2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр Амтат Монгол мах нэртэй хуудаснаас “Далийн ягаан бол их хортой цэцэг гэнэ. Цэцгийн үнэрт хордож мансуурч байгаагаа ядаргаа тайлж байна гэж эндүүрдэг бололтой. Далийн ягаан буюу латинаар Rhododendron хэмээх энэ цэцэг нь нейротоксин(мэдрэлийг хордуулагч) бүлэгт хамрагддаг андромедотоксин хэмээх хортой бодисыг их хэмжээгээр агуулдаг бөгөөд энэ бодис нь хүний эсийн мэдрэх рецептор (хүлээн авах буюу бидний ойлгож заншсанаар антен)-ийн чадварыг эвддэг. Эхний хэсэгхэн хугацаанд хүний мэдрэлийн төв системийн ажиллагааг сэргээх боловч аажмаар түүнийг дарангуйлж цаашдаа үхэлд ч хүргэх аюултай гэж бичжээ. Бид бусдын ам дамжсан ярианд сохроор итгэж эрүүл мэндээ сайжруулж байна гэж янз бүрийн батлагдаагүй зүйлсийг хэрэглэхийн өмнө мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, шинжлэх ухааны батлагдсан эх үүсвэрээс мэдээлэл авч заншвал зүгээр юм уу. Ер нь зөвхөн далийн ягаан ч гэлтгүй бусад ардын уламжлалт гэх элдэв эмчилгээний талаар мэргэжлийн эмч, эмзүйч, химич, биологичид зохих судалгааг хийж хүмүүст хүргэж байлтай. Би энэ талын мэргэжилтэн биш ээ. Гэвч албан ёсны эх үүсвэрт ингэж бичсэн болохоор та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Үүнийг цаашаа ойр дотнынхоо хүмүүст дамжуулж болзошгүй хор хөнөөлөөс сэргийлье” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг пост 1800 гаруй реакц, 391 сэтгэгдэл авч, 1900 орчим удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Далийн ягаан нь мянга гаруй зүйлтэй цэцэг бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, сэрүүн уур амьсгалтай бүс нутагт ургадаг. Уг цэцгийн зарим төрлийг уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг ч хүн амьтны биед хортой нэгдэл агуулдаг тул болгоомжлох хэрэгтэй.
Учир нь далийн ягаан цэцгийн (Rhododendron) дийлэнх төрөлд биед сөрөг нөлөөтэй нэгдлийг тодорхой хэмжээгээр агуулдаг байна. Үүнээс хамгийн түгээмэл нь грайнотоксин хэмээх мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх эрсдэлтэй хортой нэгдэл юм. Шалгаж буй мэдээлэлд дурдсан андромедотоксин нь грайнотоксин нэгдлийн нэг бүлэг бөгөөд тухайн ургамлын их бие, навч, цэцэг гэх мэт бүхий л хэсэгт агуулагддаг. Иймд тухайн цэцгийг залгих, түүхий эдээр хэрэглэх тохиолдолд хордох эрсдэлтэй. Харин уг цэцгэн дунд сууж, үнэрлэх нь эрүүл мэндэд эерэг, эсвэл сөрөг нөлөөтэй эсэхийг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй.
Грайнотоксин нь мэдрэл, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд дотор муухайрах, бөөлжих, зүрхний хэм алдагдах, цусны даралт буурах зэрэг сөрөг шинж тэмдгүүд илрэх боломжтой. Энэ талаар PubMed судалгааны санд 2012 онд нийтлэгдсэн “Грайнотоксины хордлого“-ын талаарх судалгаанд “Ericaceae (зарим төрлийн бутлаг ургамал) овгийн ургамлын навч, цэцгийг шууд хэрэглэх эсвэл тэдгээрээс гарган авсан ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хордож хүний амь нас эрсдэх нь ховор боловч мал, гэрийн тэжээвэр амьтдын үхэлтэй олон тохиолдол бүртгэгдсэн. Иймд грайнотоксин агуулсан эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүний аюулгүй байдал, нөлөөллийг бүрэн судлаагүй байгаа тул ийм төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхдээ болгоомжтой байх шаардлагатай” гэж дүгнэжээ.
Далийн ягаан цэцгийг эмчилгээний хүрээнд ашиглах талаар “Далийн ягаан төрлийн ургамлын хоруу чанарыг судалсан этнофармакологийн тойм” судалгаанд “Rhododendron” буюу далийн ягаан төрөлд багтах ургамлуудыг Азийн, Хойд Америкийн болон Европын уламжлалт анагаах ухаанд голчлон үрэвслийн эсрэг, сэтгэл санааг тайвшруулж, амьсгалын замын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэглэж ирснийг тэмдэглэжээ. Мөн тухайн ургамлын ханд болон нэгдлүүд дээр хийгдсэн туршилтуудаар олон төрлийн биологийн идэвхэт нэгдлүүд байгааг тогтоосон байна. Гэвч эдгээр төрлийн ургамлуудад грайнотоксин гэх хортой нэгдэл агуулдаг тул хордлого үүсгэж болно. Тиймээс энэ төрлийн ургамлаас гаргасан бэлдмэлүүдийг удаан хугацаанд, их тунгаар хэрэглэх нь эрсдэлтэй тул болгоомжлох шаардлагатайг дурдаж, далийн ягааны идэвхтэй нэгдлүүдийг тогтоох судалгаа илүү ихийг хийх нь чухал гэж үзжээ.
Үүнээс дүгнэхэд, далийн ягааны зарим төрөл нь грайнотоксин гэх хортой нэгдэл агуулдаг тул хэт их хэмжээгээр хяналтгүй хэрэглэх нь хордлого үүсгэх эрсдэлтэй. Уг нэгдэл нь мэдрэл, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд дотор муухайрах, бөөлжих, зүрхний хэм алдагдах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч болно. Иймд тухайн төрлийн ургамалд болгоомжтой хандаж, боловсруулаагүй түүхий эдийг шууд хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.