Search

“Чихний дүнгэнээг багасгах шүршигч” гэх бүтээгдэхүүн нь шинжлэх ухаанаар батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1437

Ерөнхий агуулга

“Та чих дүнгэнэх (tinnitus), сонсголын асуудал, нойргүйдэлтэй тэмцэж байна уу” гэх талбартай бичлэг, бүтээгдэхүүний сурталчилгаа нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

“OUHOE Tinnitus Relief Spray” бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулах клиник судалгаа одоогоор байхгүй байна. Мөн энэхүү шүршигчийн найрлагад багтсан лаванда, сармис, оливийн тос зэрэг ургамлын гаралтай найрлага нь зарим хүмүүст арьсны цочрол, харшлын урвал өдөөх эрсдэлтэй бөгөөд, чихний арьс болон дотоод бүтэц маш мэдрэмтгий учраас буруу хэрэглээ нь чихний үрэвсэл үүсгэж болзошгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны гуравдугаар сарын 25-нд Арга.Билэг гэх хаягаас “Та чих дүнгэнэх (tinnitus), сонсголын асуудал, нойргүйдэлтэй тэмцэж байна уу? Чихний эрүүл ахуйгаа шинжлэх ухааны үндэслэлтэй, аюулгүй аргаар хамгаалах OUHOE Anti-Tinnitus Earwax Removal Spray-г танилцуулж байна” гэсэн бичлэг нийтэлжээ. Тус бичлэг 4,000 гаруй реакц, 1,200 гаруй сэтгэгдэл авч, 3 сая гаруй үзэлт авчээ.

Тус бүтээгдэхүүнийг “…чихний бохирдол, хулхи (earwax)-г зөөллөж, аюулгүй аргаар гадагшлуулна, дүнгэнэх, шуугих чимээг багасгаж, мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, цусны эргэлтийг сайжруулж, дотоод чихний даралтыг бууруулна, нойргүйдэл, стрессийг багасгаж, амар тайван унтахад тусална…” гэжээ.

“OUHOE” брэндийн албан ёсны вэбсайтад тус бүтээгдэхүүн байгаагүй

Бид бүтээгдэхүүний савлагаан дээрх “OUHOE” гэсэн түлхүүр үгийг ашиглан Google хайлтын системээр шалгаж үзэхэд, энэ нь Хятадын Шэньжэнь хотод байрладаг, гоо сайхан, арьс арчилгаа болон гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн санал болгодог онлайн худалдааны платформ байлаа.

Гэхдээ OUHOE брэндийн нэрээр сурталчилж буй “Anti-Tinnitus Earwax Removal Spray” хэмээх бүтээгдэхүүн нь тус брэндийн албан ёсны вэбсайт болох ouhoe.org дээр бүртгэгдээгүй, ямар нэгэн танилцуулга, бүтээгдэхүүний жагсаалтад орсон мэдээлэл илрээгүй юм. Харин тус шүршигчийг Amazon, eBay зэрэг онлайн худалдааны платформоор худалдаалдаг байна.

Эх сурвалж: ouhoe.org

Эмчилгээний үр нөлөө нотлогдоогүй

OUHOE Tinnitus Relief Spray–ийн найрлага, үр нөлөө, аюулгүй байдалд зориулсан бие даасан, хянагдсан клиник туршилтууд одоогоор байхгүй байна. Тухайлбал, PubMed, АНУ-ын биотехнологийн үндэсний хүрээлэн, Google Scholar зэрэг судалгааны санд “OUHOE Tinnitus Spray”, “OUHOE ear spray tinnitus randomized trial” гэх түлхүүр үгээр хайхад ямар нэгэн шинжлэх ухааны өгүүлэл, нийтлэл, клиник үр дүнгийн тайлан илрээгүй.

Мөн FDA (АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын Газар) болон EMA (Европын Эмийн Агентлаг)-аас тус бүтээгдэхүүнд бүртгэл, баталгаажуулалт олгосон тухай мэдээлэл байхгүй байна.

Чих шуугих, дүнгэнэх зэрэг шинж тэмдгийг түр хугацаанд саармагжуулах боломжтой боловч эмчлэхгүй гэдгийг анхаараарай

Чих шуугих (tinnitus) нь олон янзын шалтгаантай байж болох бөгөөд зарим тохиолдолд энэ шинж тэмдэг нь чихний лав буюу хулхи бөглөрөх, гадна болон дунд чихний үрэвсэлтэй холбоотойгоор илэрдэг. Ийм нөхцөлд чих цэвэрлэх зориулалттай шүршигч болон дусаалга нь чихний лавыг зөөлрүүлж гадагшлуулах үйлчилгээтэй тул чихний дүүрэлт, даралт, дүнгэнээ мэдрэмжийг багасгах магадлалтай байдаг тухай Кливлэнд Клиникийн албан ёсны сайтад мэдээлжээ.

Харин чих шуугих дийлэнх шалтгаан нь сонсголын мэдрэлийн гэмтэл буюу мэдрэлийн гаралтай сонсголын алдагдал байдаг. Судалгаагаар чих шуугих шинж тэмдэгтэй хүмүүсийн 80–90% орчим нь сонсголын бууралтын шинж тэмдгийг давхар үзүүлдэг бөгөөд энэ нь дотоод чихний гэмтэл, насжилт, чанга дуу чимээний нөлөө, мэдрэлийн процессын өөрчлөлтөөс шалтгаалдаг. Ийм тохиолдолд шүршигч, дусаалга зэрэг гаднаас хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь уг эмгэгт нөлөөлж чадахгүй бөгөөд эмчилгээний үр дүн үзүүлэхгүй болохыг мэргэжилтнүүд анхааруулдаг байна.

Дүгнэлт

Noon.com онлайн худалдааны платформд борлуулагдаж буй тус бүтээгдэхүүнийг лаванда цэцгийн тос, оливийн тос, сармис зэрэг ургамлын гаралтай найрлагатай хэмээн тэмдэглэжээ. Тэгвэл оливийн тос нь чихний хулхийг зөөлрүүлэх зорилгоор ашиглагддаг ч, хэрэглэсний дараа бүрэн гадагшилж чадахгүй тохиолдолд бактери үржих орчин болж, гадаад чихний үрэвсэл үүсгэх эрсдэлтэй. Мөн чихний хэнгэргэн бүрхүүл цоорсон тохиолдол тос нь дотоод чихэнд хүрч, мэдрэлийн гэмтэл үүсгэж болзошгүй.

Эх сурвалж: noon.com

Дүгнэхэд, “OUHOE Tinnitus Relief Spray” бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулах клиник судалгаа одоогоор байхгүй байна. Мөн энэхүү шүршигчийн найрлагад багтсан лаванда, сармис, оливийн тос зэрэг ургамлын гаралтай найрлага нь зарим хүмүүст арьсны цочрол, харшлын урвал өдөөх эрсдэлтэй бөгөөд, чихний арьс болон дотоод бүтэц маш мэдрэмтгий учраас буруу хэрэглээ нь чихний үрэвсэл үүсгэж болзошгүй. Иймд чих шуугих шалтгаан тодорхойгүй үед уг төрлийн бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй бөгөөд чихний бүтэц, хэнгэргэн бүрхүүлийн байдал болон тухайн хүний эрүүл мэндийн ерөнхий нөхцөл байдлыг харгалзан, эмчийн зөвлөгөө, хяналтын дагуу хэрэглэх нь илүү үр дүнтэй, аюулгүй арга хэмжээ юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Та чих дүнгэнэх (tinnitus), сонсголын асуудал, нойргүйдэлтэй тэмцэж байна уу” гэх талбартай бичлэг, бүтээгдэхүүний сурталчилгаа нийтэлжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document