Search

Хүрэн манжин идээд хорт хавдрыг шууд эдгээнэ гэсэн судалгаа, нотолгоо байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1410

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хорт хавдраас ангижруулах хүрэн манжин, алим, нимбэгний жор” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Түгээсэн мэдээлэлд дурдсан жортой холбоотой хорт хавдрыг эмчлэх тухай судалгаа огт байхгүй. Хүрэн манжинд хорт хавдрын эсрэг нэгдлүүд байдаг ч хүрэн манжин, хорт хавдрын хоорондын хамаарал болон урт хугацааны өндөр хэрэглээний хоруу чанарыг нарийвчлан судлах шаардлагатай байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 04 дүгээр сарын 27-нд Золоогийн шидэт бэлхүүс (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Германд 56000 хvнийг хорт хавдраас ангижруулж чадсан улаан манжингийн жорыг та бүхэндээ хүргэж байна.” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ. Тус мэдээлэлд алим, нимбэгийн шүүс болон түүхий улаан манжинг хольж уух жор оруулжээ. Уг мэдээллийг нийт 2,100 гаруй реакц, 45 сэтгэгдлээр идэвхжүүлж, 3700 гаруй удаа цааш түгээжээ.  

Хүрэн манжинд хорт хавдраас урьдчилсан сэргийлэх нэгдэл байгааг харуулсан судалгаа бий ч хорт хавдрыг устгаж, эмчилнэ гэдгийг нотолсон шинжлэх ухааны нотолгоо байхгүй.

Түгээсэн мэдээлэлд хүрэн манжин, алимыг нимбэгийн шүүстэй хольж  идэх нь хорт хавдрыг эмчилнэ гэх агуулгыг дурдсан. Гэвч PubMed, Google Scholar, ResearchGate, Science Direct, Springer зэрэг судалгааны сангаас “алим, хүрэн манжин, нимбэг” гэх түлхүүр үгээр хайхад хорт хавдрын эмчилгээнд хэрэглэх тухай судалгаа огт байхгүй байна.

2021 онд нийтлэгдсэн “Хүрэн манжин нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжит функциональ хүнс болох тухай өгүүллийн тойм” судалгаанд хүрэн манжин нь бетаин (betaine), ферулийн хүчил (ferulic acid), рутин (rutin), кемпферол (kaempferol), кофейн хүчил (caffeic acid) зэрэг хорт хавдартай тэмцэх шинж чанартай хэд хэдэн нэгдлийг агуулдаг болохыг мэдээлжээ.

  • Тус тойм судалгаанд хүрэн манжингийн болон бетанин пигментүүд хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй ба флавоноид, полифенолын бүрэлдэхүүн хэсгүүд нь үрэвслийн эсрэг, антиоксидант чанартай хэмээн дүгнэсэн. Гэхдээ бетанины урьдчилан сэргийлэх механизмыг бүрэн тодорхойлоогүй ба манжин болон хорт хавдрын талаарх клиник судалгаа хийгээгүй байна. Хийсэн судалгаануудад ханд бэлтгэх өөр өөр арга хэрэглэхээс гадна бетаниныг тодорхой хугацаанд бодис бие махбодод хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгаа дутмаг байгаа нь эдгээр судалгаанд хэрэглэсэн эмчилгээний концентрац, тун нь хүний плазмын концентрацад хүрч болох эсэхийг тодорхойлоход хүндрэлтэй болгож байна. Хүрэн манжингийн нэмэлт тэжээлийг хүн дээр судалсан клиник судалгаанууд түүврийн хязгаарлагдмал хэмжээгээр хийснээс гадна эрүүл бүлгийг хамааруулсан. Хүрэн манжингийн нэмэлт тэжээл ба хими эмчилгээ, хорт хавдартай холбоотой шинж тэмдэг хоорондын хамаарлыг тусгайлан судалсан эмнэл зүйн судалгаа байхгүй тухай дурджээ.

2019 онд нийтлэгдсэн “Холин ба бетаины түвшин болон хорт хавдрын тохиолдол ба амьдрах чадварын хамаарал: Мета-шинжилгээ” судалгаагаар бетаниний өндөр түвшин хорт хавдар, ялангуяа бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэл багасгадаг хэмээн дүгнэжээ.

Цусан дахь холин бус бетаин нь хөхний хорт хавдрын эрсдэлтэй урвуу хамааралтай: Хятадад хийсэн тохиолдол хяналтын судалгаа”-нд  ийлдэс дэх бетанин нь хөхний хорт хавдрын эрсдэлтэй урвуу хамааралтай болохыг харуулсан ч үр дүнг цаашдын судалгаагаар баталгаажуулах шаардлагатай хэмээн дүгнэжээ.

Хүрэн манжин, навчны ханд нь түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдээс хамгаалж, эсийн өсөлт, шилжилт хөдөлгөөн, өсөлтийн дохионы замыг дарангуйлдаг”, “Манжингийн шүүс нь кардиомиоцит дахь доксорубицины хордлогоос хамгаалж, хөхний хорт хавдрын эсийн апоптозыг сайжруулдаг” зэрэг лабораторын туршилтын судалгаагаар хүрэн манжингийн ханд хорт хавдрын эсийн хуваагдал, өсөлтийг удаашруулдаг болохыг харуулжээ.

Дээрх судалгаануудад хүрэн манжин хорт хавдраас урьдчилан сэргийлэх шинж чанартай нэгдэл агуулдаг болохыг харуулсан ч хорт хавдрыг эдгээдэг тухай судалгаа байхгүй байна. Мөн Хүрэн манжин, хорт хавдрыг эмчлэх хамаарлыг харуулсан нарийвчилсан, эмнэл зүйн судалгаа хийх шаардлагатайг дурджээ.

Хүрэн манжин нитратын өндөр агууламжтай тул их хэмжээгээр, урт хугацаанд хэрэглэх нь бие сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй

Хүрэн манжин нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжит функциональ хүнс болон тухай өгүүллийн тойм” судалгааны дүгнэлтэд “…манжин хэрэглэх нь эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй ч сахарозын өндөр агууламжтай тул бодисын солилцооны синдром, чихрийн шижинтэй хүмүүст урт хугацаагаар хэрэглэхгүй байхыг анхааруулдаг. Мөн манжинд агуулагдах оксалат их байдаг тул их хэмжээгээр хэрэглэвэл бөөрөнд кальцийн оксалат чулуу үүсэх эрсдэлтэй. Манжингийн хоруу чанар, нэмэлт тэжээлийн аюулгүй байдалд урт хугацааны үнэлгээ, судалгаа хийх шаардлагатай” тухай оруулсан байна.

Хүрэн манжин нь нитратын өндөр агууламжтай. Нитратын хэрэглээ цусны эргэлтийг сайжруулахад тустай ч их хэмжээгээр хэрэглэх нь хорт хавдар үүсгэгч N-нитрозо нэгдлүүд биед үүсэх өдөөлтийг дэмждэг байна. “Манжингийн шүүс хэрэглэхийн ашиг тус, эрсдэл: системчилсэн тойм” судалгаанд “хүрэн манжингийн шүүс нитрат их хэмжээгээр агуулагддаг ба хэрэглэснээр N-нитрозо үүсэх магадлалтай тул эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм. N-нитрозо үүсэх, хүрэн манжингийн шүүсний богино, урт хугацааны хэрэглээ хоорондын уялдаа холбоо, хорт хавдар үүсгэх эрсдэлийг судлахын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай хэмээн дурджээ. Хүрэн манжингийн шүүс хэрэглэснээр нитратын хэмжээ ихсэхтэй холбоотой эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийн талаар судалгаа хийгдээгүй ч  нитратын ерөнхий хэрэглээ, тодорхой эх үүсвэртэй холбоотой (ундны ус, улаан мах, хүнсний ногоон, жимс жимсгэнэ гэх мэт) эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг судалсан судалгаа бий.

Түгээсэн мэдээлэлд дурдсан жортой холбоотой хорт хавдрыг эмчлэх тухай судалгаа огт байхгүй. Хүрэн манжинд хорт хавдрын эсрэг нэгдлүүд байдаг ч хүрэн манжин, хорт хавдрын хоорондын хамаарал болон урт хугацааны өндөр хэрэглээний хоруу чанарыг нарийвчлан судлах шаардлагатай байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл (архивласан хувилбар)

Эх сурвалжууд

Судалгааны сангийн хайлтын илэрцүүд

Хүрэн манжин нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжит функциональ хүнс болон тухай өгүүллийн тойм” судалгаа

Холин ба бетаины түвшин болон хорт хавдрын тохиолдол ба амьдрах чадварын хамаарал: Мета-шинжилгээ” судалгаа

Цусан дахь холин бус бетаин нь хөхний хорт хавдрын эрсдэлтэй урвуу хамааралтай: Хятадад хийсэн тохиолдол хяналтын судалгаа”

Хүрэн манжин, навчны ханд нь түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдээс хамгаалж, эсийн өсөлт, шилжилт хөдөлгөөн, өсөлтийн дохионы замыг дарангуйлдаг”судалгаа

“Манжингийн шүүс нь кардиомиоцит дахь доксорубицины хордлогоос хамгаалж, хөхний хорт хавдрын эсийн апоптозыг сайжруулдаг” судалгаа

Хүрэн манжин нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжит функциональ хүнс болон тухай өгүүллийн тойм” судалгаа

Манжингийн шүүс хэрэглэхийн ашиг тус, эрсдэл: системчилсэн тойм” судалгаа

“Ундны усны нитрат ба хүний ​​эрүүл мэнд: Шинэчлэгдсэн тойм” судалгаа

“Амаар хэрэглэх (залгих) нитрат, нитрит, цианобактерийн пептидийн хор” ДЭМБ, Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан монографи 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Хорт хавдраас ангижруулах хүрэн манжин, алим, нимбэгний жор” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document