2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр Шуурхай /онцлох/ нэртэй хуудаснаас “Иргэний нийтлэл: Ноорог, MCS хоёрын фейсбүүк хуудас нэг утасны дугаар дээр бүртгэлтэй, ноорог хуудас өмнө нь MCS медиа нэртэй байсан юм байна. Ноорог бол зүгээр л утсан хүүхэлдэй” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ. Уг пост 14 гаруй реакц, 12 сэтгэгдэл авч, 1200 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээлэлд дурдаж буй агуулгыг шалгахын тулд Ноорог болон MCS Group-ийн хуудас руу хандаж бичлэгт дурдаж буй агуулгыг шалгахаас гадна холбогдох хүмүүсээс мэдээлэл авсан.

Ноорог хуудасны мэдээллийг шалгахын тулд тухайн хаягийн ил тод байдлыг харуулах хэсгийг нягталлаа. Үүнд тухайн хуудасны анхны нэр нь “Till” бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 4-нд үүсгэсэн байна.
Facebook-ийн “Page Transparency” буюу ил тод байдлын хэсэгт хуудасны анхны үүсгэгчийн нэрийг харуулдаг бөгөөд уг мэдээллийг устгах эсвэл өөрчлөх боломжгүй. Энэ нь фейсбүүкийн ил тод байдал, хариуцлагын бодлогоор түүхийг нь хадгалах зорилготой юм.
Мөн тухайн бичлэгт дурдаж буй Ноорог хуудасны “9587 6565” дугаараар холбогдож тодруулга авлаа. Уг дугаар нь “Ноорог кретив медиа” ХХК-ийн Олон нийттэй харилцах ажилтан Б.Ану гэж хүнийх байна. Тэрээр дугаараа 10 жил ашиглаж байгаагаа хэлээд “ContentCon эвентийн өмнөхөн буюу 2025 оны 03 дугаар сарын 28-нд Ноорог пэйжид дугаараа байршуулсан” гэв. Түүнчлэн MCS-тэй ямар нэг холбоогүй, тэнд ажиллаж, утасны дугаараа пэйжид нь оруулж байгаагүйгээ онцоллоо.
Үүнээс гадна, шалгаж буй бичлэгт гурван төрлийн цонх нээсэн байх бөгөөд сүүлийн хэсэгт үзүүлж байгаа “MCS Media” гэх хэсгийг Ноорог хуудасны анхны нэрийн бодит хэлбэртэй харьцуулахад ялгаатай байна. Доорх зурагт харуулснаар үүсгэн байгуулсан анхны нэрийг тэмдэглэхдээ урт, тод “зураас”-аар зааглаж өгсөн бол шалгаж буй бичлэгт хавсаргасан дүрс нь сарнисан, жижиг тэмдэглэгээ, эсвэл цэг мэт харагдаж байгаа нь засвар орсны илрэл юм.

- Шалгасан бичлэгт Ноорог-ийн хуудсыг харуулсан хэсэгтээ дээрх эвлүүлсэн зургийг ашигласан байна.
MCS Group-ийн пэйж нь 2013 оны 09 дүгээр сарын 23-нд энэ нэрээрээ нээж, өөрчлөлт оруулаагүй байна. Монгол Улсаас 5 админ удирддаг пэйж байна. Пэйжийн нүүр хэсэгт утасны дугаар оруулдаггүй, харин вэбсайтынхаа холбоосыг оруулдаг байна. Холбоос дахь сайтын холбоо барих хэсгийг харахад 77778833 дугаарыг байршуулжээ.

- Логикоор бодоход, үндэсний томоохон компани, Unitel операторыг эзэмшдэг байгууллага албан ёсны хуудсандаа Mobicom-ын гар утасны дугаар тавихгүй.
Түүнчлэн цахим орчинд түгсэн Ноорог, MCS-тэй холбоотой мэдээлэлд MCS Group-ээс “Бизнесийн байгууллагыг улс төрийн асуудалд санаатайгаар хутган оролцуулж, олон нийтийг төөрөгдүүлэх, хагалан бутаргах зорилгоор худал мэдээлэл түгээж буйг эсэргүүцэж, эдгээр илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг тараан нийтэлж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна” гэсэн албан ёсны мэдэгдэл хийжээ.

Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавьж буй жагсаалд идэвхтэй оролцож буй Ноорог медиагийн хуудсыг MCS групптэй холбож, эвлүүлэг хийж түгээжээ.




