2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Enkhmaa online shop нэртэй хуудаснаас “Хеликобактер эмчлэх энгийн арга” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээлэлд, “Хеликобактерийн эсрэг хамгийн хүчтэй зэвсэг бол оливын тос юм. Тус тос нь өөртөө “фенол” хэмээх бодисыг агуулдаг бөгөөд энэ нь ходоодонд хэдэн цагийн турш хувиралгүй, тогтвортой байж, ходоодны шүүс ялгаруулалтыг дэмждэг. Та инжир жимсийг жижиглэн хэрчиж, оливын тосоо жимсээ далд ортол нь тос хийгээрэй. Үүнийгээ 6 долоо хоног хадгалсны дараа хэрэглэнэ. Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг цайны халбагыг уух бөгөөд энэ нь таны бие дэх хеликобактерийг устгах болно. Тус эмчилгээг хэрэглэж байгаа нөхцөлд та халуун ногоотой болон лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзаарай. Үүний оронд шим тэжээл сайтай хоол хүнсийг сонгож хэрэглэнэ. Инжир жимс, оливын тосыг хослуулан хэрэглэх нь хеликобактерийг устгахаас гадна өтгөн хаталт, нарийн гэдэсний үрэвсэл, бронхит зэрэг олон өвчнөөс салгах шидтэй юм…” гэх агуулгатай. Уг пост 1600 гаруй реакц, 158 сэтгэгдэл авч, 2500 орчим удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд олон улсын судалгааны сангуудыг шүүж, хайлт хийлээ. Хайлтын үр дүнд, инжир болон оливын тосыг хавсран хэрэглэдэг тусгай эмчилгээний аргын талаар шинжлэх ухааны хүрээнд баталсан судалгааны өгүүллэг илэрсэнгүй. Зарим судалгаагаар оливын тос хеликобактерийг (H. pylori) бууруулахад тодорхой хэмжээний үр дүнтэй байх магадлалтайг харуулсан ч, үндсэн эмчилгээний аргыг орлохуйц баталгаатай биш, үр нөлөөг нь үнэлэхийн тулд илүү судалгаа шаардлагатай гэж дүгнэжээ. Тухайлбал,
PubMed судалгааны санд 2012 онд нийтлэгдсэн “Хеликобактерийг оливын тосоор эмчлэх аргын үнэлгээ” нэртэй судалгаа нь хүн дээр хийгдсэн цөөн тооны туршилтуудын нэг юм. Уг судалгаанд оролцсон 60 хүн өдөрт 30 грамм цэвэр оливын тосыг өөр өөр хугацаанд хэрэглэсэн. Судалгаанаас 4–6 долоо хоногийн дараа нийт оролцогчдын 27 хувьд хеликобактерийн халдвар буурсан үр дүн бүртгэгдсэн. Гэвч оливын тос нь антибиотик эмчилгээний үр дүнтэй харьцуулахад бага үзүүлэлт харуулсан. Мөн зарим оролцогчдод дотор муухайрах зэрэг гаж нөлөө илэрч, судалгааг орхиход хүргэсэн байна.
Инжир нь зарим төрлийн бактерийн эсрэг үйлчилгээнд судлагдаж байсан боловч хеликобактерийн халдварыг эмчлэх үр дүнтэй арга гэдгийг баталсан судалгаа байхгүй. Харин шалгаж буй мэдээлэлд дурдсан зарим хоолны дэглэм нь хеликобактерийг устгаж, эдгэрэхэд дэмжлэг үзүүлдэг байна. Энэ талаар Төв Флоридагийн их сургуулийн мэргэжилтнүүд “Эрүүл амьдралын хэв маягийг сонгож, халдварыг устгахын тулд эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөмжийг дагах нь хеликобактерийг эмчлэхэд илүү хялбар болгоно. Жимс ногоо, пробиотик зэрэг ашигтай хоол хүнсийг сонгож, халуун ногоо, архи, хийжүүлсэн ундаа, хэт тослог ихтэй хоол гэх мэтээс зайлсхийж тодорхой хоолны дэглэм барих нь тустай” гэж зөвлөжээ.
Хеликобактери нь ходоодны шархлаа, гастрит үүсгэдэг бактери бөгөөд халдвар авсан хүмүүсийн зөвхөн 20% нь шинж тэмдэгтэй байдаг. Ходоодны өвдөлт, хэт турах, цустай бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Уг бактерийн улмаас үүссэн шархыг ихэвчлэн антибиотик, тусгай дарангуйлах эм зэргээр эмчилдэг.
Иймд батлагдаагүй аргыг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, өөрт тохирох тусгай хоолны дэглэмийг сахих нь зүйтэй.


