Search

Таргалалтын шалтгааныг төөрөгдүүлсэн агуулгаар тайлбарлаж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1415

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Таргалалт бол хооллолтоос бус гормоноос үүсдэг. Идэх уухаа хасалгүй “адидоз, липоз” синдромоо л эмчилчих ёстой гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Таргалалт нь амьдралын хэв маяг, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, генетик, гормоны тэнцвэргүй байдал, өвчин, эмийн нөлөө зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж үүсдэг. Адидоз “Adidosis” гэдэг нэр томьёо нь шинжлэх ухаанд хэрэглэгддэггүй бөгөөд ийм тогтсон нэршил байхгүй. Мөн зөвхөн бэлгийн харилцаагаар дамжуулан дааврыг тогтворжуулж, таргалалтыг бууруулах нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй бөгөөд бусад төрлийн идэвхтэй хөдөлгөөнтэй адил хангалттай хэмжээний илчлэгийг шатаахгүй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Tserenhuu Ishtseden гэх хуудаснаас “ТАРГАЛАЛТ гэж юу вэ? Буруу хооллолтын үр хөврөл гэж өнөөдрийг хүртэл нийгэм, эмнэл зүйд өрөөсгөлөөр тооцсоор ирсэн. Гэтэл шинэ цагийн эмнэл зүйн ухаан тэгж үзэхгүй байна. Таргалалт бол системийн өвчин гэж дархлаа судлаачид үзэн нүсэр шинжилгээ эксприментын үр дүнд эцсийн дүгнэлтээ өгчихлөө. Энэхүү өвчнийг АДИДОЗ (adidosis) гэнэ. Өвчний үүсгүүр нь их идэх эсвэл буруу хооллолтаос биш харин гормоны эд эсийн солилцоонд гажуудал үүссэнээс болдог байна. Бодисын солилцоо гэдэг шиг гормон солилцоо гэж байдаг аж… Таргалалт эмэгтэй хүн дээр дийлэнх байдгийн учир ийн олдов…Гүнзгийрүүлэн судлаад яриа өгнө! ТУРААХ ЖОР гаргана…идэх уухаа хасалгүй АДИДОЗ ЛИПОЗ синдромоо л эмчилчих ёстой юм байна шүү…” гэсэн тайлбартай мэдээлэл нийтэлжээ. Мөн уг гормоноо тэнцвэржүүлж, турахын тулд бэлгийн харьцаанд орох нь тустай гэсэн агуулгыг дурдсан байна. Уг пост 1600 гаруй реакц, 154 сэтгэгдэл авч, 771 удаа цааш түгээгджээ. 

Таргалалт бол биед хэт их өөх хуримтлагдах эмгэг юм. Энэ нь амьдралын хэв маяг, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, генетик, гормоны тэнцвэргүй байдал, өвчин, эмийн нөлөө зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Шалгаж буй мэдээлэлд дурдсан гормоны нөлөө таргалалтад нөлөөлөх ч бусад шалтгаануудыг орхигдуулж, үгүйсгэсэн нь олон нийтийг төөрөгдүүлэхэд хүргэжээ. Таргалалтын голлох шалтгааны талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл бэлтгэж хүргэдэг Мэйо Клиник сайтад “Биеийн жин нэмэгдэхэд генетик, зан үйл, бодисын солилцоо болон даавар нөлөөлдөг. Гэвч хооллолт, өдөрт авч буй илчлэгийн хэмжээ таргалалтад илүү хамааралтай” байгааг дурджээ.  

Мөн таргалалт хүйсээс хамааран ямар үзүүлэлтэйг байгааг АНУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс дараах байдлаар дүрсэлжээ. Уг судалгааг АНУ-ын хүрээнд хийсэн бөгөөд 2017-2018, 2021-2023 оны үзүүлэлтийг харуулжээ. Уг судалгаанаас эмэгтэйчүүдийн таргалалтын хэмжээ 2021-2023 онд эрэгтэйчүүдийнхээс бага зэрэг илүү харагдаж байна. Гэвч 2017-2018 онд зарим насны бүлгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүү таргалалттай байгааг харж болно. Энэ нь таргалалтын хэмжээ хүйстэй шууд хамааралгүйг харуулж байна. 

График 1: 2017-2018 оны хоорондох АНУ-ын 20-оос дээш насны хүмүүсийн таргалалтын түвшнийг хүйсээр харуулсан нь (нийт, эр, эм)
График 2: 2021-2023 оны хоорондох АНУ-ын 20-оос дээш насны хүмүүсийн таргалалтын түвшнийг хүйсээр харуулсан нь (нийт, эр, эм)

Шалгаж буй мэдээлэл дурдсан АДИДОЗ (adidosis) гэж юу вэ? 

Адидоз “Adidosis” гэдэг нэр томьёо нь шинжлэх ухаанд хэрэглэгддэггүй бөгөөд ийм тогтсон нэршил байхгүй. Шалгаж буй мэдээлэлд дурдаж буй үгтэй төстэй, таргалалттай холбоотой Адипозис “Adiposis” болон Липидоз “Lipidosis” гэсэн нэршил бий.  

Липид гэдэг нь өөх тосны нэгдлүүдийг ерөнхийд нь нэрлэдэг химийн ангилал юм. Харин Липидоз “Lipidosis” өвчин нь удамшлын гаралтай бодисын солилцооны эмгэгүүдийн бүлэг бөгөөд эс болон эдүүдэд хортой хэмжээгээр өөх (липид) хуримтлагдахыг хэлнэ. Энэ нь тухайн хүний бие липидийг задлах шаардлагатай ферментүүдийг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй эсвэл тухайн ферментүүд нь зөв ажиллахгүй байгаатай холбоотойгоор үүсдэг. 

Эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэн хүргэдэг Кливлэнд Клиник сайтад “Өөх нь энерги хадгалах, дулаан тусгаарлах, дотоод эрхтнүүдийг хамгаалах үндсэн үүрэгтэй холбоос эдийн нэг төрөл юм. Харин орчин үеийн шинжлэх ухаанд өөх нь дааврын тогтолцооны идэвхтэй эрхтэн гэдгийг тогтоосон. Өөхөн эд нь мэдрэлийн эсүүд болон цусны судас агуулдаг бөгөөд дааврын дохионы тусламжтайгаар биеийн бусад эрхтнүүдтэй харилцан мэдээлэл дамжуулдаг. Энэ нь бие махбодын ерөнхий эрүүл мэндийг зохицуулах олон чухал үүрэгтэй. Гэвч энэ үүрэг нь өөхний хэмжээ хэт ихэссэн, эсвэл хэт багассаны улмаас алдагдах эрсдэлтэй байдаг” гэж тэмдэглэжээ. Энэ нь таргалалтаас үүсэх Адпозис “Adiposis” буюу өөхний эд хэт их хуримтлагдаж, өөхөн эдийн хэмжээ хэвийн хэмжээнээс давсан эмгэгийг илэрхийлж буй. Эдгээр нь гормон болон синдромтой холбоогүй юм.

Мөн бэлгийн харилцаа нь стрессийг бууруулдаг окситоцин, дофамин, серотонин зэрэг эерэг гормон ялгаруулснаар стрессийг багасгах замаар илчлэгийг шатаахад нөлөөлөх магадлалтай ч шууд тураахгүй. Энэ талаар 2013 оны “Залуу хосуудын бэлгийн харилцааны үеийн энерги зарцуулалт“-ыг харуулсан судалгаагаар “Эрэгтэйчүүд дунджаар 101 килокалори, эмэгтэйчүүд дунджаар 69 килокалори шатаадаг нь ажиглагдсан ч уг үйл ажиллагааны эрч хүч нь гүйх, дасгал хийх хөдөлгөөнөөс бага түвшинд байсан” гэж тэмдэглэжээ. Зөвхөн бэлгийн харилцаагаар дамжуулан дааврыг тогтворжуулж, таргалалтыг бууруулах нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй бөгөөд бусад төрлийн идэвхтэй хөдөлгөөнтэй адил хангалттай хэмжээний илчлэгийг шатаахгүй. 

Иймд аливаа эрүүл мэндийн үйлчилгээ, эм, эмчилгээг мэргэжлийн хүнээс лавлаж, мэдээлэл хүлээн авах эх сурвалжийнхаа найдвартай байдлыг шалгаж хэрсүү байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Таргалалт бол хооллолтоос бус гормоноос үүсдэг. Идэх уухаа хасалгүй “адидоз, липоз” синдромоо л эмчилчих ёстой гэсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document