document