2025 оны тавдугаар сарын 24-нд Sendom Erdenebaatar нэртэй хаягаас “АТГ-с Ерөнхий сайд Оюунэрдэнийг орлогоо нотолсон гэсэн дүгнэлт гарсан байна.” гэсэн пост нийтэлжээ. Тус пост 140 гаруй реакц, 35 сэтгэгдэл авч, 48 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүүгийнх нь тансаг хэрэглээг харуулсан зураг, бичлэгүүд цахим орчинд тархсантай холбоотойгоор орлогоо нотлохыг иргэд шаардах болсон. Харин шалгасан мэдээлэлд “Авлигатай Тэмцэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолсон” хэмээн худал мэдээлэл түгээжээ.
Бид тус асуудлыг АТГ-аас тодруулахад “Шалгах ажил явагдаж байгаа учир шалгалтын явцын мэдээллийг өгөх боломжгүй. Манайхаас албан ёсоор шалгалтын дүнг мэдээлээгүй” гэсэн тайлбар өгсөн юм.
Нэмэлт мэдээлэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг доор харууллаа. Тухайлбал, хамгийн сүүлд буюу 2023 оны мэдүүлэгт өөрийн орлого 243 сая төгрөг, гэр бүлийн орлого 15 сая төгрөг байна.
Мөн 364 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууцтай, дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл 133 сая төгрөг байна. Үүнээс гадна Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтыг харвал “Херо энтертаймент” групп ХХК 50%, “Хүлэг контент” ХХК 100% эзэмшдэг.







