Search

Зөгийн хор агуулсан тос түрхээд үений үрэвсэл эмчлэхийг баталсан судалгаа байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1412

Ерөнхий агуулга

Үений үрэвсэллт өвчнийг эмчлэх зөгийн хор агуулсан тосон бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Зөгийн хор агуулсан тос ашиглан үений үрэвсэлт өвчин эмчлэх тухай шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Бүтээгдэхүүн сурталчилж буй хуудас нь өөр үйл ажиллагаа явуулдаг компанийн сертификатыг ашиглаж, спам сайтаар бүтээгдэхүүн худалдаална гэх хуурамч мэдээлэл түгээжээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны 11 дүгээр сарын 23-нд Sumifun өвдөлт намдаах гель (архивсанласан хувилбар) нэртэй хуудаснаас “Тулай, өвдөгний үеийн өвдөлт, мэдрэлийн ёзоорын өвдөлт, нурууны өвдөлт, хүзүү, мөрний өвдөлт, нугалмын эвэрхий, нурууны мурийлт зэрэгт нөлөөлнө… байгалийн гаралтай олон төрлийн эмийн ургамал агуулсан бөгөөд өвчтэй хэсэгт үр дүнтэй шингэж, хаван болон өвдөлтийг багасгаж асуудлыг шийдвэрлэхэд тусална” гэх тайлбартай Bee venom өвчин намдаах тос сурталчилсан 29 минутын урттай бичлэг нийтэлжээ. Харин бичлэгт хөлийн мурийлт, үений үрэвсэл гэмтэл, том идээ буглааг тос түрхээд шууд арилгаж буй мэт дүрсэлжээ. Тус бичлэгийг нийт 2,600 гаруй реакц, 2,400 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлсэн ба 957 мянган удаа үзсэн байна.

“Sumifun өвдөлт намдаах гель” хуудасны ерөнхий мэдээллийг шалгахад танилцуулга хэсэгтээ “Бид яс, үе мөчний өвчнийг эмчлэх эмчилгээний шийдлүүдийг санал болгодог” гэх мэдээллийг оруулсан ба хуудасны ангиллыг физик эмчилгээний эмч хэмээн сонгон оруулсан байна. Гэвч хаяг байршил, холбогдох дугаар, бүтээгдэхүүн худалдаалж буй компанийн мэдээлэл зэргийг огт оруулаагүй байна. Мөн хуудасны ангиллыг физик эмчилгээний эмч гэж сонгосон боловч эмчилгээ хийх эрхтэй этгээд эсэх, албан ёсны хаяг мөн болохыг батлах ямар нэг шинж тэмдэг байхгүй нь хуурамч хуудас байж болзошгүйг илтгэж байна. 

Үргэлжлүүлэн хуудасны админы нээлттэй мэдээллийг шалгахад Вьетнам улсаас 11, Энэтхэг улсаас 1 админ удирдаж буйг зурагт харууллаа.

Мөн түгээсэн мэдээлэлд хавсаргасан линк рүү орж үзэхэд худалдаалж буй бүтээгдэхүүний мэдээлэл, шошго, баглаа боодол, нэр зэрэг нь өөр байна. Тус сайт нь бидний өмнө шалгаж байсан хуурамч бүтээгдэхүүн худалдаалж буй хуудасны сайттай ижил хийцтэй байгаагаас гадна текстүүд нь найруулга, үг үсгийн алдаатай байна.  “Sumifun өвдөлт намдаах гель” хуудаст өмнө оруулсан постуудад хавсаргасан линк мөн спам сайтын шинжтэй байгаагаас гадна  домэйн өргөтгөл нь “vn” буюу вьетнам сайт болохыг илтгэж байна.

Bee Venom тос худалдаалж буй сайтад хоёр төрлийн гэрчилгээ оруулсан ба  Хятадын Wenzhou Liwei Electronic Technology Co., Ltd  компанийн гэрчилгээ байна. Тус компани нь цахилгааны салбарт үйл ажиллагаа явуулдаг компани юм. Гэрчилгээг олгосон “henzhen ZKt technology Co., Ltd” болон Zhongkai лабораторийн албан ёсны сайтад цахилгаан хангамжийн бүтээгдэхүүн, гэрэл, унтраалга, утасгүй холбоо, автомашин, тоглоом зэрэг бүтээгдэхүүнийг тестэлж гэрчилгээ олгодог байгууллага аж. Үүнээс харахад өөр үйл ажиллагаа явуулдаг компанийн гэрчилгээг ашиглан баталгаатай мэт ойлголт өгч байна. Sumifun өвдөлт намдаах гель хуудсыг гадаад улсаас олон тооны админ удирдаж, баталгаагүй спам шинжтэй сайт ашигласнаас гадна өөр компанийн гэрчилгээг ашигласан нь хуурамч хаяг, баталгаагүй бүтээгдэхүүн худалдаалж буй илтгэж байна.

Түгээсэн мэдээлэлд оруулсан  Fatong- Bee Venom бүтээгдэхүүний зургийг Google Lens хайлтын системээр хайхад хэд хэдэн онлайн худалдааны сайтад оруулсан байна. Тухайлбал, Amazon худалдааны сайтад 2 өөр нэршил,  брэндийн нэрээр оруулсныг доорх зурагт харууллаа. Эхний зурагт DPKSML брэндийн бүтээгдэхүүн гэж мэдээлсэн бол нөгөөд нь DEJIN брэнд гэж оруулахаас гадна савлагаа дээрх нэрийг өөрчилсөн байна.

Мөн brilliant youth гэх худалдааны сайтад савлагаа дээрх нэрийг Flysmus болгон өөрчилжээ.

Тус бүтээгдэхүүний нэр онлайн худалдааны сайтууд дээр өөр өөр нэрээр зарагдаж буй нь найдвартай бус гэдгийг илтгэж байна. Мөн худалдаалж буй хуудаст бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл, орц найрлага, үйлдвэрлэсэн улс, компанийн тухай нарийвчилсан мэдээлэл огт өгөөгүй, баталгаатай мэт сертификат оруулсан ч өөр компанийн сертификат ашигласан нь хуурамч бүтээгдэхүүн худалдаалж, залилан хийж байж болзошгүйг харуулж байна.

Bee Venom буюу зөгийн хор агуулсан тос ашиглаад үе мөчний үрэвсэл, хөлийн мурийлт эмчлэх тухай шинжлэх ухааны нотолгоо байхгүй.

“Хүний хорт хавдрын хэд хэдэн загварт зөгийн хороос гаргаж авсан Мелиттиний хорт хавдрын эсрэг үр нөлөөг нэгтгэн дүгнэсэн шинэчилсэн тойм” судалгаанд зөгийн хорны гол бүрэлдэхүүн хэсэг болох Мелиттин (зөгийн хорын хуурай жингийн 50 хүртэлх хувь) нь 26 амин хүчлээс бүрддэг ба бага хэмжээгээр хэрэглэх нь үрэвслийн эсрэг цогц шинж чанартай ч их тунгаар хэрэглэвэл загатнах, үрэвсэх, өвдөлт үүсгэдэг.

2024 онд нийтлэгдсэн судалгааны дүгнэлтэд “Зөгийн хорын бүрэлдэхүүн хэсгүүд ялангуяа мелиттин, апамин, фосфолипаза А2, гистамин, катехоламин зэрэг биоаминууд нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, нян, вирус, мэдрэл, үе мөчний өвдөлт, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. Эмчилгээний үр өгөөжийг үл харгалзан зөгийн хорын дархлаа үүсгэх нь чухал асуудал ба үүнийг аюулгүй хэрэглэхэд бэрхшээлтэй байна. Эмчилгээний үр нөлөөг хадгалахын зэрэгцээ эмчилгээний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд өндөр харшил үүсгэдэг уургийн агууламжийг бууруулахад чиглэсэн нэмэлт судалгаа хийх шаардлагатай байна” хэмээн бичжээ. Мөн зөгийн хорын аюулгүй байдал, үр нөлөөг сайжруулахын тулд нэмэлт судалгаа шаардлагатайг онцолсон. Тус судалгаанд зөгийн хор нь ядрах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, цусны даралт буурах, цочрох, харшлын хүнд хэлбэрийн реакц өгөх цаашлаад биеийн эрхтний үйл ажиллагааны эмгэг зэрэг сөрөг нөлөөг бичжээ.

“Ревматоид үе мөчний үрэвсэлт өвчний үед зөгийн хорын зүүний эмчилгээ: санамсаргүй байдлаар хийсэн эмнэлзүйн туршилтуудын системчилсэн тойм” судалгаад “нэг туршилтад үндэслэн зөгийн хорын зүүн эмчилгээ нь плацебо хяналтын бүлэгтэй харьцуулахад өвдөлт, өглөөний хөшинг, үе эмзэгших, хавагнах тоог мэдэгдэхүйц бууруулж, амьдралын чанарыг сайжруулж чадна гэж үзэж байна. Гэвч туршилтын тоо, чанар, нийт дээжийн хэмжээ баттай дүгнэлт хийхэд хангалтгүй” гэх дүгнэлт гаргасан ба туршилт хангалттай баталж чадахгүйг дурджээ.

“Хүзүүний өвдөлтөд зориулсан зөгийн хорын зүүн эмчилгээ: Солонгос судалгааны тойм” судалгаагаар хүзүүний өвдөлтөд эерэг нөлөөтэй гэж онцолсон ч зөгийн хорын зүүн эмчилгээний сөрөг нөлөөг цаашид судлах шаардлагатайг дурджээ.

“Туулайн антигенээр өдөөгдсөн үе мөчний үрэвсэлд зөгийн хорын үрэвслийн эсрэг нөлөө: эндоген глюкокортикоидын нөлөө” судалгаагаар зөгий хор тарих нь туулайнд үе мөчний үрэвсэл үүсэхээс сэргийлдэг болохыг харуулжээ.

Дээрх судалгаануудад зөгийн хор нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ба үений үрэвслийн өвчинд хэрэглэсэн нь бий ч үүнийг тос хэлбэрээр хэрэглэсэн бус зөгийн хорыг зүүн эмчилгээ, тарих хэлбэрээр хийжээ. Мөн илүү нарийвчилсан судалгаа хэрэгтэй тухай дурдсан байна. Түгээсэн мэдээлэлд харуулсан хөлийн мурийлт, тулай зэрэг өвчнийг зөгийн хор агуулсан тос түрхээд эмчилсэн тухай судалгаа байхгүй юм.  Pubmed, Google Scholar, Springer Nature, Science Direct зэрэг судалгааны сангаас “Зөгийн хор агуулсан тос” гэх түлхүүр үгээр хайхад үений үрэвсэлд хэрэглэж эмчилсэн тосны тухай судалгаа байхгүй байна.

Зөгийн хор нь харшлын хүнд хэлбэрийн анафилакс реакц өгөх, загатнах, хавдах, арьс цочроох, тууралт гарах, цаашлаад булчин хүчтэй өвдөх, эд эсийн үхжилт явагдах зэрэг сөрөг нөлөөтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл  (архивсанласан хувилбар)

Эх сурвалжууд

Wenzhou Liwei Electronic Technology компанийн тухай мэдээлэл 

Shenzhen ZKt technology Co., Ltd компанийн албан ёсны сайт 

“Хүний хорт хавдрын хэд хэдэн загварт зөгий хорноос гаргаж авсан Мелиттиний хорт хавдрын эсрэг үр нөлөөг нэгтгэн дүгнэсэн шинэчилсэн тойм” судалгаа

“Ревматоид үе мөчний үрэвсэлт өвчний үед зөгийн хорны зүүний эмчилгээ: санамсаргүй байдлаар хийгдсэн эмнэлзүйн туршилтуудын системчилсэн тойм” судалгаа

“Хүзүүн өвдөлтөд зориулсан зөгийн хорны зүүн эмчилгээ: Солонгос судалгааны тойм” судалгаа

“Туулайн антигенээр өдөөгдсөн үе мөчний үрэвсэлд зөгийн хорын үрэвслийн эсрэг нөлөө: эндоген глюкокортикоидын нөлөө” судалгаа

Судалгааны сангийн илэрцүүд

“Therapeutic Potential and Mechanisms of Bee Venom Therapy: A Comprehensive Review of Apitoxin Applications and Safety Enhancement Strategies” судалгаа

“Зөгийн хорын гоо сайхны хэрэглээ” судалгаа

“Persistent severe muscle pain following mistakenly injected high-dose bee venom: A care-compliant case report” судалгаа 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Үений үрэвсэллт өвчнийг эмчлэх зөгийн хор агуулсан тосон бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг оруулжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document