2025 оны 04 дугаар сарын 17-нд Сонгинохайрхан Мэдээ гэх Facebook хуудсаас “Сүүлийн үед гелэн вок буюу угаалгын капсулан шингэнийг ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглаж байна. АНУ-д хийгдсэн судалгаагаар 2012-2014 онд 18 ба түүнээс доош насны хүүхдүүдийн дунд гелэн вокны хордлогын 9814 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний ихэнх хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд нийт тохиолдлын 12.5 хувь нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Нунтаг воктой харьцуулбал гелэн вокны хордлогод өртсөн хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх магадлал 4 дахин их байна” гэсэн пост нийтэлжээ.
Тус постыг 1,100 гаруй реакц, 211 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 779 удаа цааш түгээсэн байна..
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Капсулан угаалгын шингэнтэй холбоотой хордлогын дийлэнх нь 0–5 насны хүүхдүүд иддэг зүйл хэмээн залгиснаас үүддэг гэжээ
Нэг удаагийн хэрэглээний капсулан угаалгын шингэн нь 2001 оноос эхлэн Европын зах зээлд худалдаалагдаж эхэлжээ. Тус бүтээгдэхүүн нь усанд уусдаг мембранаар бүрхэгдсэн, өндөр концентрацитай угаалгын бодисыг агуулдгаараа онцлог бөгөөд уламжлалт нунтаг болон шингэн угаалгын бодисыг илүү авсаархан, хэрэглэхэд хялбар болгосон учир сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болсон.
Гэвч уг бүтээгдэхүүний гадаад төрх нь өнгөлөг, сонирхол татахуйц дизайнтай байдгаас шалтгаалан бага насны хүүхдүүдийн анхаарлыг татаж, тоглоом эсвэл хүнсний бүтээгдэхүүнтэй андуурагдах эрсдэлтэй болохыг АНУ-ын Биотехнологийн Үндэсний хүрээлэнгийн “АНУ-д угаалгын бодисын гелэн капсул болон энгийн бодистой холбоотойгоор хүүхдүүд яаралтай тусламжийн тасагт хандсан тохиолдлууд” гэх судалгаанд дурдсан байна. Тухайлбал, 2012–2014 оны хооронд АНУ-д 18 ба түүнээс доош насны хүүхдүүдийн дунд энгийн угаалгын бодисын хордлогын 26,062 тохиолдол, капсулан угаалгын шингэний 9,814 хордлогын тохиолдол бүртгэгдсэн гэжээ.
Түүнчлэн капсулан угаалгын шингэнтэй холбоотой хордлогын дийлэнх нь 0–5 насны хүүхдүүдэд тохиолдсон бөгөөд эдгээрийн 71.3 хувьд нь залгиснаас үүдэлтэй хордлого гэсэн онош тавигдсан байна. Харин энгийн угаалгын бодистой холбоотой тохиолдлуудын ихэнх нь арьсны харшлын урвал буюу контакт дерматит байсан гэжээ. Капсулан угаалгын шингэний хордлогын 12.5 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон бол, энгийн угаалгын бодисын хордлогын хувьд энэ үзүүлэлт ердөө гурван хувьтай байжээ. Эдгээр үзүүлэлтээс харахад, капсулан угаалгын шингэнд өртсөн хүүхдүүдийн эмнэлэгт хэвтэх эрсдэл нь энгийн угаалгын бодистой харьцуулахад дөрөв дахин өндөр байгаа тухай тус судалгаанд онцолсон байна. Мөн АНУ-д капсулан угаалгын шингэнтэй холбоотой хордлогын тоо буурахгүй байгааг энд бас энд дурджээ.
Дүгнэхэд шалгасан мэдээлэлд бага насны хүүхдүүд Laundry Detergent Pods буюу капсулан угаалгын шингэнээс болж хордсон тухай мэдээлэл, тоо баримт нь үнэн боловч, хүүхдүүд угаалгын бодис гэж мэдэлгүй идсэнээс шалтгаалсан, эсвэл угаасан хувцаснаас болсон эсэх нь ойлгомжгүй тул иргэдийг төөрөгдүүлжээ.