2025 оны 04 дүгээр сарын 17-нд Mishka Mishka (архивласан хувилбар) нэртэй хаягаас “Хүйсээ яагаад тосолдгийг та мэдэх үү?” гэх гарчигтай мэдээлэл түгээсэн нь нийт 167 реакц авч, 353 удаа цааш түгээгджээ. Тус постод “Шинжлэх ухааны мэдээллээр бол хүн нас барсны дараа хүйс нь дулаан хэвээр байгаа бөгөөд 3-18 цагийн турш бага зэрэг лугшилттай байдаг… “Тамц” булчирхай нь хүйсний ард байрладаг бөгөөд үүнээс 72000 гаруй хялгасан судас, судлууд үүсдэг. Гэхдээ бидний бие дэх цусны судасны нийт тоо дэлхийн тойргийн хэмжээнээс хоёр дахин их юм! Хүйсэндээ янз бүрийн тос түрхэх – нүд хуурайших, хараа муудах, нойр булчирхай, хагарсан өсгий, уруулыг эмчилнэ, нүүрийг гялалзуулж, үсийг гялалзуулж, өвдөг өвдөх, жихүүдэслэх, хөших, үе мөч өвдөх, арьс хуурайших гэх мэт…” гэх агуулгыг дурджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Түгээсэн мэдээллийн агуулгаар хайхад интернэт орчинд Энэтхэгийн Аюурвед уламжлалт анагаах ухааны хүйс тослохтой холбоотой англи хэлээр бичигдсэн хэд хэдэн мэдээлэл гарч ирлээ. Мэдээлэлд дурдсан Тамц булчирхайг англиар Pechoti (Печоти) гэж нэрлэх ба хүйс тослох аргыг Печоти арга гэж нэрлэх нь бий аж. Гэвч хүний анатоми бүтцэд Печоти буюу Тамц булчирхай байдаг гэх шинжлэх ухааны нотолгоо байхгүй тухай Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сэтгүүлийн (Women’s Health) сайт, эрүүл мэндийн мэдээлэл оруулдаг Healthline сайтад дурджээ.
Хүйсний нүх бусад хэсгийн арьснаас илүү шингээж, цусны урсгалд оруулах чадваргүй. Хүй унасны дараа хүйс битүүмжлэгдэж сорви болдог ба тос түрхэхэд онцгой нөлөө үзүүлэхгүй юм. Зарим тохиолдолд гэдэс, хэвлий хэсэгт тос түрхэн массаж хийх нь гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэгт тустай. Гэхдээ энэ нь хүйсний нүхээр дамжуулан тосыг илүү шингээж авна гэсэн үг биш юм.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Энэтхэгийн THIP Media баримт шалгах төвөөс хүйсээ тослох нь нүдний хараа сайжруулна гэх агуулгад баримт шалгалт хийж худал болохыг тэмдэглэжээ. Тодруулбал, тус баримт шалгалтад Аюурведийн Амрита сургуулийн судалгааны захирал доктор П.Рамманохараас “хүйсийг тослох буюу Печоти арга аюурведийн уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг үү” гэж тодруулахад “Печоти буюу хүйс тослох нь баримтаар баталгаажсан аюурведийн практик биш” хэмээн хариулсан байна. Мөн тосолсноор хараа сайжруулна гэх мэдээлэлд нүдний эмч, мэргэжилтнүүд дараах тодруулгыг өгчээ.
- Нүдний эмч доктор Навин Гупта “Нүдний эрүүл мэнд болон хараа сайжруулах хоёрт ялгаа бий. Нүдний шилний харааны үзүүлэлт тоо буурсныг хараа сайжирч байна гэж хэлэх нь буруу. Зөв хооллолт, амьдралын эрүүл хэв маягт дасан зохицсоноор нүдээ хамгаалах боломжтой”
- Нүдний мэргэжилтэн доктор Прадил Дахале “Нүдний шилийг нүдний эмч хараа засах зорилгоор өгдөг. Нүдний алимны хэмжээс анатомийн өөрчлөлтөөс шалтгаалсан харааны бэрхшээлийг засах зорилготой. Нэмэлт бэлдмэл, тэжээл нүдний тэнхлэгийн урт, эвэрлэгийн мурийлт гэх мэт нүдний хэмжээг өөрчилж чадахгүй юм. Тиймээс зөвхөн хоолны нэмэлтүүдийг хэрэглэснээр хараагаа өөрөө сайжруулж, шилээ тайлах боломжтой гэдэгт итгэх нь гэнэн хэрэг болно” гэж тодруулга өгсөн.
Мөн USA Today сайтад дээр дурдсан Печоти аргаар үе мөчний өвчин намдаана, хатсан уруул, сарын тэмдгийн үеийн өвдөлт намдаана гэх постыг баримтаар шалгаж төөрөгдүүлсэн гэж дүгнэжээ.
Google Scholar, PubMed, ResearchGate, Science Direct зэрэг судалгааны сангаас “хүйсний нүх тослох нь хараа сайжруулдаг” гэх түлхүүр үгээр хайхад илэрцгүй, энэ тухай хийсэн судалгааны ажил огт байхгүй байна. Нойр булчирхай болон үений өвчинд нөлөөтэйг харуулсан судалгаа мөн байхгүй.


