Search

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг шалгах арга

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1439

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Дотоод оршихуйн гайхамшиг нэртэй Facebook хуудсаас “Дэлхий 1 цагийн өмнө ингэж харагдаж эхэлжээ” гэсэн зураг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

“Дэлхий 1 цагийн өмнө ингэж харагдаж эхэлжээ” хэмээх тайлбартай зургийг GPT-4o хэмээх хиймэл оюун ухаан ашиглан бүтээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны тавдугаар сарын 20-нд Дотоод оршихуйн гайхамшиг нэртэй Facebook хуудсаас “Дэлхий 1 цагийн өмнө ингэж харагдаж эхэлжээ” гэсэн зураг нийтэлжээ. Тус постыг 5,000 гаруй реакц, 185 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 311 удаа цааш түгээсэн байна.

Энэхүү зураг нь олон нийтэд шууд хор хөнөөл учруулахгүй ч хиймэл оюунаар бүтээсэн гэдгийг тайлбарлаагүй, хуурамч тайлбар оруулсан нь Мета компанийн журмыг зөрчсөн байна. Иймд хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг оруулахдаа “digital art”, “AI-generated image”, “artwork”, “visual depiction” зэрэг нэр томьёог тайлбартаа ашиглаж байгаарай. Энэ төрлийн зураг бичлэгийг нягтлах аргыг хуваалцлаа.

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг эсэхийг шалгадаг хэрэглүүрээр шалгаж үзэх

Бид тус зургийг хиймэл оюун ухааны тусламжтай үүсгэсэн зураг эсэхийг шалгадаг sightengine хэрэглүүр ашиглан шалгахад хиймэл оюун ухаанаар үүссэн байх магадлал нь 87%, мөн GPT-4o моделийг ашигласан гэсэн үр дүн гарсан.

Эх сурвалж: sightengine.com

Тухайн зургийн анхдагч эх сурвалжийг олох

Бид Google Lens хэрэгсэл ашиглан уг зургийг цахим орчинд шалгахад тус зураг анх тавдугаар сарын 18-нд Umer Ab нэртэй хэрэглэгч өөрийн Facebook-дээ нийтэлжээ. Цаашлаад мэдээллийг түгээсэн хаягийг нягтлан үзвэл, тухайн хэрэглэгч өөрийгөө “digital creator, Image depictions to spark curiosity about Nature and Universe. #artwork” хэмээн бичсэн байна.

“Artwork”, “image depiction” зэрэг тодорхойлолт нь тухайн хүний нийтэлж буй зураг баримтат гэрэл зураг бус, харин уран сайхны буюу хийсвэр бүтээл гэдгийг илтгэдэг. Ялангуяа хиймэл оюун ухааны тусламжтайгаар зураг, дүрс үүсгэх чиглэлээр мэргэшсэн Midjourney, DALL·E, Stable Diffusion зэрэг платформын хэрэглэдэг тайлбар, хаштагт “digital art”, “AI-generated image”, “artwork”, “visual depiction” зэрэг нэр томьёог түгээмэл ашигладаг.

Үүнээс гадна тус зураг нь ямар нэг баталгаатай хэвлэл мэдээллийн эх сурвалжид дурдагдаагүй, зөвхөн нийгмийн сүлжээний платформуудад хязгаарлагдмал хүрээнд тархсан байгааг Google хайлтын системийн зургаар хайх функцээр шалган харж болохоор байна.

Зургийн metadata буюу EXIF мэдээлэлийг шалгах

ExifData буюу зургийн файлуудаас мэдээлэл унших, задлахад зориулсан хэрэглүүр ашиглан тус зургийг шалгахад ямар нэгэн мэдээлэл байхгүй, бүгд N/A (Not Available) гэсэн хариу гарсан. Энэ нь хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зураг, эсвэл интернэтээс татаж авсан үед EXIF мэдээлэл устсан зураг байх боломжтой.

EXIF мэдээлэл гэдэг нь Exchangeable Image File Format гэсэн үгийн товчлол бөгөөд зураг авах үед камер, гар утас зэрэг төхөөрөмжөөс автоматаар хадгалдаг мета өгөгдөл юм. Энэ нь тухайн зургийн техникийн болон нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулдаг.

Шалгасан зургийн EXIF мэдээлэл Эх сурвалж: exifdata


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Дотоод оршихуйн гайхамшиг нэртэй Facebook хуудсаас “Дэлхий 1 цагийн өмнө ингэж харагдаж эхэлжээ” гэсэн зураг нийтэлжээ.

Check document