Search

Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай ба ураныг энхийн зорилгоор экспортлох боломжтой

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1399

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“ОХУ-ын тусгаар тогтнолд заналхийлдэг тэдгээр улсыг цөмийн зэвсэг дэмждэг хэн ч байсан ОХУ дайснаа хэмээн үзнэ…” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Путин цөмийн зэвсэг дэмждэг аливаа улсыг ОХУ-ын дайсан гэж үзнэ гэж шууд хэлсэн мэдээлэл байхгүй. Харин ОХУ-ын Цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх баримт бичигт “Орос руу цөмийн зэвсэгтэй улсын дэмжлэгтэйгээр түрэмгийлсэн тохиолдолд хамтарсан дайралт хэмээн үзнэ” гэх тухай мэдээлэл байна. Мөн Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай ба ураныг энхийн зорилгоор экспортлох боломжтой.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 02 дугаар сарын 11-нд Зөв хөгжил нэртэй группэд “В.ПУТИН: ОХУ-ын тусгаар тогтнолд заналхийлдэг тэдгээр улсыг цөмийн зэвсгийг дэмждэг хэн ч байсан тэднийг ОХУ дайснаа хэмээн үзнэ. Гэтэл Монголчууд бид Цөмийн зэвсэгийн шар нунтаг Франц улсад өгөх гээд сууж  байдаг. Ямар нэгэн асуудал болоход Франц бидэнд ширхэг будаа сав ус өгөхгүй гэдгийг сана. Бид хоёр хөрштэйгөө эвтэй байх ёстой. Монголчууд газраа аваад нүүхгүй гэдэг нь тодорхой. Ураны асуудал дээр Монгол Улс сэтгэлийн хөөрлөөр биш маш болгоомжтой нухацтай бодолтой хандах ёстой шүү” гэх мэдээллийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны зурагтай хамт нийтэлжээ. Тус постыг нийт 47 реакц, 16 сэтгэгдлээр идэвхжүүлж, 102 удаа цааш түгээжээ.

Түгээсэн мэдээлэлд дурдсан агуулгаар хайхад “Путин: цөмийн зэвсгийг дэмждэг хэн ч байсан ОХУ-ын дайсан гэж үзнэ” гэж хэлсэн агуулгатай мэдээлэл илэрсэнгүй. Харин ОХУ-ын 2024 оны 11 дүгээр сард батлан шинэчилсэн “Цөмийн зэвсгээс сэргийлэх төрийн бодлого” баримт бичгийн тухай мэдээлэл ихээхэн түгжээ. Тухайлбал, Reuters, BBC агентлаг, Al Jazeera, Deutche Welle, Washington Post, CNN, Риа Новости, Ведемости зэрэг сайтад Цөмийн зэвсгийн тогтоолд оруулж буй Путины заалтын тухай мэдээлжээ. Путин аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлд хэд хэдэн тодруулга оруулах санал гаргасан тухай дурдсан ба “Баримт бичгийн шинэчилсэн найруулгад цөмийн зэвсэггүй аливаа улс цөмийн зэвсэгтэй улсын оролцоо, дэмжлэгтэйгээр Орос руу чиглэсэн түрэмгийлэл үйлдэх нь ОХУ-ын эсрэг хамтарсан дайралт гэж үзэх тухай тусгасан” гэж хэлсэн тухай онцолжээ.

2024 оны 11 дүгээр сарын 19-нд батлан гаргасан тус номлол нь цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх, аюул, эрсдэл болон цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлийн тодорхойлсон албан ёсны баримт бичиг юм. Тус баримт бичигт ОХУ-ыг боломжит дайснаа гэж үздэг цөмийн болон бусад төрлийн үй олноор нь хөнөөх чадалтай зэвсэг эзэмшдэг, ерөнхий зориулалтын хүчний томоохон байлдааны чадавхтай бие даасан улс, цэргийн эвслийг (блок, холбоо) болзошгүй дайсан гэж тодорхойлсон ба эдгээрт цөмийн зэвсгээс сэргийлэх арга хэмжээ авч буй тухай дурджээ. Мөн баримт бичгийн 11 дүгээр зүйлд “Цөмийн зэвсэггүй аливаа улс орон цөмийн зэвсэгтэй улсын оролцоо, дэмжлэгтэйгээр ОХУ, (эсвэл) түүний холбоотнуудын эсрэг түрэмгийллийг хамтарсан дайралт хэмээн үзнэ” гэж Путины хэлсэн агуулгыг тусгасан байна.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1998 онд “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталж байсан. Мөн хамгийн сүүлд 2024 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, баталжээ.

Монгол Улсын хувьд цөмийн зэвсэггүй статустай ба 2000 онд “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” хуулийг баталсан. Тус хуульд 4 дүгээр зүйлд цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдуулан хориглох зүйлсийг дурдсан. Үүнд

  • 4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн болон хуулийн этгээд, гадаад улс цөмийн зэвсэгтэй холбогдсон дараахь үйлдэл, үйл ажиллагааг явуулах, санаачлан хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхэд оролцохыг хориглоно:
    • 4.1.1. цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх буюу бусад аргаар олж авах, эзэмших, хяналтдаа байлгах;
    • 4.1.2. цөмийн зэвсгийг байрлуулах буюу аливаа хэрэгслээр тээвэрлэх;
    • 4.1.3. цөмийн зэвсгийг турших буюу хэрэглэх;
    • 4.1.4. цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхт материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгах.
  • 4.2. Цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглахаар бэлтгэгдсэн буюу үйлдвэрлэгдсэн цөмийн зэвсгийн эд анги, бүрэлдэхүүн, хаягдал болон бусад эд зүйлийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглоно” хэмээн заажээ.

Америкийн эрдэмтдийн холбоо, Норвегийн Олон улсын эрх зүйн академи зэрэг гаднын өргөн хүрээний мэргэжилтнүүд, байгууллагуудын оролцоотой “The Nuclear Weapons Ban Monitor” төслийн сайтад “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний дагуу уран олборлох, экспортлох хууль ёсны байдал” гэх мэдээлэлд уран олборлох нь цөмийн зэвсэггүй статусыг зөрчих эсэх тухай мэдээлжээ. Тодруулбал тус мэдээлэлд,

  • “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд (Treaty on the Prohibition of Nuclear Weapons) уран олборлох, экспортлох хууль ёсны асуудлыг шууд хөндөөгүй байдаг.
  • Олон улсын хуулиар цөмийн зэвсэг, тэсрэх төхөөрөмж, хөгжүүлэх, үүнд туслах зорилгогүй бол уран олборлох, экспортлох нь хууль ёсных юм. Цөмийн энергийг энх тайвны зорилгоор ашиглах нь 1968 оны зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний (Treaty on the Non-Proliferation Weapons) дагуу хамгаалагдсан ба Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээний удиртгал хэсэгт уг гэрээний аливаа заалтыг энэ эрхэд нөлөөлөхүйцээр тайлбарлаж болохгүй гэдгийг баталгаажуулсан. Тиймээс аль нэг улс Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-тай байгуулсан Хамгаалалтын гэрээний дагуу уран олборлож, цөмийн материалыг өөрөө ашиглах эсвэл энхийн зорилгоор өөр улсад өгч болно. Уран экспортлох тал тухайн материалыг цөмийн зэвсэг, төхөөрөмж бүтээхэд ашиглах магадлалтайг мэдээгүй бол ураныг экспортлохыг дээрх хоёр гэрээний аль аль нь хориглоогүй.”

Монгол Улс дээр дурдсан Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд нэгдэн орсон ба 2022 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн энэхүүн гэрээнд хуулийн дагуу үүрэг хүлээж эхэлсэн байна.

Шалгасан мэдээлэлд дурдсанчлан Путин цөмийн зэвсэг дэмждэг аливаа улсыг ОХУ-ын дайсан гэж үзнэ гэж шууд хэлсэн мэдээлэл байхгүй. Харин ОХУ-ын Цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх баримт бичигт “Орос руу цөмийн зэвсэгтэй улсын дэмжлэгтэйгээр түрэмгийлсэн тохиолдолд хамтарсан дайралт хэмээн үзнэ” гэх тухай мэдээлэл байна. Мөн Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай ба ураныг энхийн зорилгоор экспортлох боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“ОХУ-ын тусгаар тогтнолд заналхийлдэг тэдгээр улсыг цөмийн зэвсэг дэмждэг хэн ч байсан ОХУ дайснаа хэмээн үзнэ…” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Check document