Search

Цус харвалт болон бусад өвчний үед хурууны зэтрийг хатгах арга бүрэн батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1411

Ерөнхий агуулга

“Даралт ихсэх, цус харвалтын шинж илрэх, хордлого, хоолой өвдөж өндөр халуурах үед гарын долоовор юм уу дунд хурууны хумсны зэтрийг хатгаад багахан хэмжээний цус гаргахад үр дүн сайтай. Шаардлагатай бол 10 хурууг ч хатгасан болно” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хурууны зэтрийг хатгах аргыг дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхаарч, гэнэтийн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй. Учир нь энэ төрлийн аргыг орчин үеийн шинжлэх ухаанаар бүрэн батлаагүй бөгөөд зарим тохиолдолд үр дүнгүй гэж дүгнэсэн. Уг арга нь харвалт, даралт зэрэг өвчний батлагдсан эмчилгээг орлохгүй. Мөн энэ төрлийн аргуудыг буруу хэрэглэхэд арьсны халдвар, мэдрэл, судасны гэмтэл, цус алдах зэрэг эрсдэлтэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “Бэлэн комод хямд үнээр” гэх хуудаснаас “Даралт ихсэх, цус харвалтын шинж илрэх, хордлого, хоолой өвдөж өндөр халуурах үед гарын долоовор юм уу дунд хурууны хумсны зэтрийг хатгаад багахан хэмжээний цус гаргахад үр дүн сайтай. Шаардлагатай бол 10 хурууг ч хатгасан болно” гэсэн тайлбартай мэдээлэл нийтэлжээ.  Уг пост 292 реакц, 11 сэтгэгдэл авч, 300 удаа цааш түгээгджээ. 

“Хурууны зэтрийг хатгах арга” нь уламжлалт анагаах ухаанд хамаарах ойлголт бөгөөд тодорхой хэсэгт байрлах тусгай цэгүүдийг хатгаж цус гаргах үйл явцыг хэлнэ. Уламжлалт анагаах ухаанаар уг эмчилгээний үр нөлөөг биеийн дулааныг зохицуулах, цусны урсгалыг эрчимжүүлэх, төв мэдрэлийн системийг идэвхжүүлэх зэргээр тодорхойлдог байна. Гэвч олон төрлийн судалгаагаар дээрх аргыг бүрэн батлагдаагүй, зарим тохиолдолд гаж нөлөөтэйг сануулжээ. Учир нь, бохир хэрэглэлээс халдвар авах, цус алдах зэрэг эрсдэлтэй. Мөн арьсны өнгө цайх, уруул хөхрөх, хөлрөх зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрч болно.

Энэхүү уламжлалт аргыг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс үнэлэх оролдлогыг хийсээр байна. Тухайлбал, тархины харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээнд хуруу ханаж цус гаргах аргын үр нөлөөг 2024 онд хийгдсэн системчилсэн тойм судалгаагаар харуулжээ. Уг судалгаанд нийт 17 туршилтын өгөгдлийг нэгтгэн дүгнэжээ. Үүнд, биеийн тодорхой цэгүүдэд хатаж цус гаргах эмчилгээг хийлгэсэн бүлэгт мэдрэлийн функцийн алдагдал бага байгаа нь илэрсэн байна. Иймд тухайн судлаачид уг уламжлалт аргыг харвалтын дараах мэдрэлийн гэмтлийг сэргээхэд тус магадлалтай гэж дүгнэжээ. Гэвч уг судалгаа нь жижиг цар хүрээг хамарсан, бүрэн батлагдаагүй судалгаануудад тулгуурласан тул илүү чанартай, өргөн хэмжээтэй судалгааг нэмэлтээр хийх шаардлагатайг судлаачдын зүгээс сануулсан байна.

Үүнээс гадна, AP News мэдээллийн сайтын баримт шалгалтын буланд уг аргыг харвалтыг зогсооход ямар ч үр дүнгүй бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж авах үйл явцыг удаашруулж, хүндрүүлдэг гэж дүгнэсэн байна. Тодруулбал, Америкийн Зүрхний Холбооны эрдэмтэн Митчелл Элкинд уг аргын талаарх олон нийтийн буруу ойлголтыг няцаахдаа “энэ арга бол огт үндэслэлгүй худал зүйл, харамсалтай байна” гэж мэдэгдсэн байна.

Шалгаж буй мэдээлэлд дурдсан аргатай төстэй флеботомийн (судаснаас зохиомлоор цус авах) аргыг цусны өвчин болох гемохроматозын үед тодорхой давтамжаар ашигладаг. Үүнийг нарийн хяналтад, нөхөн сэргээх зорилгоор онцгой тохиолдолд ашигладаг байна. Харин энгийн ханиад, халуурах, харвалт, даралт ихсэх, толгой өвдөх зэрэгт аливаа эрхтнээс “цус гаргах” аргыг албан ёсоор зөвлөсөн олон улсын мэргэжлийн байгууллага байхгүй.

Иймд хурууны зэтрийг хатгах аргыг дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхаарч, гэнэтийн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй. Уг арга нь харвалт, даралт зэрэг өвчний батлагдсан эмчилгээг орлохгүй. Мөн энэ төрлийн аргуудыг буруу хэрэглэхэд арьсны халдвар, мэдрэл, судасны гэмтэл, цус алдах зэрэг эрсдэлтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Даралт ихсэх, цус харвалтын шинж илрэх, хордлого, хоолой өвдөж өндөр халуурах үед гарын долоовор юм уу дунд хурууны хумсны зэтрийг хатгаад багахан хэмжээний цус гаргахад үр дүн сайтай. Шаардлагатай бол 10 хурууг ч хатгасан болно” гэсэн тайлбартай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document