Search

Байцай түр хугацаанд өвчин намдаахад үр дүнтэй ч, үндсэн эмчилгээ болохгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1430

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Uugii Navaantaya гэх хаягаас “Үe мөчний өвчинд ямар ч үр дүнгүй Үнэтэй тос,наалтанд мөнгөө үрэхгүй бүгдээрээ харин Ногоон байцаанд мөнгөө үрнээ” гэсэн бичлэг нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

Байцайнд агуулагддаг сулфорафан бодис нь түр хугацаанд өвчин намдаах, зөөлөн эдийн гэмтлийг бууруулахад нөлөөлдөг

2025 оны тавдугаар сарын 07-нд Uugii Navaantaya гэх хаягаас “Үe мөчний өвчинд ямар ч үр дүнгүй Үнэтэй тос,наалтанд мөнгөө үрэхгүй бүгдээрээ харин Ногоон байцаанд мөнгөө үрнээ” гэсэн бичлэг нийтэлжээ. Тус бичлэг 8,900 гаруй реакц, 419 сэтгэгдэл авч, 1 сая гаруй үзэлт авчээ.

Тухайлбал, “Сүүлийн үед үе мөчний асуудалтай, ялангуяа остеоартриттай хүмүүс үендээ байцай тавиад үр дүнтэй байгааг эмч нар ч гайхаж байна. Гүн ногоон өнгийн ногоонууад Сулфорафан бодис байдаг. Энэ нь үрэвслийн эсрэг, өвчин намдаах, зөөлөн эдийн гэмтлийг бууруулахад нөлөөлдөг. Мөн ягаан байцаа нь антиоксидант чанар өндөртэй. Харин ногоон байцаа нь антиоксидант арай багатай. Харин ягаан байцаа нь Сулфорафан нь бага, ногоон байцаанд илүү өндөр байдаг учир ногоон байцаа нь илүү үр дүнтэй. Бяцалж шүүсийг нь гаргаж болохгүй. Халуун хайруулан тавган дээр тавьж халаана. Тэгээд бүх үенүүд дээрээ тавьж боогоод хонуулах хэрэгтэй. Үнэтэй тосноос илүү үр дүнтэй” гэжээ.

Байцаа нь үрэвслийн эсрэг нөлөөтэй сулфорафан, витамин K, C зэрэг бодис агуулдаг

100 грамм байцайнд дунджаар 42 мг кальци, 207 мг кали, 13.9 мг магни, 27 мг фосфор, 16 мг натри агуулагддаг.

Мөн 100 грамм байцайнд 40.3 мг витамин C, 0.138 мг витамин B6, мөн 59.4 микрограмм витамин K1 (филлохинон) агуулагддаг. Харин витамин K-ийн бусад хэлбэр болох дихидрофиллохинон болон менакиннон-4 нь маш бага (<0.1 мкг) хэмжээгээр агуулагддаг.

Байцайнд агуулагддаг сулфорафан бодис нь түр хугацаанд өвчин намдаах, зөөлөн эдийн гэмтлийг бууруулахад нөлөөлдөг

Сулфорафан нь брокколи, байцай, цэцэгт байцай зэрэг ногоонд агуулагддаг байгалийн гаралтай, биологийн идэвхтэй нэгдэл юм. Уг бодис нь глюкорафанин хэмээх глюкозинолат задрах үед мирозиназа хэмээх ферментийн оролцоотойгоор бий болдог. Сулфорафан нь хүний биед антиоксидант, үрэвслийн эсрэг болон хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг ScienceDirect судалгааны сангийн “Сулфорафан нь үрэвсэл ба мөгөөрсний эвдрэлийг дарангуйлж байна: Остеоартритын эсрэг нутрицептик бодис байж болохуйц нэгдэл” өгүүлэлд дурджээ.

Сулфорафаныг гэмтлээс хамгаалдаг ферментүүдийг идэвхжүүлж, хавдрын эсийн өсөлтийг дарангуйлж болзошгүй гэж үздэг байна. Тухайлбал, хөхний хавдрын эсүүдийн өсөлтийг зогсоож, шинэ үйлчлэлийн механизмыг тогтоосон судалгаа байна.

Түүнчлэн энэ бодис нь тархины эсийг хамгаалах (нейропротектор) боломжтой нэгдэл хэмээн үнэлэгдэж, Альцгеймерийн өвчин болон аутизмын эмгэгийн үед хэрэглэж болох эсэх талаар судалгаа хийгдэж байгаа ажээ.

Өвдөгний остеоартриттай өвчтөнүүдийн эмчилгээнд байцааны навч, хөргөгч гель дэвсгэр болон диклофенак гелийн үр нөлөөг харьцуусан клиник туршилт

2022 онд хийгдсэн нэгэн клиник судалгаанд байцааны навчийг өвдөгний остеоартритын үед хэрэглэх нь хэр үр дүнтэй болохыг үнэлжээ. Судалгаанд оролцсон 60 өвчтөнг гурван бүлэгт хуваан, тус бүрт 4 долоо хоногийн турш байцааны навч боох, хүйтэн жин, эсвэл диклофенак гель түрхэх эмчилгээ хийсэн байна. Үр дүнд нь байцааны навч хэрэглэсэн бүлэгт өвдөлт буурч, хөдөлгөөний чадвар сайжирсан нь эмийн болон хөргөлтийн аргуудтай дүйцэхүйц түвшний үр нөлөөтэй байжээ. Судлаачид байцааны навчийг аюул багатай, хямд өртөгтэй, байгалийн нэмэлт эмчилгээний нэгэн боломж гэж дүгнэсэн байна.

Байцааны навч нь чийглэг, сэрүүн бүтэцтэй тул жин тавьж буй хэсэгт дулааны тэнцвэрийг хадгалах, хаван бууруулах, цусны эргэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг.

Судалгаагаар байцайнд агуулагддаг антиоксидант, сулфорафан зэрэг бодисууд нь үрэвслийн маркеруудыг багасгаж болох ч, арьсаар дамжин хангалттай хэмжээгээр нэвтэрч, үр дүн үзүүлэх эсэх нь баттай нотлогдоогүй. Бага зэрэг халаасан байцай нь дулааны жин шиг үйлчилж:

  • Цусны эргэлтийг сайжруулах
  • Булчинг суллах
  • Түр зуурын өвдөлт бууруулах
  • Хаван багасгах боломжтой.

Харин сулфорафан нь хэт өндөр температурт устдаг тул бага зэрэг жигнэж хэрэглэх, эсвэл түүхий хэлбэрээр хэрэглэхийг зөвлөдөг. Дүгнэхэд, Байцааны навч нь үе мөчний өвдөлт, хаванг богино хугацаанд намдаах, дэмжих үйлчилгээ үзүүлэх боломжтой. Клиник судалгаанууд байцай нь остеоартриттай хүмүүст өвдөлт бууруулахад үр дүнтэй болохыг харуулсан ч, энэ нь өвчнийг бүрэн эмчлэх бус, түр зуурын шинж тэмдгийг бууруулах хариу урвал юм. Иймээс байцайг үе мөчний эмчилгээний байгалийн, аюул багатай нэмэлт арга хэлбэрээр хэрэглэх боломжтой ч, үндсэн эмчилгээний оронд хэрэглэх нь зохимжгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document