2025 оны тавдугаар сарын 02-ны өдөр “Бөө” нэртэй Facebook пэйж “Хэрэв таны зүрхээр өвдөж байвал 200 гр буцалж байгаа усан дээр 7 ширхэг туулайн баасыг үйрүүлж хийгээд яг 1 минут буцалгаад савтай нь аваад тавьчих. Хөрөхөөр нь шүүж тунгааж аваад гарсан шөлөө 24 цагийн дотор 4 хувааж балгаад уух хэрэгтэй” гэх агуулгатай пост түгээжээ. Тус пост 1,600 гаруй реакц, 87 сэтгэгдэл авч, 2,100 гаруй удаа цааш түгээгджээ.
Тухайлбал, “Таны болон хэн нэгний тань зүрхээр өвдөөд байна уу. Цас хайлж ханш нээчихлээ. Намар оройн туулайн баас өвлийн хүйтэн, цасны давхаргад эрч орж, шар усны дэвтээлтийг дааж гараад одоо хатаж хатуурсан байгаа. Олоход хэцүү юм шиг боловч нэг олоод харчихвал нэг дороос нилээдийг түүчихэж болно. 49 ш туулайн баас түү. Түүнээс илүү хэрэггүй. Үлдсэн нь байгальдаа шим болоод шингэг. Гэртээ ирээд 200 гр буцалж байгаа усан дээр 7 ш баасыг үйрүүлж хийгээд яг 1 мин буцалгаад савтай нь аваад тавьчих. Хөрөхөөр нь шүүж тунгааж аваад гарсан шөлөө 24 цагийн дотор 4 хувааж балгаад уучих хэрэгтэй. Маргааш нь дараагийн 7 баасыг энэ мэт бэлтгэж хэрэглэх маягаар 49 ш-ийг 7 хоног уухад 1 курс болно. Хангалттай. Зүрхний бүх төрлийн өвчин, зүрхний булчингийн сулралд ууж хэрэглэж бай гэж туулайг бурханаас бидэнд илгээсэн юм. Заавал зүрхийг нь идэж махыг нь авах гэж амьтны амь таслаад яахав дээ, бэлээхэн эмээ өөрөө үлдээгээд яваа амьтан шүү дээ хөөрхий” гэжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Туулайн баасыг органик бордоонд ашиглах нь үр дүнтэй тухай судалгаа байна
АНУ-ын Үндэсний биотехнологийн мэдээллийн төвийн цахим архивт “Туулайн баасыг малын тэжээл болон эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах нь” нэртэй судалгааны тайланд туулайн баасны найрлагыг доорх байдлаар мэдээлжээ. Хэдийгээр туулайн баасны найрлага нь түүний хооллолт, боловсруулалтаас шалтгаалж өөрчлөгдөж болох ч, ерөнхийдөө дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг:
- Түүхий уураг (Crude Protein)- 15.5%
- Түүхий эслэг (Crude Fiber)- 32.4%
- Нейтрал угаагдсан эслэг (NDF)- 59.8%
- Хүчиллэг угаагдсан эслэг (ADF)- 39.6%
- Гемицеллюлоз- 20.2%
- Лигнин- 10.6%
- Түүхий тос (Ether Extract)- 2.0%
- Үнс (Ash)- 10.4%
- Нүүрс усны агууламж (N-free extract)- 39.8%
- Нийт энерги (Gross Energy)- 17.85 MJ/кг
Мөн ResearchGate судалгааны санд нийтлэгдсэн судалгааны тайланд туулайн баас нь азот, фосфор, кали зэрэг ургамалд хэрэгтэй шим тэжээлийг агуулдаг тул органик бордооны хувьд ашиглахад тохиромжтой гэж үзжээ.
Харин “Туулайн баас нь зүрхэнд сайн” гэх мэдээлэл нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй
Дээр дурдсанчлан туулайн баасыг органик бордоо, малын тэжээлийн хувьд ашиглах боломжтой ч, туулайн баасыг эмчилгээний зорилгоор шууд хэрэглэх нь халдварт өвчин үүсгэгч нян биед орох, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үздэг байна.
Тухайлбал, туулайн баас нь зоонозын халдвар үүсгэгч болох Campylobacter, Escherichia coli (E. coli), Salmonella spp. зэрэг нян, мөн Eimeria spp. зэрэг паразитаар бохирдсон байх эрсдэлтэй. Эдгээр нянгууд нь хүнд хоол боловсруулах замаар халдварлаж, суулгах, халуурах зэрэг эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Энэ талаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр “Campylobacter гэх бактери нь амьтны баастай шууд болон шууд бус хүрэлцэх замаар дамжин хүнд халдварладаг” гэжээ. Мөн ДЭМБ (WHO) болон USDA зэрэг байгууллагууд туулайн болон бусад амьтны боловсруулаагүй ялгадас нь E. coli, Salmonella зэрэг эмгэг төрүүлэгч нянгийн эх үүсвэр болдог болохыг анхааруулдаг байна.
Дүгнэхэд, туулайн баасыг эмчилгээний зорилгоор амаар шууд уух нь эрүүл ахуйн хувьд эрсдэлтэй, шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Шинжлэх ухаанд суурилсан судалгаагаар туулайн баасыг боловсруулалт хийсний дараа органик бордоо, биогаз үйлдвэрлэл, малын тэжээл болгон тодорхой нөхцөлд ашиглах нь боломжтой гэж үздэг байна. Харин эмчилгээний зорилгоор хэрэглэх нь халдвар авах, хордлого болох зэрэг эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулж болзошгүй.




