2025 оны 04 дүгээр сарын 26-нд Od Bill хаягаас “Ховд аймаг, Мянгад сум. Айлын усны нөөцийн савнаас ийм могой олджээ. Ховд аймгаас шинэ төрөл зүйлийн могой олдсон уу?” гэх тексттэй усан дотор амьтан хөдөлж буй богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 337 реакц, 94 сэтгэгдлээр идэвхжүүлж, 166 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн бичлэгийн хэсгийг Google lens хайлтын системээр хайхад гурван жилийн өмнө уг бичлэгийг нийтэлж байсан сайт, хаягууд илэрцээр гарч ирлээ. Тухайлбал, NDTV мэдээллийн сайтад 2022 оны 03 дугаар сарын 16-нд оруулсан мэдээлэлд Тайландын зүүн хойдод байрлалтай Сакон Нахон мужид 49 настай Ту гэх хүн могойг олж гэр бүлийнхэндээ үзүүлсэн тухай мэдээлсэн ба бичлэгийн эх сурвалжийг мөн оруулжээ. Бичлэгийг 2022 оны 02 дугаар сарын 27-нд Mini First нэртэй Facebook хаягт “Энэ төрлийн амьтныг мэддэг хүн байвал хариулж өгнө үү. Олон хүний санал болгосноор мэдээлэл хайхыг оролдсон боловч олж чадаагүй. Усны амьтан, могойн мэргэжилтэн мэддэг хүн байвал энэ талаар судалж туслаач. Үүнийг үнэхээр сонирхож байгаа, хариулт өгөх бодит мэдээлэлтэй хүмүүст # Share хийгээрэй” гэх тайлбартай нийтэлжээ.
Австралийн төв эргийн Зэрлэг амьтдыг авран, арчлах нийгэмлэгийн (Wildlife ARC) могойн төрөл зүйлийн зохицуулагч Сэм Чатфилд Yahoo News Australia-д уг үслэг могойг “хайрс дээр нь замаг, хиг наалдаж ургасан дугуй толгойтой усны могой шиг харагдаж байна” гэх тодруулга өгжээ. Энэ төрлийн могой хоолоо хайж намгархаг газраар явдаг бөгөөд хэт удаан намагт байснаар хайрст нь замаг наалдаж ургасан хэмээн таамаглаж буй аж.
Хоёр сая гаруй дагагчтай зэрлэг амьтдын тухай судалдаг Nick Wildlife youtube суваг ногоон үстэй могой шиг нууцлаг амьтны тухай илүү дэлгэрэнгүй судлах зорилгоор могойг хадгалж буй гэр бүл дээр очиж, бичлэг хийн нийтэлжээ. Тус бичлэгт могойг уснаас гаргаж, шинжилж үзсэн ба Homalopsis nigroventralis гэх нэршилтэй гэдэс дээрээ хар судалтай усны могой болохыг харуулжээ. Мөн могой гадна наалдсан үс шиг зүйлийг авч үс биш замаг болохыг бичлэгт харуулсан байна.
Дүгнэхэд, гурван жилийн өмнө Тайландад бичсэн могойн бичлэгийг Ховд аймгийн Мянгад суманд олдсон гэж төөрөгдүүлжээ. Бичлэгт усны могойг харуулсан бөгөөд намагтай газар удаан байснаар хайрст нь замаг наалдаж ургасан байна.




