2025 оны 04 дүгээр сарын 02 нд Отгоо багш нэртэй хуудаснаас “Хятадад үйлдвэрлэсэн угаалгын нунтаг дээр QB/T 1224 код байвал хэрэглэхэд аюулгүй” гэх тайлбартай богино хэмжээний бичлэг түгээжээ. Тус бичлэгт “Өмнөх бичлэгтээ Хятадад хямдах борлуулагддаг бүтээгдэхүүнүүүд хорт хавдар үүсгэх маш том шалтгаан болж байна. Ялангуяа хямдхан зарагдаж буй угаалгын нунтаг нь эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг тухай мэдээлэл хүргэсэн. Тэгвэл та бидний худалдан авах гэж буй угаалгын нунтаг дээр QB/T 1224 гэсэн стандарт код байх юм бол энэ нь аюулгүй буюу та хэрэглэх боломжтой гэсэн үг юм…” гэх агуулгыг дурдсан. Бичлэгийг нийт 1,900 гаруй реакц, 75 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,600 гаруй удаа цааш түгээжээ. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 01-нд ижил агуулгатай бичлэг нийтэлсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн мэдээллийн дагуу QB/T 1224 кодын тухай хайхад Хятадын даавуу угаахад ашигладаг шингэн угаалгын нунтагт тавигдах шаардлагыг тодорхойлсон үйлдвэрийн стандарт Code of China вэбсайтад англи хэлээр байршсан байна. Энэ нь даавуунд зориулсан шингэн угаалгын нунтгийн стандарт юм. Уг стандарт нь шингэн угаалгын бодисын нэр томьёо, тодорхойлолт, бүтээгдэхүүний ангилал, тэмдэг, шаардлага, туршилтын арга, хяналтын дүрэм, савлагаа, тээвэрлэлт, хадгалалт, хадгалах хугацааг тодорхойлно хэмээн бичжээ.
Зарим угаалгын нунтагт ашигладаг бодис хорт хавдар үүсгэх эрсдэлтэй жагсаалтад байдаг.
Шалгасан мэдээлэлд “угаалгын нунтаг хорт хавдар үүсгэж байна” гэж мэдээлсэн боловч яг ямар шалтгаанаар, ямар бодисоос болж хорт хавдар үүсэж байгааг тусгаагүй. Тиймээс хорт хавдар үүсгэх эрсдэлтэй угаалгын нунтагт хамгийн түгээмэл байдаг бодисын тухай хайхад “1,4-Dioxane, Benzene болон уг бүлэгт хамаарах бодисууд, формальдегид, этилен оксид, зарим төрлийн үнэр оруулагч” гэх мэт бодисын тухай мэдээлэл гарч ирлээ.
Тодруулбал, АНУ-ын үндэсний номын сангийн биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн сайтад 1,4-Dioxane бодисын тухай дэлгэрэнгүй мэдээллийг оруулжээ. 1,4-Dioxane бодисыг уусгагч болгон ашигладаг ба дараах нэршлээр бүтээгдэхүүний шошгод тэмдэглэсэн байдаг.
- PEG polyethylene glycol /Полиэтилен гликол/
- polyethylene /Полиэтилен/
- polyoxyethylene /Полиоксиэтилен/
- -eth /суффикс/
- -oxynol /этоксилжуулсан бодисуудын нэг төрөл/
Хавдар судлалын олон улсын агентлагаас гаргасан хорт хавдар үүсгэх эрсдэлтэй эсэхийг харуулсан бодисын жагсаалтад 1,4-Dioxane бодисыг 2B бүлэгт (Group 2B) хамруулжээ. Энэ нь хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй буюу хүний биед хорт хавдар үүсгэдэг нь хязгаарлагдмал хүрээнд батлагдсан, эцэслэн дүгнэлт хийгдээгүй гэсэн үг. Мөн АНУ-ын Нью-Йорк муж 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн ахуйн цэвэрлэгээ, хувийн арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдах 1,4-Dioxane бодисын хэмжээг хязгаарласан хууль баталжээ.
Хавдар судлалын олон улсын агентлагаас гаргасан “Үйлдвэрийн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, хүнс, ундны усанд агуулагдах зарим химийн бодис” цувралын 101 дэх дугаарт тайлбарласан зарим бодисыг угаалгын нунтагт ашигладаг байна. Тухайлбал, Диетаноламин (DEA-Diethanolamine) бодисыг зарим угаалгын нунтаг, ялангуяа шингэн угаалгын нунтагт эмульсжүүлэхэд (тодорхой уусмалд хоорондоо уусдаггүй бодисуудыг уусгаж, найрлагыг нь сайтар холиход ашиглах), мөн барилгын материалд гадаргуугийн идэвхтэй бодис болгон ашигладаг. Тус бодис нь хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй буюу 2B бүлэгт ангилагддаг. Этилений исэл (EtO-Ethylene Oxide) хорт хавдар үүсгэгчийн төрөлд ордог ба угаалгын нунтгийн эцсийн бүтээгдэхүүнд шууд нэмдэггүй ч угаалгын нунтаг үйлдвэрлэхэд, ялангуяа этоксиляци гэж нэрлэгддэг процесст ашиглагддаг. Этилен ислийг (EtO-Ethylene Oxide) аммиактай урвалд оруулснаар диэтаноламин (Diethanolamine) үүсдэг.
Бензофеноныг (Benzophenone) заримдаа угаалгын нунтагт хэт ягаан туяаны нөлөөгөөр муудахаас хамгаалахын тулд, ялангуяа угаалгын нунтаг нь тунгалаг савлагаатай үед ашигладаг. Мөн үнэртүүлэгч хэлбэрээр ашигладаг байна. Бензофенон нь бензолооос (benzene) химийн урвалаар үүсдэг байна. Benzone нь хорт хавдар үүсгэгч бодис (Group 1) гэж ангилагддаг бол Benzophenone хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй бүлэгт (Group 2B) ангилагддаг. Угаалгын нунтгийн савлагаанд дараах нэршлээр байдаг
- Benzophenone
- benzophenone-2 (үүний ард өөр тоо бичсэн байх боломжтой)
- BP2 (үүний ард өөр тоо бичсэн байх боломжтой)
- Oxybenzone
- Sulisobenzone
- Sulisobenzone sodium
Хавдар судлалын олон улсын агентлагаас гаргасан хавдар үүсгэгч бодисын ангиллын мэдээлэл
- 1 бүлэг (Group 1) – Хорт хавдар үүсгэгч агентууд буюу хорт хавдар үүсгэдэг нь хангалттай нотлогдсон
- 2B бүлэг (Group 2B)- Хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй буюу хүний биед хорт хавдар үүсгэдэг нь хязгаарлагдмал хүрээнд батлагдсан, эцэслэн дүгнэлт хийгдээгүй.
- 2A бүлэг (Group 2A) – Хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай буюу хүний биед хорт хавдар үүсгэдэг нь хязгаарлагдмал хүрээнд батлагдсан ч амьтны биед үүсгэдэг нь хангалттай батлагдсан, эцэслэн дүгнэлт хийгээгүй.
- 3 бүлэг – Хорт хавдар үүсгэгч байдлаар ангилах боломжгүй буюу одоогоор хорт хавдар үүсгэдэг гэсэн нотолгоо байхгүй байна.
Умайн хүзүүний хорт хавдар үүсэх голлох шалтгаан нь хүний папиллома вирусийн халдвар юм.
Шалгасан мэдээлэлд угаалгын хямд угаалгын нунтаг умайн хүзүүний хорт хавдар үүсгэж байна гэж дурдсан.
200 гаруй хэв шинжийн хүний папиллома вирусийн (HPV- ХПВ) халдвар байдгаас 40 орчим нь бэлгийн замаар халдварладаг. Үүнээс 12 вирусийн хэв шинжийг “өндөр эрсдэлтэй” гэж ангилдаг бөгөөд эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг тухай АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн сайтад мэдээлжээ. Мөн зөвхөн умайн хүзүүний хорт хавдраас гадна ам залгиурын, шулуун гэдэсний, үтрээний, бэлэг эрхтний зэрэг хорт хавдар үүсгэдэг байна. ХПВ-ийн 16, 18, 31, 33, 35, 39, 45, 50, 51, 53, 55, 56, 58, 59, 64, 68 хэв шинж нь өндөр эрсдэлтэйд тооцогддог ба үүнээс “ХПВ16” ба “ХПВ18” хэв шинжийн халдвар нийт УХХХ-ын 75%-ыг үүсгэдэг.
- Австралийн засгийн газрын эрүүл мэндийн албаны сайтад умайн хүзүүний хорт хавдар үүсгэх эрсдэлтэй хортой бодист бензин, автомашины утаа, асфальтан замын утаа, тамхины утаа зэргээс гардаг Полициклик үнэрт нүүрсустөрөгчид (polycyclic aromatic hydrocarbons), тамхи боловсруулахад, эсвэл шатаах явцад үүсдэг никотины гаралтай нитрозамин кетон (NKK- nicotine-derived nitrosamine ketone) гэх бодисыг дурдсан байна.
- “Мэргэжлийн эрсдэлт хүчин зүйлүүдтэй холбоотой умайн хүзүүний хорт хавдар: тойм” судалгаанд умайн хүзүүний хорт хавдартай холбоотой хийсэн 9 судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Үүнээс 3 нь төмөр боловсруулахад, хуурай цэвэрлэгээнд ашигладаг tetrachloroethylene бодист өртөж буй ажилчид болон умайн хүзүүний хорт хавдрын хамаарлыг харуулжээ. 3 судалгаанаас 1 нь хамааралтай, 1 нь хамааралтай боловч бусад хүчин зүйлээс шалтгаалсан төөрөгдөл байх боломжтой, харин нөгөө нь эрсдэлгүй хэмээн харуулсан байна.
Хавдар судлалын олон улсын агентлагаас гаргасан хангалттай , хязгаарлагдмал нотолгоо бүхий хорт хавдар үүсгэгчийн ангилалд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг нь нотлогдсон зүйлст:
- Диэтилстильбестрол (Diethylstilbestrol) (умайд хордох) – 1940-1980 оны хооронд зулбахаас сэргийлэх зорилгоор хэрэглэж байсан стероид бус синтетик эстроген юм
- Амаар хэрэглэх Эстроген-прогестоген жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл (хосолсон)
- Хүний дархлал хомсдолын вирус төрөл 1 (халдвар)
- Хүний папилломавирусын 16, 18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58, 59 хэв шинж
- Тамхи татах
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэх нь хязгаарлагдмал хүрээнд нотлогдсон зүйлст
- Хүний папилломавирусын 26, 53, 66, 67, 68, 70, 73, 82 хэв шинж гэж оруулжээ.
Үргэлжлүүлэн PubMed, Google Scholar, ResearchGate зэрэг судалгааны сангаас “Угаалгын нунтгийн хорт бодис умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг” гэх түлхүүр үгээр хайхад хоорондын холбоо хамаарлыг судалсан судалгаа байхгүй байна. Угаалгын нунтагт агуулагдах бодис умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гэдгийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй байна.
Дүгнэлт
Угаалгын нунтагт зарим бодис тодорхой төрлийн хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй ангилалд багтдаг учир савлагаа дээрх нэршил, тэмдгийг шалгах нь зүйтэй. Харин угаалгын нунтаг умайн хүзүүний хорт хавдар үүсгэдгийг баталсан судалгаа байхгүй, умайн хүзүүний хорт хавдрын голлох шалтгаан нь ХПВ вирус бөгөөд эрсдэлийг нэмэгдүүлдэг бодист угаалгын нунтагт ашигладаг бодис ороогүй байна. Угаалгын нунтагт агуулагдах бодис умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гэдгийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй.




