Search

“Нэг удаагийн цаасан аяга нь 15 минутанд 25,000 ширхэг бичил хуванцар ялгаруулдаг” гэх мэдээлэл үнэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1432

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Massnews.mn Мэдээ нэртэй Facebook хуудаснаас “Бид нэг удаагийн цаасан аяганаас халуун цай уухдаа хэдэн арван мянган бичил пластик залгидаг. Хүмүүс долоо хоногт дунджаар 5 гр орчим пластик буюу нэг банкны карт иддэг гэвэл та итгэх үү?” гэсэн бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Нэг удаагийн цаасан аяганд халуун уух зүйл хийхэд бичил хуванцар болон хорт бодисууд шингэн рүү ялгарч, хүний биед шингэх эрсдэлтэй болохыг олон улсын судалгаануудад дурджээ. Эдгээр бичил хуванцрууд нь дааврын тэнцвэрийг алдагдуулах, нөхөн үржихүй, бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул нэг удаагийн цаасан аяга, хуванцарын хэрэглээгээ багасгахыг судлаачид мэдэгджээ.

2025 оны тавдугаар сарын 01-нд Massnews.mn Мэдээ нэртэй Facebook хуудаснаас “Бид нэг удаагийн цаасан аяганаас халуун цай уухдаа хэдэн арван мянган бичил пластик залгидаг. Хүмүүс долоо хоногт дунджаар 5 гр орчим пластик буюу нэг банкны карт иддэг гэвэл та итгэх үү?” гэсэн бичлэг нийтэлжээ. Тус пост 3,300 гаруй реакц, 70 сэтгэгдлээр идэвжүүлж, 703 мянга гаруй хандалт авчээ.

Тус бичлэгт, “Нэг удаагийн цаасан аяга нь ихэвчлэн шингэн нэвчхээс сэргийлсэн пластик бүрхүүлтэй байдаг. Цаасан аяганд халуун ус, цай хийх үед энэ бүрхүүлийн нэг хэсэг нь хуулагдаж, их хэмжээний бичил пластик ялгаруулдаг. Судалгаанаас харахад халуун ундаа савласан нэг удаагийн цаасан аяга нь 15 минутанд 25,000 ширхэг бичил пластик ялгаруулдаг…, бичил пластик гэдэг нь 5 мл-ээс бага диаметртэй пластик мөхлөгийг хэлдэг. Эдгээр нь хуванцар бүтээгдэхүүний задралаас үүсдэг бөгөөд хоол, хүнс, агаараар дамжин хүний биед нэвтэрдэг байна”.

Түүнчлэн, “…Зөвхөн нэг удаагийн аяга гэлтгүй өдөр тутамдаа хуванцар сав эдлэлд халуун цай, хоол хийхгүй байхыг хүмүүс зөвлөсөөр ирсэн. Өндөр халууны зориулалтын бус энгийн хуванцар савыг богино долгионы зууханд 3 минут халаавал 2 тэрбум нано пластик болон хэдэн сая бичил пластик ялгаруулдаг болохыг судалгаанд харуулжээ. Бичил пластик нь хүний биеийн дотоод шүүрлийн системд нөлөөлөхийн улмаас дааврын тэнцвэрийг алдагдуулдаг. Энэ нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд нөлөөлдөг. Эсүүдийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж, хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Бид нэг удаагийн хуванцар хэрэглээг танаж, дахин ашиглаж болох байгалийн гаралтай сав эдлэл хэрэглэхийг уриалж байна” гэжээ.

Уг бичлэг нь Хятадын төрийн хяналттай гэж тодорхойлсон Б.Алтаннавч нэртэй хуудаснаас 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр оруулсан байна.

Бичлэгийн эх сурвалж нь Хятадын төрийн хяналттай пэйжээр оруулсан мэдээлэл байна.

Тус пэйжийг 2021 оны 02 дугаар сарын 14-нд нээсэн, нэрээ солиогүй. Хятадаас 9, Энэтхэгээс 1, байршлаа ил болгоогүй 6 хаягаас гээд нийт 16 админ удирддаг хаяг байна.

Нэг удаагийн цаасан аяганд халуун зүйл хийх үед аяга доторх бүрхүүлийн задарлаас фтор, хлор, сульфат, нитрат зэрэг ионууд усанд уусч байгааг тогтоосон

Нэг удаагийн цаасан аяга нь шингэн нэвчихээс хамгаалахын тулд дотор талдаа нимгэн хуванцар бүрхүүлтэй байдаг. Энэхүү бүрхүүл нь ихэвчлэн бага нягттай полиэтилен (LDPE) эсвэл ургамлын гаралтай полилактик хүчил (PLA) зэрэг полимерээр хийгддэг. Нэг удаагийн цаасан аяганд 80–90°C орчим халуун цай, кофе хийх үед тус хуванцар давхарга задралд орж, бичил (10–1000 µм) болон нанопластик (<1 µм) бөөмсийг шингэнд ялгаруулдаг болохыг Sciencedirect олон улсын судалгааны мэдээллийн сангийн “Нэг удаагийн цаасан аяганд халуун ус хийхэд ялгардаг бичил хуванцар болон бусад хорт бодисууд” гэх судалгаагаар тогтоосон байна. Тухайлбал, нэг удаагийн цаасан аяганд халуун ус хийх үед цаасан аяга доторх бүрхүүлийн задарлаас фтор, хлор, сульфат, нитрат зэрэг ионууд усанд уусч буйг онцолжээ.

Мөн 2020 онд Энэтхэгийн IIT Kharagpur их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар халуун шингэнийг нэг удаагийн цаасан аяганд хийж хэрэглэхэд микро хуванцар болон бусад хорт бодис аяганд хэрэглэсэн бүрхүүлээс шингэн рүү ялгардаг болохыг нотолжээ. Энэхүү бүрхүүл нь усанд тэсвэртэй нимгэн хуванцар давхарга бөгөөд ихэвчлэн полиэтилен (PE), зарим төрлийн полимер орцтой байдаг аж.

Судалгааны үр дүнд, халуун усыг цаасан аяганд хийснээс хойш 15 минутын дотор тус хуванцар давхарга задарч эхэлдэг бөгөөд үүний улмаас усанд бичил хуванцар болон хүнд металл зэрэг хорт бодис уусдаг гэжээ. Доктор Гоэлын тайлбарласнаар, “85–90°C халуун усыг 100 мл цаасан аяганд 15 минут байлгахад 10-1000 микро хэмжээтэй 25,000 бичил хуванцар бөөм шингэнд ялгарч байгааг илрүүлсэн. Энэ нь өдөрт гурван аяга цай, кофе цаасан аяганд уудаг хүн нүдэнд үл үзэгдэх 75,000 бичил хуванцар залгидгийг илтгэнэ” гэжээ.

Бичил хуванцар гэж юу вэ?

Бичил хуванцар гэдэг нь 5 мм-ээс бага хэмжээтэй хуванцар хэсгүүдийг хэлдэг бөгөөд анхдагч ба хоёрдогч гэж хоёр ангилдаг байна. Анхдагч бичил хуванцар нь гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас болон загас агнуурын тор зэрэг нэхмэл эдлэлээс гардаг микро ширхэгүүдээс үүсдэг. Харин хоёрдогч бичил хуванцар нь том хэмжээтэй хуванцар эд зүйлс нарны гэрэл, долгион, халууны нөлөөгөөр задарснаар бий болдог. Эдгээр хуванцар нь байгальд амархан задралгүй, хэдэн зуун жилийн турш оршиж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Бидний хэрэглэдэг нэг удаагийн цаасан аяга нь хоёрдогч бичил хуванцрын ангилалд багтдаг бөгөөд нүдэнд үл үзэгдэх ч хүний биед шингэх чадвартай, ундны ус, далайн амьтдаас мөн илэрдэг байна. Түүнчлэн бичил хуванцар нь өөртөө хорт бодис шингээж, хүний биеийн дааврын тэнцвэрт байдалд нөлөөлөх, нөхөн үржихүйн тогтолцоог гэмтээх эрсдэлтэй тухай судалгаа байна.

Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF) болон Австралийн Ньюкаслын их сургуулийн хамтарсан 2019 оны судалгаагаар хүн долоо хоногт дунджаар 5 грамм бичил хуванцар буюу нэг ширхэг кредит карттай тэнцэх хэмжээний хуванцар залгиж магадгүй хэмээн тооцоолжээ.

Бичил хуванцар нь дотоод шүүрлийн системд нөлөөлж, дааврын тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй

2023 онд Небраска-Линкольны их сургуулийн судлаачдын хийсэн туршилтаар, энгийн хуванцар савыг богино долгионы зууханд 3 минут халаахад нэг квадрат сантиметр тутамд 2.11 тэрбум нанопластик, 4.22 сая бичил хуванцар бөөмс ялгарч байгааг тогтоожээ. Бичил хуванцрууд нь хүний дотоод шүүрлийн буюу эндокриний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг талаар /энд, энд/ судалгаанд дурдсан байна.

Тухайлбал, дотоод шүүрлийн тогтолцоо нь гипоталамус, гипофиз, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, үржлийн эрхтнүүд зэрэг даавар ялгаруулдаг эрхтнүүдийг хэлдэг бөгөөд бие махбодийн өсөлт хөгжил, бодисын солилцоо, нөхөн үржихүй, сэтгэл зүйн олон үйл явцыг зохицуулдаг чухал тогтолцоо юм. Бичил хуванцарт агуулагдах эндокриний хөндлөнгийн нөлөөтэй бодисууд болох бисфенол А (BPA), фталат зэрэг нэгдэл нь хүний бие махбодод явагддаг дааврын үйл ажиллагаатай төстэй үйлчлэл үзүүлж, дааврыг орлох, үйл ажиллагааг нь дарангуйлах эсвэл хэт идэвхжүүлэх замаар дааврын тэнцвэрийг алдагдуулж, дотоод шүүрлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг гэжээ.

ДЭМБ ба UNEP-ийн хамтарсан тайланд бичил хуванцар зэрэг химийн бохирдуулагчид нь нөхөн үржихүй , мэдрэлийн хөгжил, өсөлт зэрэг биологийн чухал үйл ажиллагааг доголдуулах өндөр эрсдэлтэйг онцолжээ. Эдгээр нөлөөлөл нь хүний биед бага багаар хуримтлагдсаар, удаан хугацаанд илрэх шинж чанартай учир бичил хуванцарт өдөр тутамд тогтмол өртөх нь эрүүл мэндийн ноцтой аюулд хүргэх магадлалтай гэжээ. Харин шалгасан мэдээлэлд дурдсан хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэх мэдээлэл нь бүрэн бус бөгөөд хангалттай судалгаагаар батлагдаагүй байна.

Иймд судлаачид бичил хуванцрын хэрэглээг хянах, эх үүсвэрийг багасгах, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцдаг сав баглаа боодол дахь хэрэглээг хязгаарлах нь урьдчилан сэргийлэх чухал алхам юм хэмээн мэдэгдсээр байна.

Доорх бичлэгт нэг удаагийн цаасан аяганы дотор талын хуванцар бүрхүүлийг туршилтаар харуулж байна.

Дүгнэхэд, “Нэг удаагийн таван цаасан аяганы дөрөв нь HDPE ангиллын хуванцар бүрхүүлтэй” болохыг судалгаагаар тогтоожээ. HDPE нь усны сав болон хүнсний сав баглаа боодол зэрэгт түгээмэл хэрэглэгддэг ч, халуун шингэнтэй шууд харьцах үед бичил хуванцрын хэлбэрээр ялгарч, биед орох, цаашлаад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг шинжлэх ухааны судалгаануудад анхааруулж байна. Иймээс нэг удаагийн хэрэглээний цаасан аяганд халуун шингэн байнга уухаас татгалзах нь зүйтэй. Халуун кофе, бусад уух зүйл авахдаа өөрийн аяганд хийж байхыг уриалж байна.

Кофе шоп, хүнсний үйлчилгээний газрууд дахин ашиглах боломжтой, аюулгүй материалтай аяга санал болгох шаардлагатай байна. Мөн үйлчилгээндээ ашиглаж буй нэг удаагийн цаасан аяганы чанар, аюулгүй байдал, ялангуяа дотор бүрхүүлийн хуванцарын төрөл, бичил хуванцар ялгаруулалт, халуунд тэсвэртэй байдал зэрэг үзүүлэлтийг мэргэжлийн лабораторид шалгуулах хэрэгтэй байна. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газрын харьяа лаборатори (MASM)-д хандан шалгуулах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document