2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Хажидмаа Гантөмөр нэртэй хаягаас “Уран Улаанбадрахын асуудал биш 8 аймгийн 40 гаруй сумын 190 гаруй газрын асуудал болсон. Бүгд хордоно, тэндээс эрүүл хүн үлдэхгүй, эрүүл мах сүү мөрөөдөх хэрэггүй” гэсэн бичлэг нийтэлжээ.
Уг бичлэг нь 2,300 гаруй реакц, 178 сэтгэгдэл авч, 4,400 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Ашигт малтмал, газрын тосны газар cmcs.mrpam.gov.mn сайтад Монгол Улсад олгогдсон хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлийг нэгтгэж харуулдаг. Үүнээс харахад Монгол Улсын хэмжээнд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнд:
- Дорноговь аймагт
- Дулаан-Уул(18916),
- Зөөвч-Овоо(18915),
- Өмнөт (18914) гэсэн гурван газарт ашиглалтын лиценз “Бадрах энержи” ХХК эзэмшиж байна.
- Сүхбаатар аймагт хайгуулын нэг лиценз (22810) “Монгол ураниум ресурс” ХХК эзэмшиж байна.
- Дундговь аймагт ашиглалтын нэг(22849), хайгуулын нэг (12685) лиценз “Алкалли метал Монголиа” ХХК эзэмшиж байна.
- Дорнод аймагт гурван лиценз олгосноос ашиглалтын хоёр, хайгуулын нэг зөвшөөрөл байна. Үүнд:
- 247 дугаартай ашиглалтын лицензийг “Шинь Шинь” ХХК,
- 13555 дугаартай ашиглалтын лицензийг “Хунбөө” ХХК,
- 3367 дугаартай хайгуулын лицензийг “Адамасмайнинг” ХХК тус тус эзэмшиж байгааг бүртгэжээ.
Эдгээр ураны ашиглалтын болон хайгуулын лицензтэй газрыг Ашигт малтмал, газрын тосны газар cmcs.mrpam.gov.mn сайтаас тус бүр аль сумын нутаг дэвсгэрт байгааг доор харууллаа.




Дүгнээд хэлбэл, Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Дорнод гэсэн дөрвөн аймгийн нийт таван суманд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Зөөвч овоо ордод уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд зааснаар олборлолтын бэлтгэл ажил дөрвөн жилийн хугацаанд хийж, 2029 оноос олборлолт эхлэхээр тусгасан.


