Search

Хуурамч хаягаас өөр компанийн гэрчилгээ ашиглан эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалж байна

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Арьс цайх өвчнийг бүрэн эмчлэх серум бүтээгдэхүүн сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Арьс цайх өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй. Өөр үйл ажиллагаа явуулдаг компанийн гэрчилгээг ашиглан спам шинжтэй сайт, гаднын улсаас удирдаж буй хуурамч хаягаас мэдээлэл түгээж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны 12 дугаар сарын 24-нд Korean Cosmetics нэртэй хуудаснаас цагаан толботой арьсны хэсгийг эмчлэх Ouhoe брэндийн бүтээгдэхүүн гэх богино хэмжээний бичлэг түгээжээ. Тус бичлэгийн тайлбар хэсэгт “цагаан толботой арьсны хэсэг биед тархсан бол санаа зоволтгүй. Одоо Ouhoe-ийн цагаан толбыг эмчлэх серум байна! Гол найрлага: Кортикостероид, кальцинейрин, псорален: Өвчтэй эсүүдийг дарангуйлж, цагаан толботой арьсыг хэвийн байдалд сэргээнэ. Луувангийн үр, алтан утасны үр, гүргэмийн цэцгийн тоос, псоралеа корифиолия, гинкго билоба гэх мэт орц: Цагаан толбыг эмчлэхэд тусална” хэмээн бүтээгдэхүүнийг тайлбарлан бичжээ. Бичлэгийг нийт 2,000 гаруй реакц, 2,000 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 2,900 гаруй удаа цааш түгээжээ.

Хаяг шалгах нь

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалж буй сайт, пэйжийг хамгийн түрүүнд шалгах нь чухал. Korean Cosmetics хуудас нь нийт 20 мянга гаруй дагагчтай ба 2024 оны 07 дугаар сарын 15-нд нээгдсэн байна. Пэйжийг гаднын улсаас хэд хэдэн админ удирдаж байна. Тухайлбал, Вьетнам улсаас 14, Энэтхэг улсаас 1 админ удирдаж байна. Хуудасны танилцуулга хэсэгт “Солонгос гоо сайхны өндөр чанартай бүтээгдэхүүн” гэж оруулсан боловч холбогдох дугаар, байршил, компанийн нэр зэргийг огт оруулаагүй байна. Мөн пэйжийн танилцуулга хэсэгт хавсаргасан линкний домэйн өргөтгөл нь “vn” буюу вьетнам сайт байгааг доорх зургаас харах боломжтой.

Korean Cosmetics пэйжийн админы мэдээлэл
Korean Cosmetics пэйжийн танилцуулга хэсэгт хавсаргасан вэбсайт холбоос

Үргэлжлүүлэн шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүн худалдаалж буй сайт руу орж үзэхэд спам сайтын шинж тэмдгүүд илэрлээ. Сайтын нэршил, хэлбэр хийц нь нэг хуудас буюу дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжгүй, зөвхөн утасны дугаар, хаяг байршил, нэр зэрэг хувийн мэдээлэл авах хүснэгттэй байгаа нь албан ёсны сайт биш болохыг илтгэж байна. Хэрэв мэдээллээ бөглөсөн тохиолдолд эргэж холбогдох баталгаагүй, холбогдох утасны дугаар, хаяг байршил, хүргэлт үйлчилгээний тухай мэдээлэл огт байхгүй байна.

Уг сайтад байршуулсан Эрүүл мэндийн яам болон холбогдох яам, салбарын шалгалтын сертификат нь цахилгааны салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын Wenzhou Liwei Electronic Technology Co., Ltd  компанийн гэрчилгээ байна.

Бүтээгдэхүүн худалдаалж буй сайтад Vitiligo серум- арьсыг нөхөн төлжүүлнэ гэж тайлбарлажээ. Витилиго (Vitiligo) буюу арьс цайх өвчин нь арьсны өнгө, пигмент алдагдаж цайрч, цагаардаг арьсны аутоиммун эмгэг юм. Аутоиммун эмгэгийн үед дархлааны тогтолцоо эрүүл эс рүүгээ халддаг байна. Илүү тодруулбал, арьс цайх өвчин нь биеийн дархлааны систем меланин (арьсны өнгө пигментаци үүсгэдэг бодис) боловсруулагч меланоцит эс рүү довтолсноор үүсдэг эмгэг юм. Бид өмнөх баримт шалгалтаараа арьс цайх Витилиго өвчнийг эмчлэх арга одоогоор байхгүй тухай мэдээлж байсан.

АНУ-ын Арьсны өвчин судлалын эмч нарын холбооны вэбсайтад оруулсан арьс цайх өвчний тухай мэдээлэлд:

  • “Мэргэжлийн арьсны эмч өвчний түүхийг судалж, Вудын гэрлийг (дерматологид ашигладаг урт долгионы хэт ягаан туяаны гэрэл) ашиглаж, цусны шинжилгээ авч, арьс цайх өвчнийг оношилдог. Арьс цайх өвчин нь аутоиммун өвчин учир хавсарсан өөр дархлааны эмгэгтэй байх магадлалтай. Эмчилгээний хувьд цайрсан арьсны өнгө сэргээх, цайрсан арьсны тэлэлтийг удаашруулах, өөр хэсэгт арьс цайрахаас сэргийлэх эмчилгээ хийдэг байна. Арьсандаа эмчилгээний тос түрхэх, хэт ягаан туяа эмчилгээ хийх, мэс засал, эмийн эмчилгээ гэх мэт аргаар арьсны цайралтыг намжаадаг. Судлаачид арьс цайх өвчнийг эмчлэх аргыг хайж байгаа ч одоогоор энэ өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй юм. Одоо байгаа эмчилгээ нь арьсны өнгийг сэргээхэд тусалдаг ч дахин цайрч магадгүй” хэмээн мэдээлжээ.

Дүгнэлт

Арьс цайх өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй. Шалгасан мэдээлэлд уг өвчнийг бүрэн эмчилж арьсны өнгийг сэргээнэ гэж дурдсан боловч үйлдвэрлэж буй компанийн тухай мэдээлэлд өөр үйл ажиллагаа явуулдаг компанийн гэрчилгээг хавсаргаж, спам шинжтэй сайт, гаднын улсаас удирдаж буй хуурамч хаягаас мэдээлэл түгээж байгаа нь баталгаагүй бүтээгдэхүүн болохыг илтгэж байна. Иймд заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, оношилгоо хийлгэж, эмчилгээнд хамрагдах нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Арьс цайх өвчнийг бүрэн эмчлэх серум бүтээгдэхүүн сурталчилсан мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document