2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Эмийн ургамлын ханд нэртэй хуудаснаас “Шар будаа бөөрөнд үнэхээр сайн. Бөөрний хүнд хэлбэрийн өвчнийг хүртэл анагаах шидтэй” гэсэн тайлбартай шар будаа дэвтээж шүүсийг нь уух хэлбэрийн таван төрлийн жорын тухай нийтэлжээ. Тухайлбал,
- “Давсагны чулуутай үед онцгойлон ач тустай бөгөөд шар будааны ханд хэрэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа чулуу нь хайлж, элсжиж улмаар шээсээр гарна.
- Шар будааг хандлан хоолны халбагаар бөөр нь ажиллахаа байсан өвчтөндөө 10 минут тутам уулгаад, 8 цагийн дараа гэхэд шээс нь ялгарч, шээж эхэлсэн.
- Шар будааны хандыг уухаас гадна шээс хөөдөг эмийн ургамал мөн хэрэглэнэ. Шээс хөөх ургамал нь аньс, цангис, нохойн хошуу” гэх мэт батлагдаагүй арга зөвлөжээ.
Уг пост 1500 орчим реакц, 35 сэтгэгдэл авч, 2900 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд дурдаж буй аргуудаар бөөрний өвчлөлийг богино хугацаанд эдгээнэ гэх агуулгыг дурджээ. Уг мэдээллийг шалгахын тулд олон улсын судалгааны сангаас тус аргатай холбоотой судалгааны материалыг шүүлээ.
Шар будааг дэвтээж шүүсийг нь уух аргыг бөөр цэвэрлэх, бөөрний чулуу хайлуулах, цистит намдаах гэх мэтээр тайлбарладаг ч эдгээрийн аль нь ч шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй. Шар будаагаар бөөрний аливаа өвчнийг анагаах нь нотлогдоогүй мэдээлэл юм. Шар будаа нь эрүүл хооллолтын нэг хэсэг болж биед эергээр нөлөөлөх магадлалтай ч бөөрний өвчний үед хэрэглэхэд зохимжгүй бөгөөд эмчилгээний тусгай аргыг орлохгүй.
2023 онд хийсэн нэгэн лабораторийн судалгаанд шар будааг халуун усанд хийж хандалсан уусмалыг туршсан байна. Уг туршилтад бөөрөнд үүсдэг “кальцийн оксалат” гэх түгээмэл төрлийн чулууг хиймлээр үүсгэж, шар будааны хандалсан шүүсийг ашиглажээ. Судалгаанаас харахад, шар будааны ханд нь чулуу үүсэх явцыг ойролцоогоор 20–34% буюу бага зэрэг бууруулсан байна. Гэвч тухайн үйл явц нь удаан хугацааны дараа ажиглагдсан бөгөөд зөвхөн лабораторийн хүрээнд хийсэн туршилт тул илүү нарийн судлах шаардлагатай гэж дүгнэжээ.
- Өөрөөр хэлбэл, уг аргыг хүн болон амьтан дээр туршсан баталгаатай үр дүн байхгүй. Лабораторид үзүүлсэн үр дүн хүний биед яг адилхан нөлөө үзүүлнэ гэсэн баталгаагүй.
Энэтхэгийн “Бөөрний эмчилгээний төв” эмнэлгийн сайтад “Шар будаа (үр тариа) нь натри, кали багатай, шим тэжээл, уургийн өндөр агууламжтай, цавуулаггүй зэрэг шинж чанартай тул бөөрний өвчний үед хэрэглэж болох хүнсний жагсаалтад багтдаг. Гэвч хоол зүйч, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хэмжээг нь тохируулан хэрэглэх хэрэгтэй”-г сануулжээ. Энэ талаар тус улсын “SRIAAS” эмнэлгийн Youtube хуудсанд “Шар будаа нь бөөрний өвчинтэй хүн бүрд тохирох хүнс биш. Уг будааг жингээ хасах зорилгоор хүмүүс ихээр хэрэглэдэг ч бөөрний архаг дутагдалд орсон өвчтөнүүд энэ төрлийн хүнсэнд мэдрэг байх нь бий. Шар будааг их хэмжээгээр идэх нь нүүрс усны хэрэглээ буурч, эслэгийн хэмжээ өсөхөд нөлөөлдөг. Энэ үед хүний бие гол төлөв уургийг энергийн эх үүсвэрээ болгож ашиглаад шээсээр ялгаруулдаг. Үүнээс үүдэн уургийн дутагдалд орж бие тамирдан, сульддаг байна. Уг үзэгдлээс бөөрний өвчтэй хүмүүсийн биеийн байдал улам дордох магадлалтай. Иймд бөөрний өвчинтэй, хэт туранхай бөгөөд биеийн эсэргүүцэл султай хүмүүст шар будаа хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна” гэж мэдээлсэн байна.
Мөн 2020 онд PubMed судалгааны санд нийтлэгдсэн бөөрний чулуу үүсэхээс сэргийлэх тухай өгүүлэлд хангалттай хэмжээний шингэн (өдөрт 2.5 литр ба түүнээс дээш) уух нь бөөрний чулууны эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдгийг онцолсон байна. Энэ нь хоолны шингэц нэмэгдэж, шээсний систем ажиллахад туслах боломжтой. Иймд энгийн, аюулгүй хэрэглээний үүднээс ус сайн уух нь бөөрний үйл ажиллагааг дэмжихэд тустай байх юм.
Үүнээс дүгнэхэд, шар будааны шүүсээр бөөрний чулуу хайлуулж, бөөрний өвчнийг эмчилж, шээсний замын халдварыг намжаадаг гэх мэдээлэл нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй. Лабораторийн хүрээнд хийсэн туршилтын зарим эерэг үр дүн байгаа ч, хүн дээр батлагдсан эмчилгээний үр дүн байхгүй. Мөн шар будаа нь бөөрний өвчтэй хүн бүрд тохирох хүнс биш тул үүнийг анагаах шидтэй мэт үзэж, батлагдсан эмчилгээний аргаас татгалзах нь эрсдэлтэй юм. Бөөрөнд ачаалал өгөхгүй, хурдан шингэцтэй хоол хүнс хэрэглэх, хангалттай хэмжээгээр ус уух зэрэг нь бөөрний эрүүл мэндийг дэмжихэд тустай.


