Search

“Ерөнхий сайдын бэрийн тансаг стори үргэлжилсээр” гэх тайлбартай хуурамч мэдээлэл эвлүүлж түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1429

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Ерөнхий сайдын бэрийн тансаг стори үргэлжилсээр” гэсэн тайлбартай зургуудыг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургуудыг mever программаар шалгахад 57-92 хувийн эвлүүлэг байх магадлалтай гэж илэрлээ. Мөн тэдгээр зургуудыг GoogleLens хайлтын системээс хайхад Pinterest, Facebook гэх мэт олон төрлийн сувагт өөр өөр хэрэглэгч янз бүрийн цаг хугацаанд байршуулжээ. Энэ нь интернэт дэх үнэгүй зургуудыг татаж эвлүүлэг хийсэн болохыг илэрхийлж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр Hardnews.mn нэртэй хуудаснаас “Ерөнхий сайдын бэрийн тансаг стори үргэлжилсээр” гэсэн тайлбартай зургуудыг нийтэлжээ. Уг пост 169 реакц, 70 сэтгэгдэл авч, 200 удаа цааш түгээгджээ.

Гэхдээ Hardnews.mn пэйж уг мэдээллийг устгасан байна. Гэхдээ ижил мэдээллүүд түгээсээр байгаа тул (энд, энд, бас энд) баримт шалгалт хийлээ.

  • Олны анхаарлыг татсан асуудлаар интернэт дэх зургуудад хаягийн нэр, текст нэмж оруулаад, Ерөнхий сайдын хүүгийн өндөр дүнтэй тансаглалд зарцуулж буй орлогоо нотлохыг шаардаж байгаа олон нийтийн уур бухимдлыг улам өдөөсөн байна.

Зурагт буй хаягийг шалгах нь

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зурагт хоёр өөр хаягийг оруулсан байна. Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүйн “mira.0121” гэх хаяг нь Instagram-д нээлттэй тохиргоогүй тул хайлтад илэрцгүй байна, харин “mira.0121o” нь нүүр зураггүй, 2024 оны 10 дугаар сард нээгээд 7 удаа нэрийг сольсон ба 76 дагагчтай хаяг байна.

2024 онд нээснээс хойш 7 удаа нэрийг сольжээ.

Зургийг нягтлах нь

Тухайн мэдээллийг шалгахын тулд зургийн хуурамч, эвлүүлсэн эсэхийг шалгадаг mever программ ашигласан. Шалгалтын үр дүнд дээрх мэдээлэлд хавсаргасан зургийг эвлүүлсэн байх магадлал 57-92 хувьтай илэрч байна. Уг программ нь улаан өнгөөр тухайн зурагт нэмэлтээр оруулсан хэсгийг, харин цэнхэр өнгөөр бодит хэсгийг тодруулж өгдөг. Мөн нарийвчилсан мэдээллийг шалгахын тулд хиймэл оюун ухаанд суурилсан Noiseprint++ хэмээх шүүлтүүрийг ашигладаг. 

Mever программаар илрүүлсэн үр дүнг дараах зургаар харууллаа. Уг зураг нь 92 хувь хуурамч байх магадлалтай гэж илэрсэн бөгөөд хаягийн,

  • нүүр зураг,
  • close буюу хаалттай гэх тохиргоо,
  • мөн тайлбар текст дэх эможи гурвыг эвлүүлсэн байгааг улаан өнгөөр тодруулж өгчээ.

Бусад зургийн үр дүнг эндээс харах боломжтой. (энд, энд бас энд)

Ашигласан зургийн эх сурвалж:

Шалгаж буй мэдээлэлд буй зургуудыг Google Lens хайлтын системээр хайхад ижил төрлийн олон зургууд илэрлээ. (Энд, энд, энд бас энд). Тухайлбал,

Уг зургуудыг Google lens хайлтын системээр хайхад Pinterest болон бусад платформд нийтлэгдсэн олон тооны ижил зураг илэрч байна. Зургуудыг 2 жилийн өмнө, 3 сарын өмнө гэх мэтээр нийтэлжээ. Энэ нь интернэтэд буй бэлэн зургийг ашиглан эвлүүлэг хийсэн гэсэн үг юм.

Түгээсэн хаягийг шинжлэх нь

“Ерөнхий сайдын бэрийн тансаг стори үргэлжилсээр” гэсэн тайлбартай зургуудыг анх нийтэлсэн Hardnews.mn нэртэй хуудас нь hardnews.mn сайтын холбоосыг хуваалцсан постууд оруулдаг.

  • Вэбсайтын мэдээллийг who.is хэрэглүүрээр харахад hardnews.mn домэйн нэрийн бүртгэлд 2026 оны 02 дугаар сарын хүртэл сунгасан, “Хас сошиал медиа” ХХК, Энхтөрийн Цогбадрал гэсэн мэдээлэл байна.
    • “Хас сошиал медиа” ХХК-ийн нэрийг нээлттэй сангаас хайхад “Нийслэл групп” ХХК болон Э.Цогбадрал эзэмшилтэй, “Чингэлтэй, 1-р хороо, Жуулчны гудамж-32, Матрикс төв 203 тоот” гэсэн хаяг оруулсан. Үйл ажиллагааны чиглэлд “компьютер, интернэтийн үйлчилгээ, вэбсайт хийх, дуу, дүрс бичлэг, зар сурталчилгаа хийх, хөргөлтийн тоног төхөөрөмж, автомашины сэлбэгийн худалдаа, төмрөөр хашаа хаалга хийх, уул уурхай, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа, гадаад худалдаа” гэжээ.
      • “Нийслэл групп” ХХК нь “гадаад худалдаа, аялал жуулчлал, барилгын засвар үйлчилгээ, интерьер дизайн хийх, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа” гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэжээ. Энд хэвлэл мэдээллийн чиглэл байхгүй.
    • “Хас сошиал медиа” ХХК нь “Ардчиллын өнгө сэтгүүл” ХХК-ийн хувь эзэмшдэг. “Ардчиллын өнгө сэтгүүл” нь 2019 онд байгуулагдсан, хаяг нь ижил, үйл ажиллагааны чиглэл нь зар сурталчилгаа, хэвлэх үйлдвэр гэсэн байна. Гүйцэтгэх захирлаар Өлзийпүрэвийн Шинэхүү 2022 онд бүртгэгджээ. Ө.Шинэхүү нь УИХ-ын сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж, 2023 онд хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнаж байжээ.

Нээлттэй мэдээллийн санд байгаа эдгээр мэдээлэл нь түгээж буй агуулгуудтай шууд холбоотойг батлахгүй. Энэ өдрүүдэд Hardnews.mn пэйж нь Ерөнхий сайдын эсрэг байр сууриудыг түлхүү нийтэлж байна.

Олон нийтийн анхаарлыг татаж буй мэдээллийг ашиглан хуурамч зураг, бичлэг эвлүүлэн түгээж хүмүүсийг төөрөгдүүлэх үзэгдэл нь хандалтаа нэмэгдүүлэхээс эхлээд тодорхой зорилготой бүлэглэлийн нэг хэсэг байх магадлалтай тул хүлээн авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй, хэрсүү хандаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Ерөнхий сайдын бэрийн тансаг стори үргэлжилсээр” гэсэн тайлбартай зургуудыг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document