Search

Соронзон төхөөрөмжүүд “жин хасахад тусалдаг” гэсэн нотолгоо, судалгаа байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1442

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тураах соронзон наалт сурталчилсан богино хэмжээний бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Тураах соронзон наалтын тухай, үүнийг үр дүнтэйг нотолсон судалгаа огт байхгүй. Шалгасан мэдээлэлд тураах бүтээгдэхүүний хуурамч сурталчилгаанд өргөн ашиглагддаг зөв, зохистой хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнгүйгээр турна гэж амладаг аргыг ашиглажээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 01 дүгээр сарын 27-нд Алтан зөгий онлайн дэлгүүр- Golden bee online shop хуудаснаас тураах нано наалт болох slim patch бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 1,800 гаруй реакц, 722 сэтгэгдлээр идэвхжүүлж, 559 удаа цааш түгээж байна. Бичлэгт “нэг сарын хугацаанд 4-15 кг тураах хүчин чадалтай нано соронзон наалт. Бодисын солилцоог эрчимжүүлж, өөх шатааж, цусны эргэлтийг сайжруулан, биеэс хаван илүүдэл усыг гадагшлуулж эрчимжүүлэн тураана. Хоол сойж, дасгал хийхгүй байсан ч үр дүнтэй. Уух зүйл биш учраас ходоод дотор эрхтэн гэмтээхгүй. Хамгийн гол нь дасал болохгүй учраас та хүссэн жиндээ хүрснийхээ дараа дахин хэрэглэх шаардлагагүй. Химийн орц найрлагагүй 100 хувь байгалийн гаралтай жигд тураах нано наалт…” гэх агуулгыг дурджээ. Харин тайлбар хэсэгтээ бичлэгт дурдаагүй “хоолны дуршил буруулна, чулуужсан целлютийг маш сайн задална, өлсгөлөнгийн дааврыг хянах замаар илчлэгийн хэрэглээг бууруулах, бохирдол сайн цэвэрлэнэ” зэрэг үр дүн амласан байна.

Сүүлийн жилүүдэд дасгал хөдөлгөөн огт хийгүй, зөв, тэнцвэртэй хоолны дэглэмгүйгээр хурдан хугацаанд турна гэж сурталчилсан олон бүтээгдэхүүн гарах болсон. Тэр дундаа тураах наалтыг нано технологитой, бичил зүүн наалт, эмийн ургамалтай наалт зэргээр хуурамч сурталчилгаа явуулж байна. Бид өмнө хийсэн “Тураадаг наалт гэж одоогоор байхгүй“, “Жин хасах тухай хуурамч мэдээллийг таних гарын авлагад наалтаар турахгүй гэдгийг онцолсон” зэрэг баримт шалгалтаараа богино хугацаанд их хэмжээний жин хасах тураах наалт байхгүй, ийнхүү сурталчилж буй бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны нотолгоогүй болохыг тайлагнаж байсан.

Түгээсэн мэдээлэлд соронзон нано наалт нь цусны эргэлтийг сайжруулж, өөх шатааж, хурдан хугацаанд их жин хаях боломжтой гэж сурталчилжээ. Флоридагийн Анагаах ухааны коллежийн Зүрх судас ба бодисын солилцооны өвчний төвийн дэд захирал, доктор  Мишель Кардел эрүүл мэндийн холбогдолтой мэдээлэл оруулдаг LiveStrong сайтад тураана гэж амладаг соронзон наалт, бөгж, бугуйвч зэрэг бүтээгдэхүүнийг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй тухай тайлбарлажээ. Тэрээр “Соронзон бөгж, бугуйвч зэргийг бодисын солилцоо, өлсгөлөн байдал, цусны эргэлтэд нөлөөлж жин хасахад тусалдаг гэх нэрийдлээр худалдаалдаг. Соронзон бөгж эсвэл түүнтэй төстэй соронзон төхөөрөмжүүд нь жин хасахад тусалдаг гэсэн нотолгоо байхгүй. Энэ нь ид шидэнд итгэж буй хэрэг юм” гэж хэлсэн байна.

Үргэлжлүүлэн PubMed, ResearchGate, ScienceDirect, Google Scholar, Wiley Online Library зэрэг судалгааны сангаас “Тураах соронзон наалт” гэх түлхүүр үгээр хайхад үр дүнтэйг нь баталсан судалгаа огт илэрсэнгүй.

Тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгаа ихэвчлэн богино хугацаанд их жин хасна, хүссэн хоолоо идэж, хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүй зэрэг амлалт өгдөг тухай АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулсан. Шалгасан мэдээлэлд шинжлэх ухаанаар нотлогдоогүй бүтээгдэхүүнийг дээрх аргыг ашиглан сурталчилжээ.

Тураах наалтыг үр дүнтэй, аюулгүйг нотолсон судалгаа байхгүй. Тэр дундаа соронзон наалтыг туршсан судалгаа онлайн судалгааны санд огт байхгүй байна. Хүмүүсийн турах эрмэлзлийг ашиглан хуурамч сурталчилгаагаар бүтээгдэхүүнээ борлуулж байна. Зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнгүйгээр турах ид шидийн арга гэж байхгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Тураах соронзон наалт сурталчилсан богино хэмжээний бичлэг түгээжээ.

Check document