Search

Илүү гүнзгий судлах шаардлагатай сорвины наалтаар үрчлээг арилгахгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1405

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Осол гэмтэл, түлэгдэлт , үрчлээс гэх мэт хуучин болон шинэ бүх төрлийн сорвинд хэрэглэх боломжтой цахиурлаг гель агуулсан, сорвины наалт”  гэх бүтээгдэхүүний бичлэгийг түгээжээ. 

Баримт шалгалтын үр дүн

Силикон сорвины наалт нь гипертрофик болон келоид төрлийн сорвинд үр дүнтэйхэрэглэхэд хялбар гэдгийг олон тооны судалгаагаар харуулсан. Гэвч тэдгээр бүтээгдэхүүний арьсанд үзүүлэх үйлчлэлийн механизмыг илүү нарийн судалж, тайлбарлах ёстойг дурдсан байна. Уг наалт нь сорвины хэмжээг багасгахад нөлөөлөх ч үрчлээнд үр дүнгүй. 


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Beauty Korea Cosmetics гэх хуудаснаас “Нано технологиор хийгдсэн сорви арилгах , арьсыг нөхөн төлжүүлэх силикон наалт” гэх бүтээгдэхүүний бичлэгийг “Осол гэмтэл, түлэгдэлт , үрчлээс гэх мэт хуучин болон шинэ бүх төрлийн сорвинд хэрэглэх боломжтой цахиурлаг гель агуулсан, сорвины наалт” гэсэн тайлбартай нийтэлжээ.  Уг пост 925 реакц, 526 сэтгэгдэл авч, 662 удаа цааш түгээгджээ. 

Силикон наалт ашиглан сорвийг эдгээх талаарх мэдээллийг шалгахын тулд олон улсын судалгааны сангуудаас шүүлээ. Хайлтын үр дүнд, силикон суурьтай сорвины наалт нь гипертрофик (арьсны өнгөн хэсэгт үүссэн сорви) болон келоид (арьсны өнгөн хэсгээс овойж, ягаан, улаан, хүрэн өнгөтэй болж тогтдог сорви) сорвийг багасгахад тустай аргуудын нэгээр судлагдсан байна. Уг бүтээгдэхүүн нь сорвины эдгэрэлтийн явцыг дэмжихийн тулд сорвитой хэсгийн арьсны чийгийг хадгалах, хамгаалалтын орчин үүсгэх замаар сорвины зузаан, улайлт, загатнаа зэргийг багасгадаг. Гэвч тус бүтээгдэхүүний үйлчлэлийн талаарх нарийн мэдээллийг илүү гүнзгий судлах шаардлагатайг олон тооны судалгаанд дурджээ. Тухайлбал, PubMED судалгааны санд 2024 онд нийтлэгдсэн “Металл болон органик бүтэцтэй силикон наалт нь гипертрофик сорвийг багасгахад хэрхэн нөлөөлдөг тухай” судалгаанд энэ тухай харуулсан.

Уг судалгаагаар силикон наалт нь шархны эдгэрэлтийн явцыг сайжруулж, шархны эдийн нөхөн төлжилтийг идэвхжүүлснээр сорви үүсэхийг бууруулсан болохыг туулайн чихний сорвинд хийсэн туршилтаар баталсан байна. Үүнээс үүдэн силикон наалт нь гипертрофик сорви үүсэхээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байх боломжтой гэж дүгнэсэн ч илүү нарийвчилсан судалгаа шаардлагатай байгааг онцолсон. 

Мөн 2015 оны “Сорвийг багасгахад силикон наалтыг хэрэглэх нь” судалгаанд энэ чиглэлээр хийсэн судалгаануудыг нэгтгэж судалжээ. Үүнд, Силикон гелийн наалт нь гипертрофик сорви болон келоид сорвины үүсэл, нөхөн сэргээлтэд хэрхэн нөлөөлдгийг бүрэн тодорхойлоогүй байгаа ч, эдгээр бүтээгдэхүүний үр нөлөөтэй байдлыг ихэнх судлаач хүлээн зөвшөөрдөг. Тухайн бүтээгдэхүүнүүд нь сорви үүсэх эсийн идэвхжилийг бууруулж, хэвийн нөхцөлд шилжих үйл явцыг дэмжиж, гипертрофик сорвины зузаан болон өнгөний өөрчлөлтийг саармагжуулдаг гэж үзжээ. Гэвч силикон наалтын үйлчлэх механизмыг бүрэн тайлаагүй бөгөөд илүү нарийвчилсан судалгаа шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.

Силикон сорвины наалт нь ихэнх хүмүүсийн хувьд аюулгүй боловч шархны хэмжээ, хувь хүний арьсны онцлог зэргээс хамааран зарим хүн арьсны цочрол өгч, загатнах, тууралт гарах зэрэг сөрөг нөлөө илэрч болно. Ялангуяа халуун, чийглэг уур амьсгалтай газар амьдардаг эсвэл эмзэг арьстай хүмүүст тохиолдох нь элбэг. Америкийн Арьсны Өвчин Судлалын Нийгэмлэгээс силикон сорвины наалтыг зүсэлт, зулгаралт, түлэгдэлт, мэс засал зэргээс үүссэн сорвинд хэрэглэж болно. Гэвч нээлттэй шарх, халдварласан, нурсан арьсанд хэрэглэх ёсгүй гэж мэдээлжээ.

Үүнээс гадна уг бүтээгдэхүүнтэй холбоотой судалгаануудад үрчлээ арилгах талаар дурдаагүй байна. Үрчлээ нь арьсны насжилт, коллаген буурах, нарны гэрэлд өртөх, нүүрний хөдөлгөөнөөс зэргээс үүдэн бий болдог байгалийн үзэгдэл юм. Энэ нь арьсанд сорви үүсэхтэй адилгүй. Үрчлээг арилгахын тулд арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх (коллаген, эластин сэргээх гэх мэт) тусгай эмчилгээ хэрэгтэй байдаг. 

Тиймээс аливаа эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй. Мөн энэ төрлийн наалтууд нь орц найрлагаасаа хамааран олон төрөл байдаг тул бүтээгдэхүүн болон борлуулж буй газрын талаарх мэдээллийг сайтар шалгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Осол гэмтэл, түлэгдэлт , үрчлээс гэх мэт хуучин болон шинэ бүх төрлийн сорвинд хэрэглэх боломжтой цахиурлаг гель агуулсан, сорвины наалт”  гэх бүтээгдэхүүний бичлэгийг түгээжээ. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document