Search

“Франц, Их Британи, Германы гурван талт уулзалтын үеэр кокайн хэрэглэсэн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1425

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Францын ерөнхийлөгч, Германы канцлер, Их Британийн ерөнхий сайд кокайн хэрэглэсэн гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Францын Ерөнхийлөгч, Германы канцлер хоёул ярилцаж байхад сэтгүүлчид байсан бөгөөд Их Британийн ерөнхий сайд орж ирээд, ярилцаж дуусаад хамтдаа зураг татуулахад ширээн дээр байгаа хогийг авч буй бичлэгийн хэсгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 05 дугаар сарын 11 -нд Delgermaa Beckbat (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Европын удирдагчид Киевээс галт тэргээр буцах замд нь купенд гэнэт орж ирсэн сурвалжлагчдын хараанд өртжээ. Макрон боодолтой хар тамхи нууж, Фрийдрих Мерц коксын халбагыг гараараа нуужээ. Макроны царай эвгүй барайсан байна. Ийм хар тамхичид Европыг удирдаж, дайныг өөгшүүлж байна.” гэх тайлбартайгаар Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Германы канцлер  Фридрих Мерцийн бичлэг зургийг нийтэлжээ. Тус постыг нийт  713 реакц, 131 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,500 гаруй удаа цааш түгээжээ.

2025 оны 05 дугаар сарын 09-нд Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон,  Германы канцлер Фридрих Мерц нар Польшоос Украин явах галт тэргэнд гурван талт уулзалт хийсэн. Getty Images сайтад AFP агетнлаг уулзалтын үеэр авсан чанартай зургуудыг нийтэлжээ. Доор зургаас тодруулж харвал ширээн дээр байх цагаан зүйл нь ам арчих сальфетка байгааг харж болох юм.

Зургийн эх сурвалж: Getty Images

Мөн AP агентлагийн Youtube сувагт 05 дугаар сарын 10-нд оруулсан бичлэгт зураг татуулах үеэр ширээн дээр буй хогийг цэвэрлэж, хураан авч байгааг харуулсан байна. Доорх бичлэгт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон,  Германы канцлер Фридрих Мерцтэй ярилцаж байх үед Их Британийн ерөнхий сайд орж ирээгүй байгааг харж болох ба тэр үед ч сэтгүүлчид зураг авч байсныг харах боломжтой. Харин Их Британийн ерөнхий сайд орж ирж ярилцаад хамт зураг авхуулах үед ширээн дээр байгаа амны цаас, шүдний чигчлүүр зэрэг хогийг авч байгааг харуулсан байна.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн ордны албан ёсны X хаягт (The Élysée Palace) 05 дугаар сарын 12-нд уулзалтын үеэрх “кокайн хэрэглэж байсан” гэх хуурамч мэдээлэлд тайлбар хийсэн бөгөөд ширээн дээр байсан цагаан цаасыг ам арчих сальфетка болохыг зургаар харуулжээ.

Францын өдөр тутмын Libération сонины мэдээлэлд Францын Ерөнхийлөгчийн урд буй зүйл амны алчуур, Германы канцлерын барьж буй зүйл шүдний чигчлүүр эсвэл хутгууртай илүү төстэй харагдаж буйг тайлбарлажээ. Мөн интернэт орчинд түгж буй “кокайн хэрэглэж байна” гэх хуурамч мэдээлэл нь байнга түгээдэг “барууны удирдагчид завхарсан”, “дайнд ухамсаргүй ханддаг” зэрэг хуйвалдааны онолын мэдээлэлтэй адил байгаа тухай дурджээ. Мөн India today, Turkey Today, Firstpost, RBC Ukraine зэрэг мэдээллийн сайтад Оросын зүгээс түгээж буй зохион байгуулалттай хуурамч мэдээлэл гэж дурджээ. Тухайлбал, ОХУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн телеграм сувагт тус уулзалтын үеэр кокайн хэрэглэсэн гэж таамаглаж буй тухай 05 дугаар сарын 11-нд нийтэлжээ.

Францын Ерөнхийлөгч, Германы канцлер хоёул ярилцаж байхад сэтгүүлчид байсан бөгөөд Их Британийн ерөнхий сайд орж ирээд ярилцаж дуусаад хамтдаа зураг татуулахад ширээн дээр буй хогийг авсан байна. Уг үйл явдлын бичлэгээс тастан оруулж, “сэтгүүлчид гэнэт орж ирэхэд кокайн нуусан” гэж төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Францын ерөнхийлөгч, Германы канцлер, Их Британийн ерөнхий сайд кокайн хэрэглэсэн гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Check document