Search

Хавдрын эсийг халаах гипертерми эмчилгээний арга нь цай, шөлөө халуунаар нь оочиж уухтай хамааралгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1447

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Зондонд оруулах аргаар хорт хавдрын эд эсийг 45 хэм халааж устгах гипертерма төхөөрөмжийг эрдэмтэд амжилттай туршлаа. Цай, шөлөө 60 хэм түүнээс дээш халуунаар оочиж ууж бай” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Халуун хоол, цайгаар хавдрын эсийг устгах боломжгүй бөгөөд халууны хэмжээг тохируулан хэрэглэхгүй бол улаан хоолойн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Мөн гипертерми эмчилгээний хэлбэрийг тусгай тоног төхөөрөмж, тодорхой арга барил, тогтсон хугацааны дагуу нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн хяналтад ашигладаг тул гэрийн нөхцөлд уг аргыг хэт халуун хоол хүнсээр орлуулан хэрэглэх нь үр нөлөөгүй бөгөөд эрсдэлтэй юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр И.Цэрэнхүү нэртэй хуудаснаас “Зондонд оруулах аргаар хорт хавдрын эд эсийг 45 хэм халааж устгах гипертерма төхөөрөмжийг эрдэмтэд амжилттай туршлаа. Цай, шөлөө 60 хэм түүнээс дээш халуунаар оочиж ууж бай гэж би мөн ч олон хэлсэн дээ” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг пост 1000 гаруй реакц, 137 сэтгэгдэл авч, 227 удаа цааш түгээгджээ. 

Гипертерми нь хавдрын эсийг өндөр хэмд халааж, хими, туяа эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, эсийг дарангуйлах зорилгоор ашигладаг шинэ төрлийн арга юм. Гипертерми аргын удаан хугацааны үр дүн бүрэн тогтоогдоогүй бөгөөд бүх төрлийн хавдрын тохиолдолд ашиглах боломжгүй, хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгддэг. Энэхүү арга нь үндсэн гурван төрөлтэй бөгөөд хавдрын нөхцөл байдлаас хамааран 39–45°C хүртэл халаадаг байна. Мөн энэ төрлийн эмчилгээг радио долгион, нарийн зүү, зонд, эхо зэрэг техникийн тусламжтайгаар хавдар орчмын эд, эсийг цахилгаан гүйдлээр өндөр хэмд халааж ашигладаг байна.

Уг аргыг хорт хавдрын эсрэг эмчилгээнд туяа болон хими эмчилгээтэй хослуулан ашиглахад эерэг нөлөөтэй байгааг судалсан. Гэвч өргөн хүрээний хэрэглээнд нэвтрүүлэхэд илүү их судалгаа, клиник туршилтууд шаардлагатай байна. Учир нь хэт өндөр температур нь эрүүл эд, эс болон эрхтэнд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймээс тухайн эмчилгээг тусгай температурт тодорхой хугацаанд зөв зохистойгоор нарийн мэргэжлийн эмчээр хийлгэх нь чухал юм.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн эмч нар тусгай техник, тоног төхөөрөмж ашиглаж энэ эмчилгээний аргыг хэрэглэдэг. Халуун шөл, цай гипертерми эмчилгээнд хамаарахгүй.

Халуун хоол, цайгаар хорт хавдрын эсийг устгах боломжтой юу?

“Хоол, цайгаа халуунаар нь оочиж ууснаар хорт хавдрын эсийг устгана” гэдгийг харуулсан шинжлэх ухааны батлагдсан судалгаа байхгүй.

Халуун хоол, цай хэрэглэх нь хоол шингэцийг нэмэгдүүлэх, дархлаа дэмжих зэрэг эерэг нөлөөтэй ч, хавдрыг эдгээхэд үр дүнтэйг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй. Эсрэгээрээ хэт халуун зүйл уух нь улаан хоолойн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг зарим судалгаагаар харуулсан байна. Энэ талаар нийт 15,659 хүнийг оролцуулж, 23 судалгааны өгөгдлийг нэгтгэж хийсэн “Халуун цайны хэрэглээ ба улаан хоолойн хавдрын эрсдэл: Ажиглалтын судалгааны мета-шинжилгээ” судалгаанд дурджээ. Уг судалгааны үр дүнд халуун цай тогтмол уудаг хүмүүс улаан хоолойн хавдрын хавтгай эсийн карцинома төрлөөр өвчлөх эрсдэл 1.79 дахин өндөр байгааг тогтоосон байна. Харин улаан хоолойн аденокарцинома гэх хавдартай ямар нэг хамааралгүйг ажиглажээ. Мөн 2016 онд ДЭМБ-ын харьяа Олон улсын хавдар судлалын төвөөс гаргасан халуун ундны хэрэглээний талаарх тайланд 65°C (маш халуунд тооцогдоно) -аас дээш хэмтэй ундыг тогтмол их хэмжээгээр уух нь улаан хоолойн хучуур эдийн хавдар үүсгэх эрсдэлтэй гэж мэдээлсэн байна.

Үүнээс дүгнээд үзэхэд халуун хоол цайгаар хавдрын эсийг устгах боломжгүй бөгөөд халууны хэмжээг тохируулан хэрэглэхгүй бол улаан хоолойн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Мөн гипертерми эмчилгээний хэлбэрийг тусгай тоног төхөөрөмж, тодорхой арга барил, тогтсон хугацааны дагуу нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн хяналтад ашигладаг. Харин гэрийн нөхцөлд уг аргыг халуун шөл, цайгаар орлуулан хэрэглэх нь үр нөлөөгүй хийгээд эрсдэлтэй юм. Иймд аливаа эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээний аргыг мэргэжлийн эмчийн зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Мөн хэт нэг талыг барьсан мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, нэмэлт судалгаагаар баталгаажуулж байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Зондонд оруулах аргаар хорт хавдрын эд эсийг 45 хэм халааж устгах гипертерма төхөөрөмжийг эрдэмтэд амжилттай туршлаа. Цай, шөлөө 60 хэм түүнээс дээш халуунаар оочиж ууж бай” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document