2025 оны 05 дугаар сарын 05-нд Дэнс.мн Шинэбаяр (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Баян-Өлгийд казахууд хүүхдээ төрөнгүүт өвөөгийнх нь нэр дээр бүртгүүлдэг гэнэ Өвөө нь нас барангуут 18 хүртлээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг Бараг бүх казахууд бүгд группэд орсон тэтгэмж авдаг юм байна Улсын тэтгэмжийн санг хоосолж болох бүхий л арга залийг тэд хийж байна” гэх мэдээлэл түгээснийг нийт 364 реакц, 131 сэтгэгдлээр идэвхжүүлж, 302 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
2024 оны байдлаар Баян-Өлгий аймагт 118.2 мянга, харин Улаанбаатарт 1.7 сая хүн ам бүртгэлтэй байгааг Үндэсний статистикийн хорооны дата сангаас харж болно. Мөн Баян-Өлгий аймагт 0-19 насны нийт 49,151 хүүхэд байдаг гэжээ.


2025 оны 03 дугаар сарын 21-нд Үндэсний Статистикийн Хорооны албан ёсны Facebook хуудаст “казах үндэстэн нийт хүн амын 4 хувийг эзэлж байна” гэжээ. Үүнээс 0-14 насны хүүхэд 34.5 хувийг, 15-24 насныхан 17.3 хувийг эзэлж байна.

Дээрх графикаас тооцоолол хийхэд казах үндэстэн нийт хүн амын 4 хувь буюу ойролцоогоор 140 мянга байгаагаас 118.2 мянга нь Баян-Өлгий аймагт амьдардаг байна.
Улс даяар нийт 36 мянга орчим хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж авч байна
Статистикийн мэдээллийн нэгдсэн санд байршсан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын мэдээлэлд тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийн тоо 2025 оны 03 дугаар сарын байдлаар 15.7 мянга, харин нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдын тоо 20.3 мянга байна. Эдгээр мэдээллээс харахад тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж авдаг 18 хүртэлх насны хүүхдийн тоо ойролцоогоор 36 мянга байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2024 оны нийгмийн даатгалын сангийн статистик мэдээлэлд оруулсан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын график мэдээллийг доорх зурагт харууллаа. Нийгмийн халамжийн тэтгэвэрт (тэтгэмж) 61 мянган хүн хамрагдсаны 27.7 хувь буюу 16.9 мянга нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 16.1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил, эсхүл нас барахын өмнөх сүүлийн 5 жилд нийтдээ 36 ба түүнээс дээш сар төлсөн даатгуулагч, эсхүл өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн доор дурдсан гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” хэмээн заасан байдаг. Тэтгэврийн хэмжээ нь гэр бүлийн гишүүний тоо 3 ба түүнээс дээш бол 100 хувь, 2 бол 75 хувь, нэг бол 50 хувь хүртэл тэтгэврийг тогтоолгон авах боломжтой байна. Харин Нийгмийн халамжийн тухай хуульд Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр тэтгэмж олгоно гэж заажээ.
Төрсөн хүүхдийг шууд өвөөгөөр нь овоглох боломжгүй
Иргэний бүртгэлийн тухай хуульд төрсний бүртгэлийг хийлгэхэд эцэг, эх эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч, эрх бүхий байгууллагын төлөөлөгч төрсний бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан ба төрсний гэрчилгээнд:
- Иргэний улсын бүртгэлийн дугаар
- Хүүхдийн иргэний бүртгэлийн дугаар
- Хүүхдийн овог, эцэг/эхийн/ нэр, өөрийн нэр
- Хүүхдийн төрсөн он,сар,өдөр, хүйс, төрсөн газар,
- Төрсний бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр
- Эцгийн иргэний харьяалал, иргэний бүртгэлийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр
- Эхийн иргэний харьяалал, иргэний бүртгэлийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр
- Бүртгэсэн байгууллагын нэр
- Улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг байна гэжээ.
Иймд төрсний бүртгэлд өвөөгийнхөө нэрээр бүртгүүлэх боломжгүй. Харин үрчилж авсан тохиолдолд Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу үрчлэх бүртгэл хийлгэх юм.
- Баян-Өлгий аймгийн 118.2 мянган оршин суугч болон тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг 18 хүртэлх насны хүүхдийн статистик тоон мэдээг харьцуулахад хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдарч буй өнөөгийн нөхцөлд “Баян-Өлгий аймагт амьдардаг иргэд нийгмийн халамжийн санг хоосолж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй юм.


