Search

“Гурван гишүүнийг намаас хасах тухай Үндсэн дүрэмд байхгүй, тийм яриа гараагүй” гэв

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1436

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ардчилсан намын гишүүнчлэлээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг хасахаар болжээ” гэсэн тайлбартай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргаагүй, мөн Үндсэн дүрмийн хороонд ийм асуудал огт хэлэлцээгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 05 дугаар сарын 22-нд ReelNews нэртэй пэйжээс “Ардчилсан намын гишүүнчлэлээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг хасахаар болжээ” гэсэн тайлбартай зураг бүхий пост (Архивласан хувилбар)оруулсан нь 677 реакц, 259 сэтгэгдэл авч, 24 цдаа цааш түгээгдсэн байна.

АН-ын генсек үгүйсгэлээ

Уг мэдээллийн дагуу АН-ын генсек Н.Ганибалаас тодрууллаа.

  • “УИХ-ын гишүүнийг намаас хасах тухай АН-ын дүрэмд заалт байхгүй. Намын Үндсэн дүрмийн хороо гэж бүтэц бий. Хэрэв намын гишүүдийн асуудлыг оруулж тавибал дүрмийн хороо хэлэлцээд шийдвэр гаргадаг. Гэхдээ УИХ-ын гурван гишүүний талаар ерөөсөө хөндөөгүй, хасах тухай яриа гараагүй. Ялангуяа үүсээд байгаа асуудалд нийгмийн дэмжлэг авсан гишүүдтэйгээ хариуцлага тооцох тухай яриа гарахгүй. Энэ бол АН-ыг муухай харагдуулах гэсэн улс төрийн явуулга л байна” гэсэн юм.

АН-ын Үндсэн дүрэмд заагаагүй

АН-ын Үндсэн дүрэмд гишүүнээс өөрийн хүсэлтээр түдгэлзэх бол хүсэлтээ өгснөөс 30 хоногийн дотор намаас чөлөөлж, бүртгэлийн сангаас хасах тухай зааж, эргэж орох эрхийг нээлттэй үлдээсэн байна. Харин намын гишүүнээс хасах талаар дараах зохицуулалтыг тусгажээ.

  • “3.5.4   Намын гишүүн ҮД-ийн 3.9.1.16-аас 3.9.1.21-р заалтуудыг зөрчсөн болон гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүний бүртгэлээс хасах асуудлаар ДХХ-ноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ” гэжээ. Уг заалтуудыг доор орууллаа:
    • 3.9.1.16 Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчээс бусад нэр дэвшигчийг дэмжиж ажилласан, хандив өгсөн;
    • 3.9.1.17 Төрийн сонгуульд АН-аас болон хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчийн эсрэг ажилласан;
    • 3.9.1.18 Бүх шатны намын байгууллагын хурлын болон УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчин өрсөлдөгч нам олонхыг нь бүрдүүлсэн УИХ болон ИТХ-ыг тараах, Засаг дарга болон ЗГ-ыг огцруулах тухай АН-ын шийдвэрийн эсрэг үйлдэл, эс үйлдэл гаргасан;
    • 3.9.1.19 Төрийн сонгуульд АН-аас болон сонгуульд хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчтэй бие даан өрсөлдсөн;
    • 3.9.1.20 АН-аас болон хамтарсан эвслээс нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан, ИТХ-ын дарга, Засаг даргыг огцруулсан буюу огцруулахаар санал өргөн барьсан. Энэ асуудлыг хурлын хэлэлцэх асуудалд оруулахаар санал гаргасан, өгсөн, уг хурлыг тасалсан, үйлдэл, эс үйлдэл гаргасан;
    • 3.9.1.21 Ардчилсан намыг Төрийн сонгуульд оролцоход саад болсон” зэрэг байна.

Тодруулбал, АН-ын Үндсэн дүрэмд “хамтарсан Засгийн газрыг огцруулахаар санал өгсөн” гэж байхгүй, харин “АН-аас … нэр дэвшиж сонгогдсон … Ерөнхий сайдыг огцруулахаар санал өргөн барьсан…” бол гэж тодорхой заажээ.

Дүгнэхэд, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргаагүй, мөн Үндсэн дүрмийн хороонд ийм асуудал огт хэлэлцээгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ардчилсан намын гишүүнчлэлээс УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг хасахаар болжээ” гэсэн тайлбартай пост оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document