Search

“Электрон тамхи татсанаас хойш гурван сарын дотор уушгины ноцтой өвчлөл үүсдэг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1420

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Zereg.mn гэх хуудсаас “ОХУ-ын хавдар судлалын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Vape буюу электрон тамхи татсанаас хойш ердөө гурван сарын дотор уушгины ноцтой өвчлөл үүсэж байгааг анхааруулжээ. Үүнд хүний бие организмд хуримтлагдсан, боловсруулах чадвараас хэтэрсэн хорт бодисууд нөлөөлж байна” гэсэн пост нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

Сүүлийн 90 хоногт электрон тамхи хэрэглэсэн эсэх нь EVALI өвчнийг оношлох нэг шалгуур үзүүлэлт бөгөөд үүнийг “электрон тамхи хэрэглэснээс гурван сарын дотор уушгины ноцтой өвчлөл үүсдэг” гэж төөрөгдүүлжээ


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд Zereg.mn гэх хуудсаас “ОХУ-ын хавдар судлалын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Vape буюу электрон тамхи татсанаас хойш ердөө гурван сарын дотор уушгины ноцтой өвчлөл үүсэж байгааг анхааруулжээ. Үүнд хүний бие организмд хуримтлагдсан, боловсруулах чадвараас хэтэрсэн хорт бодисууд нөлөөлж байна” гэсэн пост нийтэлжээ. Тус пост 429 реакц, 42 сэтгэгдэл авч, 698 удаа цааш түгээгджээ.

Тухайлбал, “Уг өвчин эхлэх үед амьсгаадах, цээжээр өвдөх, халуурах, ядарч сульдах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд маш хурдан хугацаанд уушгийг гэмтээж, улмаар цочмог амьсгалын дутагдлын хам шинж (ARDS) болж хүндэрдэг байна. Энэхүү хам шинжийн үхлийн эрсдэл 50%-д хүрдэг ажээ. Одоогоор ямар ч бодит эмчилгээ байхгүй юм байна. Эрүүл мэндээ хамгаалах цорын ганц арга бол яг одоо электрон тамхинаас бүрмөсөн татгалзах юм” гэжээ.

Электрон тамхи татсанаас хойш ердөө гурван сарын дотор уушгины ноцтой өвчлөл үүсдэг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

“EVALI (электрон тамхи эсвэл вейп бүтээгдэхүүн хэрэглэхтэй холбоотой уушгины гэмтэл) нь янз бүрийн уушгины өвчнийг дуурайх шинжтэй, хурц болон дэд хурц хэлбэрийн амьсгалын замын өвчлөлөөр илэрдэг эмгэг юм” гэж АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн мэдээллийн сайтад нийтлэгдсэн Электрон тамхитай холбоотой уушгины гэмтэл судалгаанд дурджээ.

Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) шалгуураар бол EVALI нь клиникийн онош бөгөөд дараах гурван шалгуурыг хангасан байх шаардлагатай:

  1. Эхний шинж тэмдэг илрэхээс өмнөх сүүлийн 90 хоногт электрон тамхи хэрэглэсэн эсэх
  2. Цээжний рентген эсвэл компьютер томографийн (CT) зурагт уушгины эмгэг өөрчлөлт буюу сүүдэржилт илэрсэн эсэх
  3. Халдварт болон өөр шалтгаант уушгины өвчнийг үгүйсгэсэн эсэх зэрэг шалгуураар EVALI өвчнийг оношилдог байна.

Дүгнэхэд, Сүүлийн 90 хоногт электрон тамхи хэрэглэсэн эсэх нь EVALI өвчнийг оношлох нэг шалгуур үзүүлэлт бөгөөд үүнийг “электрон тамхи хэрэглэснээс гурван сарын дотор уушгины ноцтой өвчлөл үүсдэг” гэж төөрөгдүүлжээ.

Evali өвчний үед дараах шинж тэмдгүүд илэрдэг байна

Амьсгалын тогтолцооны шинж тэмдгүүд:

  • Амьсгаадах (амьсгал давчдах)
  • Ханиалгах (хуурай эсвэл цэртэй)
  • Цээжээр өвдөх

Хоол боловсруулах системийн шинж тэмдгүүд:

  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Суулгах
  • Хоолны дуршил буурах

Мөн халуурах, чичрэх, ядрах, шалтгаангүй жин хасах зэрэг шинж тэмдэг илэрдэг тухай АНУ-ын Кливлэнд клиникийн мэдээллийн сайтад мэдээлжээ. Мөн эдгээр шинж тэмдэг нь тухайн хүний биеийн онцлог байдлаас шалтгаалж хэд хоногоос хэдэн долоо хоногийн дараа илэрч болдог байна.

2020 оны байдлаар АНУ-д EVALI өвчний 2,807 тохиолдол бүртгэгдсэнээс 68 нь нас баржээ

2020 оны хоёрдугаар сарын байдлаар АНУ-д EVALI бүртгэгдсэн нийт 2,807 тохиолдол, нас барсан хүний тоо 68 хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Судлаачид THC (марихуаны үндсэн химийн бодис) агуулсан электрон тамхины шингэнд ордог өтгөрүүлэгч Витамин Е ацетат (Витамин Е-ийн нийлэгжсэн хувилбар) бодис EVALI-тай холбоотой гэж үзсэн байна.

2019 онд хийсэн судалгаагаар АНУ-ын 16 мужаас дээж авсан EVFLI-тай 51 өвчтөний 48-ынх нь уушгины шингэнд витамин Е ацетат илэрсэн. Харин эрүүл хүмүүсээс авсан уушгины шингэний дээжид витамин Е ацетат агуулаагүй байна.

Түүнчлэн электрон тамхитай холбоотой уушгины гэмтэл (EVALI) болон томуугийн халдвар хавсарч, хүнд хэлбэрийн цочмог амьсгалын дутагдлын хам шинж (ARDS) үүсгэн, нас баралтад хүргэсэн тохиолдол АНУ-д бүртгэгджээ.

EVALI буюу электрон тамхитай холбоотой уушгины гэмтэл нь одоогоор тодорхой оношлогооны шалгууртай, эмчилгээний аргачлалтай өвчин юм.

Эмчилгээний үндсэн арга:

  1. Электрон тамхи хэрэглэхээ нэн даруй зогсоох
  2. Хүчилтөрөгчийн эмчилгээ – (амьсгалын дутагдалтай үед)
  3. Халдварын эмчилгээ (антибиотик) – хэрэв зэрэгцээ халдвар байгаа бол
  4. Хүнд хэлбэрт – ECMO, эрчимт эмчилгээ шаардлагатай байдаг тухай АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Дүгнэхэд EVALI нь эмчлэгдэх боломжтой өвчин боловч, хожуу илэрсэн эсвэл хавсарсан халдвар бүхий тохиолдолд илүү хүндрэх, нас барах эрсдэл нэмэгдэх магадлалтай байна.

Evali өвчнийг электрон тамхины шингэнд агуулагдах химийн бодисуудтай холбоотой гэж үздэг байна

EVALI (e-cigarette or vaping product use-associated lung injury) нь электрон тамхины төрлийн бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой уушги гэмтэх ноцтой эмгэг юм. Ялангуяа витамин Е ацетат (Vitamin E acetate) хэмээх бодис нь уушгинд хортой нөлөө үзүүлдэг гэж АНУ-ын Кливлэнд клиник мэдээлсэн байна. Энэхүү бодис нь ихэвчлэн витамин Е ацетат (каннабисын идэвхтэй найрлага) агуулсан вэйпийн шингэнд агуулагддаг.

Тус өвчний үед цээжээр өвдөх, ханиалгах, амьсгал давчдах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, даарах, шалтгаангүй жин хасах зэрэг шинж тэмдэг илэрдэг ч энэ нь уушгины бусад өвчинтэй ижил шинж тэмдэгтэй байдаг тул оношлоход бэрхшээлтэй байдаг ажээ.

Зарим үйлдвэрлэгчид электрон тамхиндаа цөцгийн амт нэмэхийн тулд диацетил гэх химийн бодисыг ашигладаг байна. Энэхүү химийн бодис нь амьсгалын замд орсноор гуурсан хоолойг гэмтээж сорвижилт, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Гуурсан хоолойн энэхүү үрэвслийг “попкорн уушги” хэмээн нэрлэдэг байна.

“Эрүүл ба попкорн уушгины гуурсан хоолойн харьцуулалт” Эх сурвалж: Klarity Health

Витамин Е ацетат агуулсан электрон тамхийг хэрхэн таних вэ?

Хэрэв электрон тамхины шошгон дээр “Vitamin E acetate” эсвэл “tocopheryl acetate” гэж заасан бол тус бодис орсон байх магадлалтай. Гэхдээ хууль бус THC агуулсан вэйп бүтээгдэхүүнүүд ихэвчлэн найрлагаа үнэн зөв бичдэггүй тул онлайн орчинд баталгаагүй, албан ёсны бус борлуулагчаас электрон тамхи худалдан авахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Zereg.mn гэх хуудсаас “ОХУ-ын хавдар судлалын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Vape буюу электрон тамхи татсанаас хойш ердөө гурван сарын дотор уушгины ноцтой өвчлөл үүсэж байгааг анхааруулжээ. Үүнд хүний бие организмд хуримтлагдсан, боловсруулах чадвараас хэтэрсэн хорт бодисууд нөлөөлж байна” гэсэн пост нийтэлжээ

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document