Search

Гаднын улсаас удирдаж буй хуурамч хуудсаар “эрүүл мэндийн бүтээгдэхүүн зарна” гэх залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1400

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гэрийн нөхцөлд лимфийн зангилааг бүрэн эдгээх япон тосны талаар сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсаас удирдаж буй хуудсаар дамжуулан залилан шинж бүхий мэдээллүүдийг түгээж, баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчилж байна. Мөн тунгалгийн булчирхайнд үүссэн хаванг бүрэн эмчлэх арга байхгүй.  Ихэнх аргууд нь хаванг бууруулж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байдаг.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Health Care Channel гэх хуудаснаас “Гэрийн нөхцөлд лимфийн зангилааг бүрэн эдгээх япон тос”-ны талаар сурталчилсан бичлэг нийтэлжээ.  Уг пост 414 реакц, 786 сэтгэгдэл авч, 342 удаа цааш түгээгджээ. 

Шалгаж буй мэдээллийг анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг нягтлах аргыг ашиглан хайлт хийлээ. Тухайн хаягийг хөтлөн явуулж буй байршлын бүртгэлийг шалгахад Вьетнам, Энэтхэг улсаас удирддаг байна. Үүнээс гадна хуудасны танилцуулга хэсэгт зөрүүтэй мэдээллийг оруулж, төөрөгдүүлжээ.

Тухайн хуудаснаас түгээсэн мэдээллүүдэд хавсаргасан холбоосоор нэвтрэхэд, хямдарсан үнийн дүн, хурдан шуурхай худалдан авалт хийхийг ятгасан өгүүлбэрийг олноор байршуулжээ. Энэ нь хэрэглэгчид нухацтай бодох боломж олгохгүйгээр төлбөр төлүүлэх зорилготой залилан үйлдэгчдийг ашигладаг аргын нэг юм.

Мөн бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийг зөвхөн чатаар өгдөг. Худалдан авалт хийхдээ тусгай холбоосоор орохыг уриалдаг бөгөөд холбогдох дугаар, хаяг байршлын мэдээлэлгүй. Уг хуудсаар дамжуулан зарж буй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах холбоос нь хоорондоо ялгаатай, олон төрлийн, өөр өөр хэлбэртэй байна. Эдгээр үйлдэл нь залилангийн шинжтэй юм.  

Дээрх баримтуудаас гадна, Уг хуудас сэтгэгдэл хэсгээ хааж, найруулгын алдаатай, ойлгомжгүй үг, хэллэг ашиглаж мэдээлэл түгээсэн нь тухайн хаягийн баталгаагүй байдлыг илэрхийлэх өөр нэг баримт болох юм.

Тунгалгийн булчирхай нь биеийн бүх хэсгээр тархсан, вандуй хэлбэртэй жижиг эрхтнүүд юм. Эдгээр нь дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэж, бактери, вирус болон бусад гаднын биетийг устгахад тусалдаг. 

Лимф нь (тунгалгийн шингэн) тунгалаг, цайвар өнгөтэй шингэн бөгөөд бактери устгадаг лимфоцит, цагаан эс зэрэг бодисоос бүрддэг. Уг шингэн нь лимфийн судсаар дамжин, эд эсүүдэд тэжээл хүргэж, халдвартай тэмцэхээс гадна вирус, бактери зэргийг цуглуулж, тунгалгийн булчирхай руу зөөдөг. Харин тунгалгийн булчирхай нь тэдгээрийг шүүх үүрэг гүйцэтгэнэ. Лимфийн үйл ажиллагаа саатаж, гэмтсэнээс шалтгаалж тунгалгийн булчирхайд хаван үүсдэг. Ингэснээр тунгалгийн булчирхай шүүгдсэн шингэнийг гадагшлуулах, зөөвөрлөх үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг.  

Тунгалгийн булчирхайнд үүссэн хаванг бүрэн эмчлэх арга байхгүй.  Ихэнх арга нь хаванг бууруулж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байдаг. Энэ талаар эрүүл мэндийн мэдээлэл бэлтгэн хүргэдэг Мэйо Клиник сайтад тунгалгийн зангилаанд хаванг бууруулах массаж, зориулалтын боолт, хувцас, насостой ханцуйвч зэргийг мэргэжлийн эмчийн жорын дагуу ашиглахыг мэдээлжээ. Мөн булчирхайд үүссэн эмгэгийн тухайн нөхцөл байдлаас хамааран физик эмчилгээ болон мэс заслын аргыг ашигладаг байна.

Иймд энэ төрлийн эмгэг тохиолдсон үед баталгаагүй газраас худалдан авалт хийхээс өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, тусгай жорын дагуу зохих эмчилгээг хийлгэх нь зүйтэй.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Гэрийн нөхцөлд лимфийн зангилааг бүрэн эдгээх япон тосны талаар сурталчилсан бичлэг нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document