2024 оны 10 дугаар сарын 25-нд Дэлхий дээрх гайхамшигт газрууд нэртэй хуудаснаас “Хөвсгөл аймаг Улаан-Уул сум. Хорьдол сарьдаг нурууны Ар босготын хавцал” гэх тайлбартай завиар аялж буйг дүрсэлсэн бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 5,300 реакц, 66 сэтгэгдлээр идэвхжүүлж, 461 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн бичлэгийн хэсгийг Google lens хайлтын системээр хайж үзэхэд бичлэгийн эх хувилбарыг 2024 оны 10 дугаар 14-нд @maxkudryashov_ гэх TikTok хаягт “РЕКА УСЬВА И УСЬВИНСКИЕ СТОЛБЫ” (Усва гол, Усвинскийн тугууд) гэх тайлбартай нийтэлжээ. Мөн уг хаягтай ижил нэртэй @maxkudryashov86 гэх youtube сувагт байрлуулсан байна. Тус хаягаас шалгасан бичлэгт харуулж буй улаан завьтай гол гэтэлж байгаа үзэгдлийг харуулсан хэд хэдэн бичлэг нийтэлж байжээ.

Бичлэгт гарч буй газар нь ОХУ-ын Пермийн бүс нутагт орших Усвинскийн чулуун багана гэдэг нэртэй газар юм. 120 метр өндөр чулуун баганын дундуур Усва гол урсдаг байна.

ОХУ-д хийсэн бичлэгийг Хөвсгөл аймгийн Ар босготын хавцал гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Аливаа мэдээллийг зураг, бичлэгтэй нийтлэх нь ой тойнд үлдэх, итгэж үнэмшихэд нөлөөлдөг. Харин зураг бичлэгийн тайлбарыг өөрчлөх, төөрөгдүүлэх үзэгдэл бий. Иймд дээрх аргаар Google Lens хайлтын системд зургаар хайж, ямар агуулгатай түгсэн бичлэг болох, бичлэгийн эх сурвалжийг олох боломжтой.




