2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ганцэцэг Алтангэрэл нэртэй хуудаснаас “Зөгийн бал, турмерик (куркума), цагаан гаа, синнамон, лимон гэх орцуудыг ашиглан дотор өөх хайлуулах үйлчилгээтэй цайны жорыг бэлдэж” буй бичлэгийг нийтэлжээ. Мөн тухайн цайны ханданд хэрэглэж буй орцууд нь бүгд дотор өөх шатаах зориулалттай, цусны эргэлт сайжруулна, хорт хавдраас сэргийлнэ гэх мэтээр тайлбарласан байна. Уг пост 4500 орчим реакц, 76 сэтгэгдэл авч, 6000 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээлэлд дурдаж буй орцууд нь тодорхой хэмжээгээр биед эерэг нөлөө үзүүлдэг боловч, “дотор өөхийг хайлуулах” буюу дотор эрхтний (бүсэлхий, хэвлийн хөндий) өөхийг шууд хайлуулах үйлчилгээтэй гэдгийг баталсан шинжлэх ухааны судалгаа дутмаг байна.
Зөгийн бал хэрэглэснээр биеийн жинг бууруулах, дотор өөхийг хайлуулах нөлөөтэй гэсэн үр дүнг баттай харуулсан судалгаа хомс байна. Энэ чиглэлээр хийгдсэн зарим клиник судалгаанд зөгийн бал хэрэглэсэн бүлгийн биеийн жинд мэдэгдэхүйц ялгаа гараагүйг тэмдэглэжээ. Тухайлбал,
- 2022 онд хийсэн “Таргалалтад зөгийн балын үүргийг харуулсан системчилсэн тойм” судалгаанд “Илүүдэл жинтэй, таргалалттай хүмүүсийг хамруулж зөгийн бал болон сахар хэрэглүүлжээ. Зөгийн бол хэрэглэсэн бүлгийн биеийн жингийн индекс нь сахар хэрэглэсэн (хяналтын) бүлгээс бага гарсан ч тэдний биеийн жин, өөхний хэмжээ, бүсэлхийн тойрог зэрэг нь хоорондоо ялгаагүй үзүүлэлттэй гарсан” ажиглалтын үр дүнг дурджээ.
- Синнамон нь цусан дахь сахрын түвшин болон инсулиныг бууруулах магадлалтайг зарим төрлийн судалгаагаар харуулсан. Гэвч синнамон дангаараа биеийн жинг бууруулж, дотор өөхийг хайлуулах үйлчилгээтэй гэдгийг баталсан судалгааны баримт хангалттай байхгүй.
- 2014 оны нэгэн судалгаагаар цагаан гааны таргалалтын эсрэг нөлөөллийг хархан дээр туршиж харуулжээ. Үүний үр дүнд цагаан гааг үрэвслийн эсрэг, антиоксидант шинж чанартай бөгөөд хоолны дуршлыг бууруулах, цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулах, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих нөлөөтэй гэж үзсэн. Эдгээр шинж чанар нь биеийн жин буурахад нөлөөлж буй ч дотор өөхний хэмжээг бууруулна гэдгийг баталсан судалгааны материал хомс байна.
Бусад орцын хувьд:
- Лимон буюу нимбэг нь С амин дэм ихээр агуулдаг ба антиоксидант нөлөөтэй. Энэ хүчиллэг шинж чанар нь зарим хүмүүсийн хоол боловсруулалтад дэмжлэг үзүүлж болох ч дотор өөх шатаахад шууд нөлөө үзүүлэх нь нотлогдоогүй. Энэ талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл бэлтгэж хүргэдэг Кливлэнд Клиник сайтад “Лимонд өөх шатаах, эсвэл өөх хайлуулах нэгдэл огт байхгүй. Нэг зүсэм лимонтой ус уух нь жин хасахад тустай гэж ярих нь элбэг. Гэвч энэ нь лимоны онцгой шинж чанараас бус калори багатай ус хэрэглэснээр ходоод дүүргэж, өлсөх мэдрэмжийг бууруулдагтай холбоотой. Жин хасах нь тийм амархан зүйл биш” гэж нийтэлсэн байна.
- Куркумин бол турмерикт агуулагдах идэвхтэй бодис бөгөөд антиоксидант болон үрэвслийн эсрэг шинж чанартай. Уг хүнсний бүтээгдэхүүн биеийн жинд хэрхэн нөлөөлдөг талаар “Куркумины нэмэлт хэрэглээ нь бодисын солилцооны хам шинжтэй өвчтөнүүдийн цусны даралтад үзүүлэх нөлөө” нэртэй 2021 оны судалгаанд дурджээ. Тухайн судалгаанд 66 хүнийг санамсаргүй байдлаар сонгон хоёр бүлэгт хувааж, ажиглалт хийсэн. Судалгааны нэг хэсгийн оролцогчдод 500 мг тунтай куркумин агуулсан нэмэлт бэлдмэлийг 12 долоо хоногийн турш хэрэглэх даалгавар өгсөн байна. Түүнээс куркумин хэрэглэсэн бүлэгт биеийн жин буурч, судасны хатуурлын шинж тэмдэг багассан үр дүн илэрчээ. Гэвч уг судалгааг богино хугацаанд явуулсан тул урт хугацааны нөлөө тодорхойгүй бөгөөд илүү нарийн судалгаа шаардлагатайг тэмдэглэсэн байна.
Дүгнээд үзэхэд, Шалгаж буй мэдээлэл дэх хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан дотор өөхийг шууд хайлуулна гэсэн үр дүнг баталсан өргөн хүрээний клиник судалгаа байхгүй. Эдгээр орц тус тусдаа антиоксидант, үрэвслийн эсрэг, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих зэрэгт бага хэмжээний ашиг тустай ч дотор өөхийг шатаах, эсвэл богино хугацаанд жин бууруулах нөлөөтэй гэдэг нь батлагдаагүй. Иймээс “дотор өөх хайлуулдаг цай” гэх мэт мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, орц найрлагаас харшлах, хордлого зэргийг анхаараарай.




