Search

“Кофе уухад зохимжтой цагууд” гэх мэдээлэлд төөрөгдүүлсэн зураг ашиглажээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1398

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Стрессийн кортизол даавар өдөрт 3 удаа ид ялгардаг ба кофег 9-11, 13-17 болон 19 цагаас хойш уух нь зүйтэй” гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Кортизол дааврын хэмжээ сэрсний дараа оргил цэгтээ хүрч өдрийн турш аажмаар буурдаг. Өдрийн цагаар хоолны идсэний дараа богино хугацаанд өсдөг байна. Кофег кортизол даавар буух үед уухыг зөвлөдөг ч оройн цагаар уух нь нойргүйдэл, сэтгэл түгших зэрэг сөрөг нөлөөтэй.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 04 дүгээр сарын 16-нд MongKang Mongolia (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Кофе уух цаг гэж бий. Хүний тархи стрессийн гормон кортизол гэх бодис ялгаруулдаг бөгөөд энэ нь сэргээх үйлчилгээтэй. Кортизол нь хүний биед өглөө 8-9, өдөр 12-13, орой 17.30-18.30 цагийн үед ид ялгардаг. Тэгэхээр биед угаасаа кортизол ялгаран сэргээж байхад энэ цагуудад дээр нь кофейн нэмж ууж биеэ зовоож болохгүй. Учир нь дээрх цагуудад кофе ууж, кортизол кофейн хоёрыг хамт хэрэглээд байвал бие тань дасаад дараа нь хэдэн аяга кофе уугаад ч сэргэхээ больдог муу талтай. Ийм учир донтолт гэдэг зүйл болоод байгаа юм. Кофег өглөө 7 цагт биш 9,30-11,30 цагийн хооронд уу. Энэ үед кортизол амарч байдаг. Харин өдөр 13.30-17.00 оройтож унтдаг бол 19 цагаас хойш уух хэрэгтэй. Ийм шүү. 1. Сайн кофег 2. Зөв цагтаа уу” гэх мэдээллийг кофе уудаг ба уудаггүй хүний элэг гэх агуулгыг харуулсан харьцуулсан зурагтай нийтэлжээ. Тус мэдээллийг нийт 121 реакц, 6 сэтгэгдлээр идэвхжүүлж, 134 удаа цааш түгээсэн байна.

Кортизол дааврын түвшин сэрснээс хойш 30-45 минутын дараа оргил хэмжээндээ хүрдэг.

Кортизол нь бөөрний дээд булчирхайнаас ялгардаг стероид дааврын нэг төрөл юм. Кортизол нь биеийн стрессийн хариу урвалыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг ба цочмог буюу богино хугацааны, архаг буюу урт хугацааны, гэмтлийн үеийн стресс мэдрэх үед бие кортизол даавар ялгаруулдаг байна. Мөн бие дэх глюкозыг (сахар) эрчим хүч болгон ашиглахыг зохицуулах, үрэвслийн намдаах, цусны даралтыг зохицуулах, нойрны мөчлөгийг хянах зэрэг үүрэг гүйцэтгэдэг . Кортизол даавар хэт их, хэт бага байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Кортизолийн хоногийн хэмнэл: гидрокортизон орлуулах эмчилгээний шинэ дэвшил” судалгаанд 33 хүний дунджаар 24 цагийн хэмнэлийг буулгахад өглөөний 8:30 минутын орчимд (08:00-9:00) кортизол дааврын хэмжээ дээд цэгтээ буюу ойролцоогоор 399 нмоль/л байсан бол өдрийн турш аажмаар буурч шөнийн 02:00-03:00 цагийн  хооронд хамгийн бага буюу 50нмоль/л -иос бага хэмжээнд хүрч байжээ. Мөн судалгаанд хоол идсэний дараа кортизолын хэмжээ бага зэрэг нэмэгддэг ч энэ нь богино хугацааны нөлөө бөгөөд тогтвортой өсөлтийг илэрхийлдэггүй тухай дурдсан байна.

Кортизолын хэмжээ өдрийн турш ялгарах хэмжээг харуулсан график. Зургийн эх сурвалж: “Replication of cortisol circadian rhythm: new advances in hydrocortisone replacement therapy” судалгаа

2011 нийтлэгдсэн судалгаанд 18-70 насны 311 оролцогчоос кортизолын 8 хэмжигдэхүүнийг авч судалгаа хийжээ. Тус судалгаанд “кортизол нь өглөө сэрснээс хойш 30-45 минутын дараа дээд цэгтээ хүрч, дараагийн хэдэн цагт хурдтай буурч байгаад, үлдсэн хугацаанд аажмаар багассаар шөнө дунд хамгийн доод цэгтээ хүрдэг” хэмээн буулгажээ.

  • Кортизол даавар өглөө сэрсний дараа хамгийн их хэмжээгээр ялгарч, өдрийн турш аажмаар буурдаг байна. Харин хоол идсэний дараа богино хугацаанд кортизолын түвшин нэмэгддэг ч энэ нь тогтвортой өсөлт биш юм.

Кортизол дааврын түвшин өндөр үед кофе уух нь кортизолын хэмжээг улам ихэсгэх, стресс, түгшүүрийг улам нэмэгдүүлэх, цаашлаад удаан хугацааны хэрэглээ нь бие махбод кортизолыг багаар үйлдвэрлэхэд дасан зохицоход хүргэх магадлалтай.

Техас мужийн Хьюстон хотын тэргүүлэх Houston Methodist  эмнэлгийн эрүүл мэндийн хоол тэжээлийн мэргэжилтэн Кнубиан Гатлин кортизол даавар, кофены хэрэглээ, нойрны тухай мэдээлэл хуваалцжээ.

  • Тухайлбал, тэрээр “Кортизолын түвшин сэрсний дараа оргилдоо хүрдэг бөгөөд үүнээс үүссэн глюкоз шаардлагатай энергийг бий болгоход зарцуулдаг байна. Кофейн нь кортизолын түвшнийг нэмэгдүүлдэг. Гэхдээ өглөө бүр сэрсний дараа шууд кофе уух нь удаан хугацаанд бие махбод өөрийнхөөрөө кортизол багаар үйлдвэрлэхэд дасан зохицож магадгүй. Кофе сэргээх үйлчилгээтэй ч өглөө сэрснээсээ хойш 2 цагийн дараа кофе уухыг зөвлөж байна. Энэ нь таны бие эхлээд өөрийнхөө эрчим хүчний нөөцийг ашиглах боломжийг олгодог. 15:00 цагаас хойш кофе уух нь нойрны мөчлөгт нөлөөлж, тайван амрахад хүндрэлтэй болгодог.”

Хүн бүрийн кофеин хүлээж авах дотоод хариу урвал өөр өөр байдаг ба зарим хүний бие таатай хүлээж авдаг бол эсрэгээрээ илүү түгших, цочромтгой, уур уцаартай болох нь бий. Сэрээд шууд кофе уух нь стрессийн хариу урвалыг нэмэгдүүлж, түгших, цочромтгой, уур уцаартай болох нь бий. Урт хугацаандаа кортизолын байгалийн хэмнэлийг алдагдуулж болзошгүй. Иймд кортизолын түвшин бага үед кофе уух нь кофейны нөлөөг нэмэгдүүлж, кортизол дааварт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад тустай байдаг байна.

Мөн оройн цагаар кофе уух нь нойрны мөчлөг, амьдралын хэмнэлд нөлөөлж, сэтгэл түгшилтийг ихэсгэдэг. 2016 онд нийтлэгдсэн судалгаагаар унтахаасаа гурван цагийн өмнө double espressi уух нь нойрны мөчлөгийг 40 минутаар хойшлуулдгийг харуулжээ. Мөн кофейны хэт их хэрэглээнээс үүдэн сэтгэл түгших, нойргүйдэх, хоол боловсруулах эрхтний асуудал, булчингийн хямрал, донтолт, цусны даралт, зүрхний хэм ихсэх зэрэг олон сөрөг нөлөө илэрдэг. 

Кортизолын хэмжээ хэт их эсвэл бага байх нь эрүүл мэндэд нөлөөлөх учир хэвийн түвшинд барих нь чухал.

Кортизолын хэмжээ өндөр байх нь нүүр, хэвлий хэсгээр таргалах, далны хэсгээр өөхлөх, хэвлийн хэсгээр ягаан өнгийн язралт үүсэх, гар, гуяны булчин сулрах, цусан дахь сахрын хэмжээ өндөр байх, цусны даралт ихсэх, яс сийрэгжих гэх мэт шинж тэмдэг үүсгэдэг. Удаан хугацаанд кортизол дааврын хэмжээ өндөр явах нь Кушин синдром (Cushing syndrome) үүсгэдэг. Мөн кортикострероидын эм өндөр тунгаар хэрэгдэх, өнчин тархинд адренокортикотроп даавар ялгаруулдаг хавдар үүсэх (адренокортикотроп даавар нь бөөрний дээд булчирхайнаас кортизол даавар ялгаруулахыг өдөөдөг), илүүдэл кортизол үүсгэдэг бөөрний дээд булчирхайн хавдар зэргээс үүдэн кортизолын даавар өндөр байх, цаашлаад Кушин синдромын шалтгаан болдог байна. (NHS)

Харин кортизол дааврын хэмжээ хэт бага байхад ядарч сульдах, жин хасах, хоолны дуршил буурах, цусны даралт бага байх шинж тэмдэг илэрдэг. Мөн Адиссоны эмгэгийн үед (Addison’s disease) бөөрний дээд булчирхайгаас ялгарах кортизол дааврын хэмжээ хэт бага болдог байна. Аддисоны эмгэг нь бие махбодод зарим дааврыг хангалттай хэмжээнд үйлдвэрлэдэггүй үед ховор тохиолддог эмгэг юм.

Кортизолын хэмжээг хэвийн байлгахын тулд чанартай нойр авч, дасгал хөдөлгөөн хийж, гүнзгий амьсгалын дасгал хийх, стрессгүй эрүүл харилцаа бий болгож, хөгжилтэй байж, инээх нь чухал. (эндорфин ялгаруулж кортизолыг дарангуйлдаг)

Кофе хэрэглэдэг хүмүүс хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад элэгний фиброз, элэгний хатуурал үүсэх магадлал бага байгааг харуулсан судалгаа бий ч элэгний хатуурал үүсэхгүй байх баталгаа биш юм.

Түгээсэн мэдээлэлд “кофе уудаг элэг болон уудаггүй элэг” гэх харьцуулсан зураг хавсаргасан. Кофе уудаггүй гэж шошголсон зураг нь элэгний циррозыг дүрслэн харуулсан аж.

Элэгний хатуурал буюу цирроз нь олон шалтгаанаас үүдэн элэгний эрүүл эд сорвижиж, хэвийн ажиллахад саад учруулдаг. Фиброз гэж нэрлэгддэг уг сорви нь элгээр дамжих цусны урсгалыг хааж, шим тэжээл, даавар, эм, хорт бодисыг боловсруулах боломжгүй болгодог байна. Элэг нь бие махбодын байгалийн хоргүйжүүлэх системийн нэг хэсэг бөгөөд хорт бодисыг боловсруулж, шээс болон өтгөнөөр гадагшлуулах үүрэгтэй. Элэгний цирроз нь гепатит B, C вирус, архины өндөр хэрэглээ, элэгний өөхлөлт, дархлалын тогтолцооны хямрал, хорт бодис эсвэл удамшлын зарим өвчин зэргээс хамааран үүсдэг.

1994-1998 оны хооронд 458 хүний дунд явуулсан клиник туршилтаар кофены хэрэглээ нэмэгдэхийн хэрээр элэгний хатуурал үүсэх эрсдэл буурах үзэгдэл ажиглагджээ. Тодруулбал, огт кофе хэрэглэдэггүй хүний элэгний цирроз тусах магадлалыг 1 гэж үзвэл:

  • нэг аяга кофе уудаг хүнийх 0.47,
  • хоёр аяга уудаг хүнийх 0.23,
  • гурван аяга уудаг хүнийх, 0.21,
  • дөрөв болон түүнээс дээш аяга уудаг хүнийх 0.16 болтлоо буурсан үзүүлэлттэй байжээ.

Гэвч уг туршилтаар кофены хэрэглээ элэгний хатуурал үүсэх эрсдэлт хүчин зүйлийн (архины хэрэглээ, вирусийн халдвар гэх мэт) нөлөөг өөрчилдөг гэж баттай нотлоогүй байна.

2017 онд нийтлэгдсэн кохорт судалгаанд 2424 хүнийг хамруулсан ба ургамлын гаралтай цай, кофены хэрэглээ элэгний хатууралтай урвуу хамааралтай хэмээн дүгнэж, цаашид нарийвчилсан судалгаа шаардлагатайг дурджээ.

Кофены хэрэглээ элэгний фиброз, элэгний хатуурал үүсэх эрсдэлийг бууруулдаг: Мета-анализ” судалгаагаар 7 тохиолдол хяналтын, 9 кохорт судалгаа буюу нийт 16 судалгаанд дүн шинжилгээ хийжээ. Эдгээр судалгаанд кофе хэрэглэдэг 3034, хэрэглэдэггүй 132 мянган хүн хамрагджээ. Судалгааны үр дүнд кофе хэрэглэдэг хүмүүс хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад элэгний фиброз, элэгний хатуурал үүсэх магадлал бага байгааг харуулсан ба судалгааны дүгнэлтэд төөрөгдүүлэх хүчин зүйлийг хянахын тулд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай гэж дурджээ.

Архины бус шалтгаант элэгний өөхлөлттэй өвчтөнүүдэд хийсэн хөндлөн огтлолын судалгаагаар кофены өндөр хэрэглээ нь фиброз үүсэх магадлалыг багасгаж байгааг харуулсан. Гэвч кофе болон шинээр үүсэж буй архины шалтгаант бус элэгний өөхлөлттэй хамаарал илрээгүй байна.

Дээр дурдсан судалгаануудад кофе уудаг хүн, уудаггүй хүнтэй харьцуулахад элэгний хатуурал үүсэх магадлал бага байгааг харуулсан ч энэ нь үүсэхгүй байх баталгаа биш юм. Элэгний хатуурал олон хүчин зүйлээс шалтгаалан үүсэх боломжтой. Харин түгээсэн мэдээлэлд хавсаргасан зурагт кофе хэрэглэх нь огт элэгний хатуурал үүсгэхгүй мэт төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл  (архивласан хувилбар)

Эх сурвалжууд

Кливланд клиник-кортизол дааврын тухай мэдээлэл

Мэйёо клиник – Кушин синдромын тухай мэдээлэл

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны сайт

Мэйёо клиник-Адиссоны эмгэгийн тухай мэдээлэл

Кортизолийн хоногийн хэмнэл: гидрокортизон орлуулах эмчилгээний шинэ дэвшил” судалгаа

“Education and levels of salivary cortisol over the day in U.S. adults” судалгаа

Houston Methodist эмнэлэгийн сайт

“Effects of caffeine on the human circadian clock in vivo and in vitro” судалгаа

АНУ-ын Хүнс ба эмийн агентлагийн албан ёсны сайт 

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны сайт- Элэгний цироз

АНУ-ын Анагаах ухааны үндэсний номын сангийн сайт

Мэйёо клиник- Элэгний цироз

“Кофе, кофеин, элэгний хатуурал үүсэх эрсдэлтэй”клиник туршилт

“Кофе, ургамлын гаралтай цай хэрэглэх нь нийт хүн амын элэгний хөшүүн байдлыг бууруулдаг: Роттердамын судалгаа”

Кофены хэрэглээ элэгний фиброз, элэгний хатуурал үүсэх эрсдэлийг бууруулдаг: Мета-анализ

Coffee consumption and nonalcoholic fatty liver onset: a prospective study in the general population” судалгаагаар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Стрессийн кортизол даавар өдөрт 3 удаа ид ялгардаг ба кофег 9-11, 13-17 болон 19 цагаас хойш уух нь зүйтэй” гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document