Search

Ч.Өгөөдэйбаатарын нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл байхгүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1443

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хорин Дөрвөн Цаг нэртэй хуудаснаас “Сүүлийн хоёр хоногт олон нийтийн сүлжээн дэх халуун сэдэв бол Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн инстаграмдаа тавьсан стори болоод байна. Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйтэй ярилцлаа” гэсэн бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ч.Өгөөдэйбаатар гэх нэр дээр Монголд бүртгэлтэй “Ай Эс Өү Өү” ХХК, татан буугдсан “Сино мон грийн инвестмент” ХХК зэрэг бүртгэлтэй байгаа бол АНУ-ын Виржиниа мужид “Hunnu Road LLC” нэртэй компани түүний нэр дээр бүртгэлтэй ч идэвхгүй төлөвтэй байна. Харин “CyberTech ХКК-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч” гэх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжуудаас хайж үзэхэд тодорхой мэдээлэл олдсонгүй.

2025 оны тавдугаар сарын 12-нд Хорин Дөрвөн Цаг нэртэй хуудаснаас “Сүүлийн хоёр хоногт олон нийтийн сүлжээн дэх халуун сэдэв бол Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн инстаграмдаа тавьсан стори болоод байна. Ө.Өгөөмөрийн аав Ч.Өгөөдэйтэй ярилцлаа” гэсэн бичлэг нийтэлжээ. Тус пост 2,900 гаруй реакц, 1,300 гаруй сэтгэгдлээр идэвжүүлж, 485 мянга гаруй үзэлт авчээ.

Уг ярианд нь баримтаар шалгах боломжтой дараах агуулгууд байна.

Тухайлбал, “… АНУ-ын CyberTech ХКК-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч, АНУ-ын Виржиниа улс дахь “Hunnu Road” компанийг үүсгэн байгуулсан. Монголд ISOO (Ай Ээс Өү Өү) компанийг удирддаг. 27 жил бизнесийн салбарт бизнес хийж байгаа…” гэжээ.

Тус бичлэгийн титр буюу нэр харуулдаг текст хэсэгт “Ө.Өгөөмөрийн аав Ц.Өгөөдэй” гэсэн байна. Гэвч Facebook-т түгээж буй түүний нэр, хаягийн нэршил, дурдсан постууд зэрэгт Uguudeibaatar Chinbaatar гэсэн нэртэй, зураг бичлэгүүд байна. Тиймээс Ч.Өгөөдэйбаатар гэх хүнийг уг ярилцлагад” Ц.Өгөөдэй” хэмээн дурдсан байна.

Үндэсний Статистикийн Хорооны (ҮСХ) албан ёсны статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн хуучин хувилбар болох www2.1212.mn сайтаас шалгахад “Өгөөдэйбаатар” нэртэй нэг хүн Монгол Улсад бүртгэлтэй байна. Иймээс бид бизнесийн бүртгэл, компанийн эрх зүйн мэдээллийг нээлттэй сангуудаас энэхүү нэрээр хайж, дараах баримт шалгалтыг хийлээ.

Эх сурвалж: www2.1212.mn

ISOO (Ай Ээс Өү Өү) компанийг удирддаг гэх мэдээлэл OpenDataLab.mn мэдээллийн санд бүртгэлтэй байна

Монгол Улсын төрийн болон нийтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, хялбар, ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой OpenDataLab.mn цахим мэдээллийн сангаас Өгөөдэйбаатар гэх түлхүүр үгээр хайж үзэхэд тус нэр дээр бүртгэлтэй хэд хэдэн илэрц гарч ирлээ. Тухайлбал:

Эх сурвалж: OpenData

Эдгээрээс Сино мон грийн инвестмент ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж 2023 онд татан буугджээ. Харин Ай Эс Өү Өү ХХК-ийг 2007 онд байгуулж, эцсийн өмчлөгчөөр нь Чинбаатарын Өгөөдэйбаатар гэх хүн бүртгэлтэй байна.

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Мөн Өвөр гүнт хөгжил Холбоо /НҮТББ/ нь “Нийгэмд тулгамдаж буй байгал хамгаалал, ойн санг хамгаалах, мод үржүүлгийн талаарх ач холбогдлыг сурталчлах, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагааны” чиглэлээр 2021 онд үүсгэн байгуулагдсан гэх бүртгэл байна. 2021 оны 01 дүгээр сарын 11-ндээ хувь эзэмшилд өөрчлөлт оруулж, Аюушийн Байгаль, Бөөрөнхийгийн Пүрэвсүрэн, Баатаржавын Нямсүрэн нарыг хасаж, Удирдах зөвлөлийн даргаар Ө.Өгөөмөр, Гүйцэтгэх захирлаар Ч.Өгөөдэйбаатар гэж бүртгүүлсэн байна.

Эх сурвалж: OpenDatalab.mn
  • Бүртгэл нь хүчинтэй байгаа дээрх хоёр хуулийн этгээд нь тендерт оролцсон мэдээлэлгүй, үйл ажиллагааны танилцуулга, албан ёсны хуудасгүй байна. Өөрөөр хэлбэл ISOO (Ай Ээс Өү Өү) ХХК нь 28 жилийн турш аливаа нэг ажлын гүйцэтгэл, тайлан мэдээлэлд дурдуулаагүй, өөрийн гэсэн вэбсайтгүй, компаниудын цахим бүртгэл, платформд ул мөргүй байна. Ашгийн бус Өвөр гүнт хөгжил Холбоо /НҮТББ/ ТББ нь 4 жилийн хугацаанд ямар нэг сайн дурын ажил, олон нийтийн төлөөх төсөл хөтөлбөрт оролцоогүй, ар, өвөр Гүнтийн байршлаар хайсан ч байгал орчин, иргэдийн төлөө хийсэн зүйлийн талаар мэдээлэл байхгүй байна.

АНУ-ын Виржиниа улс дахь “Hunnu Road” компанийг үүсгэн байгуулсан гэх мэдээлэл

Шалгасан мэдээлэлд “АНУ-ын Виржиниа улс дахь “Hunnu Road” компанийг үүсгэн байгуулсан” гэжээ. Тэгвэл АНУ-ын Виржиниа мужид Hunnu Road LLC нэртэй компани Чинбаатар Өгөөдэйбаатар нэр дээр бүртгэлтэй байгааг CIS.SCC.Virginia.gov Виржиниа мужийн бизнесийн бүртгэл, компанийн эрх зүйн мэдээллийг багтаасан албан ёсны мэдээллийн санд байна. Тус компани нь бүртгэлийн хураамж төлөөгүйгээс шалтгаалан автоматаар хүчингүй төлөвтэй байна.

Гэхдээ Виржиниа мужид компани байгуулах нь Монгол Улсын иргэдэд нээлттэй бөгөөд заавал АНУ-д биетээр очих шаардлагагүй, цахимаар бүрэн гүйцэтгэж болох үйл явц юм. Тухайлбал, АНУ-ын хууль тогтоомжийн хүрээнд гадаадын иргэд ч бизнес эрхлэх эрхтэй бөгөөд энэ нь Виржиниа мужид мөн адил үйлчилдэг. Гол нөхцөл нь тухайн компанид заавал Виржиниа мужид оршин суудаг Registered Agent томилсон байх ёстой. Үүнийг мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар дамжуулан шийдвэрлэх боломжтой байдаг.

Компанийн албан ёсны хаяг буюу Principal Office Address нь заавал тухайн мужид байх албагүй ч виртуал хаяг буюу өөр улсад бүртгэлтэй хаяг байж болдог байна. Үүсгэн байгуулагч нь компанийн нэрээ сонгон, Articles of Organization маягтыг бөглөж, татварын дугаар авахын тулд АНУ-ын Татварын албанд (IRS) хандах зэрэг процессыг онлайн болон имэйл, факсаар шийдвэрлэх боломжтой. Виржиниа мужид компани үүсгэхтэй холбоотой бүртгэл, шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус мужийн албан ёсны байгууллага болох State Corporation Commission (SCC)-ийн цахим хуудсаас авах боломжтой.

Шалгасан мэдээлэлд дурдсан “Hunnu Road” компанийг АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотод байрладаг The Wellington Apartments нэртэй орон сууцны цогцолборын хаяг дээр бүртгүүлжээ.

Эх сурвалж: Google Maps

АНУ-ын CyberTech ХКК-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч байхгүй байна

Google хайлтын системээс “CyberTech” түлхүүр үгээр хайхад үйлдвэрлэлийн автоматжуулалт, хяналтын системийн шийдлүүдийг санал болгодог CyberTech USA, мөн 1998 онд байгуулагдсан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн автоматжуулалт, хяналт, засвар үйлчилгээ, интеграци зэрэг үйлчилгээг санал болгодог CyberTech LLC зэрэг ижил төстэй нэртэй хэд хэдэн компанийн албан ёсны вэбсайт, мэдээлэл гарч ирсэн. Гэсэн ч эдгээрийн аль нь ч Ч.Өгөөдэйбаатар нэртэй холбоогүй ба Монголд албан ёсны борлуулагч ажиллуулдаггүй байна.

Дүгнэхэд, Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүйн аавын өгсөн ярилцлагад дурдсан аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй ч үйл ажиллагаа явуулсан мэдээлэл байхгүй,


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document