2025 оны дөрөвдүгээр сарын 19-нд Egshiglen HealthCoach нэртэй Facebook хаягаас “Үнэртэй ус бидний дааврыг маш их гэмтээж байдаг” гэх эхлэлтэй бичлэг оруулжээ. Уг бичлэгт, “Үнэртэй ус дотоод шүүрлийн булчирхайг гэмтээгч гэдэг ангилалд ордог, дотроо 3000 гаруй химийн хортой бодисыг агуулж байдаг. Зөвхөн үнэртэй ус гэлтгүй Fragrance гэж бичсэн байх юм бол худалдааны нууц гэсэн ангилал буюу орцыг нь заавал мэдэгдэх шаардлагагүй, 10 гаруйгаас хэдэн зуун хортой химийн бодис агуулж байдаг шүү. Хүмүүс үнэртэй усаа хүзүүний ар, голоор гээд лимф гүйдэг хамгийн нимгэн хэсгээр түрхээд байдаг. Ингэснээр үнэртэй ус шууд таны цус руу орж байгаа юм. Таны толгой их өвдөнө, даавар чинь тэнцвэрээ шууд алдана. Үр тогтолт муудаж, хүүхэдтэй болж чадахгүй байна. Дээрээс нь олон төрлийн хавдарт өртөх эрдсэлийг маш их өндөрсгөж байдаг. Үнэртэй ус үнэртэхэд тархи руу шууд очиж мэдрэлийн системийг гэмтээж байдаг…Үнэртэй ус гэлтгүй лаа, саван шампунь гээд үнэртэй бүхэнд Fragrance гэсэн нэр орсон байвал татгалзаарай. Үнэхээр түрхмээр байвал арьсандаа бус хувцас руугаа цацаарай. Хүний биед байдаг toxic load бүр хуримтлагдаад элэг, бөөр чинь ачааллаа дийлэхээ болино гэсэн үг. Тиймээс үнэртэй ус битгий хэрэглээрэй” гэжээ.
Тус пост 5,900 гаруй реакц, 314 сэтгэгдэл авч, 4,100 гаруй удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан мэдээлэлд дурдагдcан үнэн баримт:
- “Fragrance гэж бичсэн байх юм бол худалдааны нууц гэсэн ангилал буюу орцыг нь заавал мэдэгдэх шаардлагагүй”- Үнэн
Уг нь аливаа гоо сайхны бүтээгдэхүүн нь дэлгүүр, интернэт, эсвэл шууд борлуулалтаар хэрэглэгчдэд хүрдэг бол найрлагын жагсаалттай байх ёстой. Ихэнх тохиолдолд найрлага бүрийг тусад нь жагсаах ёстой ч АНУ-ын хуулиар, үнэр, амт оруулагчийн найрлагыг ерөнхийд нь “Fragrance” эсвэл “Flavor” гэж тэмдэглэхийг зөвшөөрдөг байна.
- “Fragrance” нь үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнд өвөрмөц үнэр оруулдаг химийн бодисуудын нийлбэр юм. Гэвч эдгээр бодисын бүрэлдэхүүн нь ил тод биш, “арилжааны нууц” хэмээн ихэнх тохиолдолд шошгон дээр “Fragrance” эсвэл “Parfum” гэсэн ерөнхий нэршлээр бичигддэг гэж АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-ны мэдээллийн сайтад дурджээ. Учир нь үнэр оруулагч, удаан хадгалах зориулалттай найрлага нь олон төрлийн байгалийн болон химийн бодисын нийлмэл байж болох тул эдгээрийг “арилжааны нууц” гэж үздэг байна.
- “Үнэртэй ус /түүнд агуулагдах бодисууд/ дотоод шүүрлийн булчирхайг гэмтээгч гэдэг ангилалд ордог” – Ихэнх нь үнэн
- Бүх үнэртэй ус шууд дотоод шүүрлийн булчирхайг гэмтээх буюу “эндокриний үйл ажиллагаанд нөлөөлөх” (endocrine-disrupting chemicals, EDCs) ангилалд ордоггүй, харин түүнд агуулагддаг зарим бодис нь энэ ангилалд ордог тул тэдгээр бодисын хэмжээ, тунг ил тод мэдээлсэн бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй.
Шалгасан мэдээлэлд дурдсан төөрөгдүүлсэн баримтууд
- “3000 гаруй химийн хортой бодисыг агуулж байдаг“- Төөрөгдүүлсэн
- Үнэртэй усны найрлагад 3000 гаруй бодис ордог ч, бүгд хортой ангилалд ордоггүй. Үүнийг яриандаа залруулж, “Fragrance гэж бичсэн байх юм бол худалдааны нууц гэсэн ангилал буюу орцыг нь заавал мэдэгдэх шаардлагагүй, 10 гаруйгаас хэдэн зуун хортой химийн бодис агуулж байдаг” гэсэн байна.
- Олон улсын үнэртний холбоо (IFRA) нь 2022 онд үнэртэй ус, гоо сайхан болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд ашигладаг бодисуудын нэр, ангилал, хэрэглээний зориулалтыг тусгасан Ил тод байдлын жагсаалтыг шинэчлэн судалж гаргасан байна. Тус жагсаалтад нийт 3,619 найрлага багтсан бөгөөд үүнд:
- 3,224 үнэр оруулагч найрлага (таатай үнэр нэмэх эсвэл эвгүй үнэрийг дарах зориулалтаар ашиглагддаг)
- 395 функциональ найрлага (үнэртний найрлагын үйл ажиллагаа болон тогтвортой байдлыг дэмжих зориулалттай бодисууд) орсон байна.
- Гэхдээ энэхүү жагсаалтад багтсан бүх найрлага нь хортой гэсэн судалгаа одоогоор байхгүй байна. Харин дээр дурдсанчлан фталат, синтетик муск /химийн аргаар гаргаж авсан анхилам үнэртэн/ зэрэг бодис нь дааврын тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар олон улсын хэд хэдэн судалгаанд (энд, энд) онцолжээ.
- “Хүмүүс үнэртэй усаа хүзүүний ар, голоор гээд лимф гүйдэг хамгийн нимгэн хэсгээр түрхээд байдаг. Ингэснээр үнэртэй ус шууд таны цус руу орж байгаа юм“- Төөрөгдүүлсэн
- Арьсаар химийн бодис шингэх боломжтой ч, энэ нь маш бага. Арьс бол хүний биеийн хамгаалалтын хамгийн том эрхтэн бөгөөд олон үе давхаргатай. Шууд “цус руу орно” гэдэг нь хэтрүүлсэн ойлголт. Лимфийн судас, цусны судсанд хүрч, биеэр тархана гэдэг нь химийн бодисын бүтэц, хэмжээ, уусалт зэргээс шалтгаалдаг. Энгийн хэрэглээнд бол тун бага хэмжээ шингэдэг. Ихэнх үнэртэй ус гадаргуу дээр уурших зориулалттай (volatile compounds) бөгөөд үнэрлэх мэдрэхүйд зориулагдсан, гүн шингэхээр бүтээгдээгүй. Гэхдээ олон удаагийн, өдөр тутмын хэрэглээ нь химийн бодис хуримтлагдах эрсдлийг нэмэгдүүлдэг тул анхаарах шаардлагатай.
- Үр тогтолт муудаж, хүүхэдтэй болж чадахгүй байна– Төөрөгдүүлсэн
- “Үнэртэй ус үргүйдэл үүсгэдэг” гэсэн шинжлэх ухааны баттай дүгнэлт одоогоор байхгүй. Гэхдээ үнэртэй усны найрлагад агуулагдах зарим химийн бодис нь үр тогтолтод сөргөөр нөлөөлж болох эрсдэлтэй. Үнэртэй усны найрлагад үнэрийг удаан барих зориулалттай фталат (phthalates), үнэрийг тогтворжуулах, удаан хадгалах синтетик муск (synthetic musk) зэрэг EDCs бодисууд ордог. Эдгээр бодист хэт их тунгаар байнга өртөх нь өндгөн эс болон эр бэлгийн эсийн чанар муудах, умай, өндгөвчний үйл ажиллагаа саарахад хүргэх нөлөөтэй гэжээ.
Фталат хэмээх үнэрийг тогтоон барихад ашигладаг химийн бодис орсон зарим гоо сайхны бүтээгдэхүүн дааврын тогтолцоонд нөлөөлдөг
Үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг зарим төрлийн үнэр оруулагч химийн бодисууд нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг. Тухайлбал, фталат нь үнэртэй усны үнэрийг удаан хадгалах зорилгоор өргөн хэрэглэгддэг химийн бодис юм. Гэвч тус химийн бодис нь эндокриний тогтолцоонд (дааврын систем) сөрөг нөлөө үзүүлдэг тухай судалгаа бий.
Түүнчлэн, 2020 онд Европын Комиссоос “DEHP”, “DBP”, “BBP”, “DIBP” зэрэг фталатыг дотоод шүүрлийн тогтолцоонд сөрөг нөлөөтэй гэж, хэрэглэхийг хязгаарласан байна.
- Харин “DEP” нь үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнд түгээмэл ашиглагддаг, харьцангуй “зөөлөн” буюу аюул багатайд тооцогддог ч удаан хугацааны турш биед хуримтлагдвал эрүүл мэндэд сөрөг нөлөө гарч болзошгүй гэжээ.
Дүгнэхэд, фталат зэрэг синтетик химийн бодис нь маш олон төрлийн бүтээгдэхүүнд байдаг тул хүмүүс өртөх нь нэлээд түгээмэл гэж АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ. Тухайлбал, гоо сайхны бүтээгдэхүүн, хуванцар эдлэл, үнэртэй ус зэрэгт ашигладаг бөгөөд эдгээр бодис нь хүний биед хуримтлагдаж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар тус судалгаанд дурджээ.
Харин фталат агуулаагүй бүтээгдэхүүн “phthalate-free”, “0% phthalates”, “No phthalates” зэрэг шошготой байдаг бөгөөд эдгээр тэмдэглэгээтэй үнэртэй ус болон гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөдөг байна.




