2025 оны тавдугаар сарын 5-ны өдөр SunPharm Эмийн Сан нэртэй хуудаснаас 5 хонгийн дотор үе мөчний өвдөлтөөс бүрэн ангижруулах цайны талаар мэдээлэл нийтэлжээ. Мөн тухайн бүтээгдэхүүнийг ясны сийрэгжилт, подагра өвчний эмчилгээний бүтээгдэхүүн гэж дурдсан байна. Уг пост 659 реакц, 2900 гаруй сэтгэгдэл авч, 547 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах аргын дагуу хаягийг нягталлаа. Тухайн хаягийн ил тод байдлыг шалгахад Вьетнам улсаас долоон хаяг удирддаг хуудас байна.

Монгол нэртэй хаягаас мэдээлэл түгээдэг ч гаднын улсын бүртгэлтэй хаягууд нь хуурамч бүтээгдэхүүний сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийг авч, санхүүгийн хохирол үүсгэх эрсдэлтэй байдаг.
Шалгаж буй мэдээллийг түгээж буй хаяг нь бүтээгдэхүүний мэдээллийг чатаар илгээх, хавсаргасан холбоосоор худалдан авалт хийх зэрэг үйлдлийг уриалсан байна. Мөн хуурамч хаягуудаар сурталчилж буй бүтээгдэхүүнийг магтаж, вьетнам нэртэй хаягуудаас эерэг сэтгэгдэл үлдээсэн зэрэг нь залилангийн шинжтэй үйлдэл юм.


Уг хаягаар үе мөчний өвчнийг намдааж, подагра өвчний эмчлэх үйлчилгээтэй хоёр төрлийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг түгээдэг. Тэдгээр бүтээгдэхүүнийг зургаар хайхад, Trà An Khớp Bách Mộc нэртэй цай болон Con Lăn Bách Mộc Plus гэх массажны өнхрүүш илэрлээ. Уг бүтээгдэхүүний талаар худалдааны сайтуудад ургамлын гаралтай, үе мөчний өвдөлтийг намжааж, тайвшруулах үйлчилгээтэй гэж тайлбарлажээ. Гэвч эдгээр бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй бөгөөд шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг аливаа үе мөчний өвчнийг бүрэн эмчлэхгүй. Зөвхөн өвдөлт, шинж тэмдгийг намдаахад зориулагдсан байна.
Шалгаж буй мэдээлэлд дурдсан подагра буюу тулай өвчин нь шээсний хүчил (уратик хүчил) ихсэж, үений дотор талд талстууд үүсэж, хуримтлагдсанаас болж үүсдэг архаг үрэвсэлт үений өвчин юм. Энэ нь голчлон хуруу, өсгий, шагай, өвдөг зэрэг жижиг үед тохиолддог байна. АНУ-ын Үений үрэвсэл, Булчин тогтолцоо, Арьсны өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр уг өвчин нь бүрэн эдгэрдэггүй архаг эмгэгт тооцогддог өвчин бөгөөд эмчилгээ нь шинж тэмдгийг бууруулж, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн байдгийг дурджээ. Эмчилгээ нь үрэвслийн эсрэг эм, хоолны дэглэм, амьдралын зөв хэмнэл зэрэгт суурилсан бөгөөд шээсний хүчлийг хянах, тулайтай хамт илэрч болзошгүй бусад эмгэгээс (зүрх, бөөрний эмгэг гэх мэт) хамгаалах, үе мөчний байдал улам дордохоос сэргийлэхэд анхаардаг байна. Өөрөөр хэлбэл үе мөчний үйл ажиллагааг дэмжих, өвдөлт намдаах цай, массажны өнхрүүш зэргээр тулай өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй.
Богино хугацааны үр дүн амласан баталгаагүй бүтээгдэхүүний талаарх мэдээллийг чатаар мэдээлэл илгээж, холбоосоор нэвтрэхийг уриалах нь залилангийн шинжтэй үйлдэл юм. Иймд гаднын бүртгэлтэй хаягаас түгээсэн баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдан авах, хавсаргасан холбоосоор нэвтрэх, карт, банкны нууц үг зэрэг хувийн мэдээллээ өгөхөөс татгалзаж, хэрсүү байгаарай.




